УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Танилц: Авлига, албан тушаалтныг өршөөхгүй байх 22.1 дүгээр зүйлийг дагаж орж ирэх өөрчлөлтүүд

Нүүрсний хулгайн гэх асуудал өрнөж, жагсагчид “Нэрсээ зарла, хариуцлага тооц” хэмээн шаардаж эхэлсэн. Үүний дараа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгахаар Эрүүгийн хуулийн хэд зүйл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт хийж, 2022.12.16-ны өдөр баталсан байдаг. Тэдгээр өөрчлөлтүүд өнөөдрөөс /2023.01.20/ эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх нь.

Иймд чухам ямар, ямар өөрчлөлт оруулсныг багцлан хүргэж байна.


Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт:

/Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг/

-22 дугаар зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулах ялын санкцаас торгох ялыг бүхэлд нь хасав.

-22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлага адил хэмжээтэй оногдуулахаар заасан байсан давхардал, зөрчлийг арилгаж оногдуулах ялыг ялгамжтай болгов.

-22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээс зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ял 2-5 жил байсныг 2-8 жил, хорих ял 1-5 жил байсныг 2-8 жил болгон нэмэгдүүлэв.

-22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектэд улс төрд нөлөө бүхий этгээдээс гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтныг хамааруулан өргөжүүлж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 5-8 жил байсныг бүх насаар хасах, хорих ялын хэмжээ 2-8 жил байсныг 5-12 жил болгон тус тус чангатгав. 


Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт:

/Хахууль авах гэмт хэрэг/

-Хахууль авах гэмт хэргийг Нийтийн албан тушаалтан хахууль авах /22.4 дүгээр зүйл/, Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах /Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйл/ гэж субьектээр нь ялгаж, оногдуулах ялын бодлогод өөрчлөлт оруулав.

-22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт оногдуулах ялаас торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус хасав.

-22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль /нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг/ авсан бол уг оногдуулах ялаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 8 жил хүртэл байсныг 5-8 жил, хорих ялын хэмжээ 2-8 жил байсныг 5-12 жил болгон тус тус нэмэгдүүлэв.

-22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялыг бүх насаар оногдуулж, хорих ялын хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жил болгон чангатгав.


Эрүүгийн хуулийн 22.6 дугаар зүйлд оруулсан өөрчлөлт:

/Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах гэмт хэрэг/

-22.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлагаас торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 3 жил хүртэл байсныг 2-5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар нэмэгдүүлэв. 


Эрүүгийн хуулийн 22.7 дугаар зүйлд оруулсан өөрчлөлт:

/Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх гэмт хэрэг/

-22.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд оногдуулах ялаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 3 жил хүртэл оногдуулахаар байсныг 2-5 жил байхаар нэмэгдүүлэв. 

-Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2-8  жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах нэмэлтийг тусгав.


Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлд оруулсан өөрчлөлт:

/Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг/

-22.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол энэ гэмт хэрэгт тооцох тайлбарыг нэмж хуульчлав.  

-22.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад заасан улсын төсвийн, өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтад шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж хөрөнгө завшсан гэмт хэрэгт оногдуулах ялын нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 3 жил хүртэл байсныг 2-5 жил хүртэл хугацаагаар нэмэгдүүлэх өөрчлөлтийг тусгав. 

-22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах нэмэлтийг тусгалаа. 


Эрүүгийн хуулийн 22.9 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт:

/Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг/

-22.9 дүгээр зүйлд заасан Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд оногдуулах ялд нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах нэмэлтийг хуульчлав. 


Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд оруулсан өөрчлөлт:

/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг/

-22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд оногдуулах ялаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 2 жил хүртэл байсныг 2-8 жил, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын хугацаа 6 сараас 3 жил байсныг 1-5 жил болгон ялын бодлогыг чангатгав. 

-Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн гэсний “их хэмжээ” гэдэгт нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгох тайлбарыг нэмэв. 

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын санкцаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 2-5 жил хүртэл байсныг бүх насаар хасахаар нэмэгдүүлж, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял 1-5 жил хүртэл байсныг 2-8 жил хүртэл болгон чангатгалаа. 


Эрүүгийн хуулийн 22.11 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт:

/Дураараа аашлах гэмт хэрэг/

-22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан дураараа аашлах гэмт хэргийн шинжийг тодорхой болгож нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан бол гэмт хэрэгт тооцохоор, энэ гэмт хэрэгт оногдуулах нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 2 жил хүртэл байсныг 2-5 жил хүртэл болгон нэмэгдүүлж, бусад ялын хэмжээг хэвээр үлдээв. 

-Дураараа аашлах гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамааруулж, нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялыг 1-5 жил хүртэл хугацаагаар оногдуулах нэмэлтийг хуульчлав. 


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх авлигын гэмт хэрэгт:

-Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдэх гэмт хэрэг

-Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдэх гэмт хэрэг

-Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдэх гэмт хэрэг.  


Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль

-Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгадаг байсныг  Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн Авлигатай тэмцэх газар шалгах өөрчлөлтийг хуульчиллаа.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-19 18:13

ГҮЙ ЭЭ ЭНЭ БУРУУ БАЙНАА АВИЛГА АВСАН ӨГСӨН ХОЁР БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ЭТГЭЭДҮҮДИЙГ ЭЭЖИД НЬ ААВД НЬ ЭХНЭР ХҮҮХДЭД НЬ МӨРГҮҮЛЖ БАЙГААД БАРУУН НАРАНГИЙН ОРШУУЛГЫН ГАЗАР АВААЧААД ШУУД БУУДНАА ГЭЖ ЗҮЙЛЧЛЭЭЧЭЭ ТЭГВЭЛ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН БӨГСДӨЖ ДЭЭШИЛДЭГ ХУЛГАЙЧ НАР НАМ БОЛНО. ГАНЦ ХОЁР БӨГСДҮҮЛЖ ХУДЛАА ДООР НЬ ОЙ ЁО ЁО ЯМАР ГОЁ ЮМ БЭ? БИ ИНГЭЖ ДУР ХАНАЖ ҮЗЭЭГҮЙ ГЭЭД ОРИЛООД ХЭВТЭЖ БАЙГАА ШУЛМАС БУЗАРТСАН НҮХЭЭ Ч УГААХГҮЙ ТӨРИЙН АЛБАНД ОЧООД ДАХИАД Л НӨГӨӨ АРГАА ХЭРЭГЛЭЭД ЯВАА НЬ АВИЛГЫН ТОМ ХЭЛБЭР БИЗ ДЭЭ? ЭНИЙГ БӨГСНИЙ АВИЛГАЛ ГЭЖ ЗҮЙЛЧЛЭЭРЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button