Италийн хамгийн цуутай гэмт хэрэгтэнг Сицилиэс барилаа

30 жил эрэн сурвалжлагдсан, Италийн хамгийн цуутай гэмт хэрэгтэн “Чөтгөр” хочит Маттео Мессина Денарог өчигдөр Сицилид баривчиллаа. Цагдаа нар түүнийг Палермо хотын эмнэлэгт хорт хавдраа эмчлүүлэхээр хэвтээд байхад нь олж очсон аж. Баривчлах ажиллагаанд цагдаа, цэрэг нийлсэн 100 гаруй алба хаагч оролцжээ.
Олон улсад алдартай “Коза Ностра” бүлэглэлийн толгойлогчийг түүнийг гэж үздэг. Шүүхээс 2002 онд түүнийг эчнээгээр шүүж, олон удаагийн аллага, хүн амины хэрэгт нь бүх насаар хорих ял ногдуулж байв.
Түүний зохион байгуулсан аллагууд Италийн нийгмийг цочроож, жигшил төрүүлсэн нь цөөнгүй. Тухайлбал,
- 1992 онд мафиудтай эрс шийдвэртэй тэмцэж байсан прокурор Жованни Фальконе, Паоло Борселлино нарыг,
- 1993 онд Милан, Флоренц, Ром хотуудад бөмбөг дэлбэлсэн,
- Хууль сахиулах байгууллагын өндөр албан тушаалтны 11 настай хүүг хулгайлж, улмаар хөнөөсөн зэрэг болно.
Мессина Денаро нэгэнтээ алсан хүмүүс нь бүхэл бүтэн оршуулгын газрыг ч дүүргэж чадна гэж сайрхаж байсан гэнэ. Түүний тэргүүлдэг Коза Ностра бүлэглэл нь хүн хулгайлах, мөнгө угаах, хар тамхины худалдаа зэрэг хууль бус үйлдлээр дагнаж байжээ.
Түүнийг 23 жил эрэн сурвалжлагдсаны эцэст 1993 онд баригдсан, Корлеоне овгийнхны мафийн толгойлогч Тото Рийнатой дотно байсан гэдэг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.