Нийгмийн

Хууль: Цахим сүлжээгээр дамжуулан хүний эрхэд халдвал хариуцлага тооцдог болно

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Хуулийн төсөл нь зургаан бүлэг, 12 зүйлтэй байх бөгөөд зарим зохицуулалтаас дурдвал:

  • Цахим сүлжээ ашиглан залилсан, хүнийг заналхийлсэн, доромжилсон, гүтгэсэн, эсхүл хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга бүхий үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан, хүүхдийн бие махбод, оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц дарамт үзүүлсэн, уриалсан, сурталчилсан мэдээллийг зөрчилтэй контентод тооцох
  • Хүчирхийлэл, садар самуун, хүнийг амиа хорлох, өөрийн бие махбодод гэмтэл учруулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхийг уриалсан, сурталчилсан, хувь хүн буюу тодорхой бүлгийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан, дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан зэрэг мэдээллийг зөрчилтэй контентод хамааруулах
  • Зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн олон нийттэй харилцах нэгж нь хүлээн авч, 72 цагийн дотор хянан хариу өгнө. Ингэхдээ хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хүсэлтийг шийдвэрлэж, шийдвэр, зөвлөмж, шаардлагыг ногоон сувгийн үйлчилгээ эрхлэгч болон олон нийтийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид хүргүүлэх, эсхүл харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлж, хамтран ажиллах
  • Мөн олон нийттэй харилцах нэгж нь зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ лавлагаа, тодорхойлолт, тайлбар гаргуулан авах, шинжээч ажиллуулах, ХЭҮК-ын саналыг авч болохоор тогтоосон.
  • Олон нийттэй харилцах нэгж нь олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалах, хохирох эрсдэлийг бууруулах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор хүн, хуулийн этгээдийг соён гэгээрүүлэх чиглэлээр Харилцаа холбооны Зохицуулах хороотой хамтран олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс үүсэх хор аюулын талаар таниулах ажлыг олон нийтэд тасралтгүй явуулах, түүнээс урьдчилан сэргийлэх арга барилд сургах чиглэлээр сургалт, сурталчилгаа тогтмол зохион байгуулах, олон нийтийн сүлжээнд өөрийгөө болон бусдыг хамгаалах зан суртахуун, хандлага, чадварыг бий болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах зэрэг нөлөөллийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхийг төсөлд тусгажээ. 

Монгол Улс олон улсын хэмжээнд кибер аюулгүй байдлын нөхцөл байдлаараа 2020 онд 194 орноос 120 дугаарт, цахим засаглалын кибер аюулгүй байдлын индексээр 160 орноос 123 дугаарт эрэмбэлэгдсэн. Сүүлийн жилүүдэд манай улс руу чиглэсэн интернэт хандалтад халдлагын шинжтэй урсгалын эзлэх хэмжээ нэмэгдсээр байна гэдгийг хууль санаачлагч УИХ-ын Н.Учрал хэлсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр "Цагдаагийн байгууллагын тоон мэдээллээр 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн нийт 8,563 гэмт хэргийн 6,865 буюу 80.2 хувь нь Улаанбаатар хотод, 1,695 буюу 19.6 хувь нь орон нутагт, 0.04 хувь нь бусад газар буюу хилийн чанадад үйлдэгдсэн байна.

Гэмт хэргийн төрлөөр нь ангилж үзвэл

  • Залилах,
  • Худал мэдээлэл тараах,
  • Кибер орчинд хууль бусаар халдах,
  • Хулгайлах, заналхийлэх,
  • Мөрийтэй тоглоом зохион байгуулах,
  • Хөрөнгө завших,
  • Хувь хүний нууцад халдах зэрэг цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлж байна.  

Дээр дурдсан цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн төрлөөс сүүлийн нэг жилийн хугацаанд залилах гэмт хэрэг 99.8 хувиар, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 95.2 хувиар, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг 70.7 хувиар, хулгайлах гэмт хэрэг 37 хувиар, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг 18.5 хувиар өссөн.

Иймд цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг, зөрчилтэй контентыг хязгаарлах, хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх зүйн зохицуулалтыг шинээр боловсруулах шаардлагатай байна" гэлээ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-18 17:47

Хэрэгжихгүй хууль өргөн барьж мөнгө цохиж суухаар цахимжуулах асуудлын наад захын ажлаа хий. Улсын бүртгэлээ чаддаггүй юм гэхэд ядаж энд тэнд Иргэний үнэмлэх канонддогоо больчихож болохгүй юу. Дүнжингаравын 1 цэг дээр канондсоор байх юм.

Энэ мэдлэггүй гэдэг нь харагддаг.
Энэ мэдлэггүй гэдэг нь харагддаг.
2023-01-19 03:35

72 цагийн дотор ч гэх шиг. Мэдлэггүй, туршлагагүй хүн. Гол нь ийм боломжгүй хэсгийг хасч засч з##руулах чад##тай УИХ дарга байхгүй. Хуульчид мэргэжлийн хүмүүс байхгүй хэдэн тэнэгүүд нь шүүлтүүргүй шууд бат##на.

Энэ мэдлэггүй гэдэг нь харагддаг.
Энэ мэдлэггүй гэдэг нь харагддаг.
2023-01-19 03:36

Цахим м## гэж хүмүүсийг доромжилсноороо өөрөө анхны зөрчигч болж торгуулаарай.

Холбоотой мэдээ

Back to top button