ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн тойм, анализЭдийн засгийн уул уурхай

Зэсийн үнэ зэврэлээс гарав

Хөрөнгө оруулагчид, эдийн засагч, зах зээлийн шинжээчид энэ жилд инфляц, улс орнуудын бодлогын хүүгийн өсөлт, Хятадын "Тэг ковид" бодлогын улмаас эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байгаа хэмээн мэдээлж байсан билээ. Үүний улмаас дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш хэрхэх нь манайхтай ижил уул уурхайн экспортоос хамааралтай эдийн засгийн тогтолцоотой улсад зайлшгүй анхаарах зүйл билээ.

-Зэсийн үнэ сүүлийн хагас жилд байгаагүй өсөлтийг харууллаа-

Уналтад ороод байсан зэсийн үнэ он гарахаас долоо хоногийн өмнөхөн багахан өсөлтийг харуулсан. Тодруулбал, Хятад улс цар тахлын хорио цээрийн дэглэмийг үе шаттайгаар бууруулахаа зарласны дараа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр тонн тутамдаа 8456.5 ам.доллар болж буурч байсан зэсийн үнэ өнөөдрийг хүртэл найман хувиар өслөө.

Гол шалтгаан нь урд хөрш хилээ нээж магадгүй гэх мэдээлэл гарсантай шууд холбоотой хэрэг. Өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 11-ний байдлаар гэхэд л зэсийн үнэ таван өдөр дарааллан өсөж, тонн нь 9000 ам.долларыг давсан юм. Энэ нь 2022 оны зургаадугаар сараас хойш дээд цэгтээ хүрсэн үр дүн байв.

Түүгээр ч зогсохгүй Лондонгийн металлын биржид нэг тонн зэсийн үнэ 9185.5 ам.долларт хүрснээр идэвхтэй өсөлтийг харуулж байгаа юм.

Металлын зах зээлийн шинжилгээний "Argus Ferrus Markets" агентлагийн шинжээч Шухвасиа сар шинийн баярын дараагаар эрэлт улам ихсэх болно гэх таамаглалыг гаргасан байна. Учир нь сүүлийн саруудад зогсонги байсан Хятадын гангийн үйүлдвэрүүд металлын нөөцөө нэмэгдүүлж байгаатай холбоотой ажээ.

Шухвасиагийн хувьд зэсийн үнийн өсөлтөд дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр "Энэхүү үнийн өсөлт нь түр зуурынх хэмээн таамаглаж байгаа. Учир нь түүхий эдийн эрэлтийн гол цөм болсон Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт одоогоор сэргэлт ажиглагдахгүй байгаатай холбоотой" гэсэн юм.

-"Рио Тинто" зэсийн гарцын төлөвөө нэмэгдүүлж, 710 мянган тонн болгов-

"Рио Тинто"-гийн хувьд өнгөрсөн онд буюу 2022 онд 521 мянган тонн зэс үйлдвэрлэсэн. Тус компани "Оюу Толгой" зэсийн төсөлд эзэмших хувиа 66 хувь болгож хоёр дахин өсгөснөөр зэсийн гарцын төлөвөө нэмэх шийдвэрийг гаргасан юм.

Тодруулбал, тэд 500-750 мянган тонн зэсийг 2023 онд үйлдвэрлэнэ гэж 2022 онд төсөөлж байсан юм. Гэвч энэ онд 650-710 мянган тонн олборлоно хэмээн өөрсдийн төсөөллөө нэмжээ.

"Оюу Толгой"-н гүний уурхайн төслөөс 2023 оны эхний хагаст хүдэр буулгуурын ажил эрчимжихээс гадна "Панел 0"-ийн тогтвортой үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу явах юм. Харин "Панел 1", "Панел 2"-ын судалгааны ажлыг энэ оны эхний хагаст багтаан дуусгах хэвээр байгаа гэдгээ "Рио Тинто"-гоос мэдээллээ.

-Зэсийн үнэ цаашид ч өсөх нь манай улсад ашигтай-

Зэсийн үнэ энэ оны эцэс гэхэд тонн нь 11.5 мянган ам.долларт хүрч магадгүй хэмээн "Goldman Sachs"-ийн Түүхий эдийн судалгаа хариуцсан захирал Жефф Курри Блүүмбергт өгсөн ярилцлагадаа онцолсон. Тиймээс зэсийн үнэ цаашид ч өсөх хүлээлттэй байгаа гэдгийг барууны хэвлэлүүдээр дурдаж буй.

Оны өмнө олон улсын шинжээчдийн таамаглалаар нэг тонн зэсийн үнэ 8400 орчим ам.доллар байна хэмээн таамаглаж байв. Учир нь дэлхий даяар эрэлт буурч, нийлүүлэлт нэмэгдсэнээр зэсийн үнэ өсөхгүй гэх хүлээлттэй байсан юм.

Одоогоор өсөж буй хэдий ч хөөсрөлт байх магадлалтай хэмээн үзэж буй зах зээлийн энэхүү зураглал нь хэтдээ үргэлжилбэл манай улсад таатай байх магадлалтай. Учир нь манай улс энэ жилийн улсын төсөвтөө нэг тонн зэсийн үнийг 8400 ам.доллароор тооцоолсон байдаг. Экспортын хувьд ашигтай нөхцөл байдал үүсэх эхний алхам бий болж буй. Магадгүй манай улсын төсвийн тооцоолол оновчтой байсныг ч үгүйсгэхгүй.

Гэвч цаашид ч зэсийн үнэ өсөлтийн байдлаа хадгалах эсэхийг таамаглах аргагүй. Учир нь дэлхийн түүхий эдийн зах зээлд БНХАУ-ын нөлөө их байгаа. Хэдийгээр тус улс хилээ нээсэн ч халдварын тохиолдол нэмэгдсээр байвал ирэх улиралд эрсдэл нэмэгдэх юм. Түүгээр ч зогсохгүй Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар уналттай байгаа нь зэсийн үнэд нөлөөлнө хэмээн үзэж буй. Тэр хэрээр зах зээлийн савлагаа өснө.

Юутай ч одоогоор эерэг дүр төрхтэй байгаа зэсийн үнийн өсөлт хөөсрөлт байсан эсэх нь удахгүй тодорхой болно биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button