Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлагаУРЛАГ

Г.Батсуурь: "Утгын чимэг"-ийн өгүүллэгүүдийг уншаад арван жилийн хүүхэд ч ийм юм бичихгүй дээ гэж бодсон

Зохиолч, яруу найрагчдын дунд “Болор цом”, “Утгын чимэг” хэмээх хоёр наадам болдог. Сүүлийн жилүүдэд “Болор цом”-ыг л хэл ам дагаж байсан бол өнөө жилийн “Утгын чимэг” хогийн чимэг боллоо хэмээн бас л хэл амны бай болов.  

Энэ наадмыг хүнээр яривал 32-той.  Жагдалын Лхагва, Санжийн Пүрэв, Далхаагийн Норов, Балжирын Догмид, Цэндийн Доржготов гээд үргэлжилсэн үгийн сод хүмүүс энэ л наадамд өгүүллэгээ сойж, уралдуулж явсан түүхтэй.

Ер нь монголын уран зохиол цаашид хэрхэх вэ. Бид хаашаа яваад байна вэ гэх агуулгаар утга зохиол судлаач, шинжлэлч доктор Гончигийн Батсуурьтай ярилцлаа.


-"Утгын чимэг" наадмын шилдэг аравт багтсан өгүүллэгүүдийг "Хар массын халтар романуудаас долоон дор" хэмээн та дүгнэсэн байсан. Тэдэн дотроос хамгийн дөнгүүр нь хэнийх байв?

-Өгүүллэгүүдийн чанар муудаж байна. П.Баярсайхан, П.Норов, Ц.Доржготов гээд том, том зохиолчид оролцдог байхад чанар, чансаатай наадам байж.  Энэ жилийн шилдэгт багтсан өгүүллэгүүдийг хоёр зааглаж үзмээр санагдсан.  Нэг хэсэг нь нүүдэлчний амьдралын тухай бичсэн байсан. Харин нөгөө хэсэг нь суурин амьдралын хэв маягтай юм бичсэн байна лээ. Уран зохиол шинэчлэгдэж байна. Хөдөөгийн амьдрал, нүүдэлчний реализм гэж бидний томьёолоод байгаа бүтээлүүд залуу үеийнхэнд ойлгомжгүй, сонирхлыг нь татахгүй хандлагатай болж байна. Үүнийг бид бас тооцох хэрэгтэй.

Энэ жилийн өгүүллэгүүдийн алдаа бол логикгүй, үнэмшилгүй, хэтэрхий зохиомол. Энэ нь өгүүллэгийн чанарыг муутгаж байна. Эдэн дотроосоо арай гайгүй дөнгүүр нь гэвэл Д.Цэнджав, С.Баттулга нарынх юм даа. Ядаж нэг логиктой бичсэн байна лээ.

-82 бүтээлээс арвыг нь шалгаруулж авч үлдсэн гэх. Өгсөн өгүүллэгүүд нь угаас ийм муу байгаад, байж болохыг нь л авч үлдэв  үү. Эсвэл шүүгч нартаа учир байна уу. Энэ манай нутаг усных юм, энэ мөнгөтэй хүн юм гэх имижээр аваад үлдчихсэн юм биш үү гэж л...?

-Миний хувьд “Утгын чимэг”-ийг шүүж үзээгүй. “Алтан өд”, “Болор цом” хоёрыг л шүүж байсан. Энэ жилийн “Утгын чимэг”-ийг шүүсэн хүмүүсийн нэрийг харсан. Би бол шүүгч нарт асуудал байхгүй л гэж бодож байгаа. Угаас нууцлалаар кодолж өгөөд уншуулдаг юм. Ер нь бол эхний даваан дээр шүүгч нар танил тал, нутаг ус гээд дэмжээд байдгийг мэдэхгүй юм. Шүүгч нарыг ирсэн өгүүллэгүүдээс арай дөнгүүрийг нь сонгож авсан байх гэж итгэж байгаа.

-Энэ жилийн “Утгын чимэг”-ийн шүүгчдийн бүрэлдэхүүнд хэр зөв хүмүүсийг оруулсан байна гэж харсан бэ?

-Зохиолчдын байгууллага наадмуудынхаа шүүгчээр энэ жилээс судлаач, шүүмжлэгч нарыг түлхүү оруулдаг болоод байгаа. Тэр нь ч ер нь зөв байх. МЗЭ-ийн дэргэд Үргэлжилсэн үгийн үндэсний төв гэж бий. Тэндээс хүмүүс орж шүүсэн байна лээ. Бусад нь судлаач, шүүмжлэгч, докторууд байсан. Ер нь бол зохиолч, уран бүтээлч хүмүүс шүүхээс илүүтэй судалгааны талын хүмүүс шүүвэл арай илүү өргөн харна байх гэж боддог.

-МЗЭ-ийн толгой нь эмэгтэй хүн байгаа хэрнээ “Болор цом”, “Утгын чимэг” наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд нэг ч эмэгтэй хүн багтаасангүй?

-Би бол сүүлд болсон “Болор цом”-ыг шүүсэн. “Болор цом” болох өдөр нь  л шүүнэ гэдгээ мэдсэн. Гэхдээ ер нь хүйсийн харилцааг бодолцож үзэх хэрэгтэй. Нэг л асуудал бий. Манайд чинь шүүмж бичдэг эмэгтэй хүн их цөөхөн байдаг. Дандаа суурь судалгааны чиглэл рүү л яваад байдаг.

Миний хувьд энэ жилийн “Болор цом”-ыг шударга болсон гэж харж байгаа. Өөрөө шүүгчээр нь суусан болохоор ингэж хэлж байгаа юм биш. Бид шүлгүүдийг цаасаар авч үзсэн. Тэгээд харьцуулж уншиж байгаад оноо тавьсан.

Би угаасаа хоёрхон удаа л “Болор цом” шүүж үзсэн. Б.Баттулга, М.Амархүү нарыг түрүүлсэн жил шүүсэн. Энэ жилийн “Болор цом”-ын шүүж байхад надад “тэрийг бодоорой” гэсэн элдэв захиас ирээгүй. Тийм захиас сонслоо ч нөлөөнд нь автахгүй. Шүлэг, яруу найраг, уран зохиолыг шүүмжилдэг хүн чинь өөрөө шударга бус, хүмүүсийн захиасыг биелүүлэгч болж хувирвал бичдэг юм маань тэр чигээрээ утга, учиргүй болно шүү дээ.

-Өнөө жил Архангайн найрагч “Болор цом” өргөсөн.  Та Архангайнх. Архангайгаас гурван шүүгч суугаад, аймгийнхаа яруу хүнд өгчихлөө гэх хардлага гарсан. Үүнд тайлбар өгөх нь зүйтэй байх?

-Ийм хардлагууд байж болно шүү дээ. Ямар ч наадам хардлага дагуулдаг. Шүүмж бичдэг гэдэг утгаар л намайг суулгасан гэж ойлгож байгаа.  

-“Болор цом”-д Чингис хааны тухай шүлэг өгөхийг шаардсан байсан. Яг ийм л юмны тухай бич гээд, яруу найргийг хайрцаглах гээд байгаа нь хэр зөв юм бэ?

-Буруу. Их утгагүй юмнууд уншигдсан. Бид хуучнаасаа салж чадахгүй байгаагийн нэг илрэл нь энэ юм. Удирдлага нь ч тэр, зохиолч нар нь ч тэр хуучнаасаа салаагүй л байна гэсэн үг. Шүлгийг чинь онгодоор бичдэг болохоос биш гарчиг тавиад биччихдэггүй юм шүү дээ, уг нь.

-Ер нь уран зохиолын салбар, манай зохиолчид хаашаа яваад байна вэ?

-Чи бод доо. “Утгын чимэг”-ийн шилдэг аравт авч үлдсэн өгүүллэгийн бараг 6-7 нь муу өгүүллэг байсан. “Дардас” гээд өгүүллэг ямар ч утгагүй. “Тэргүүний малчин” гэсэн тэмдгээ булчихаар уул уурхайгаа ухахаа болчихно гэх. Арван жилийн хүүхэд ч ийм юм бичихгүй. “Алтан зуузай” гээд бас нэг өгүүллэг байсан. Амгай зуузай дуугараад охин дээр нь орж хонож, авгайгаа болгож чадсангүй ч гэж байх шиг. Мэдрэл муутай юм шиг юмнууд бичсэн байна лээ.

Хатуухан хэлэхэд, юм бичиж байгаа хүмүүс өөрсдөө уншихгүй байна. Дэлхийн сонгодог өгүүллэгүүдийг хэвлэлийн газрууд янз бүрийн цуврал болгон орчуулж гаргаж байна. Түүнийг уншаад дэлхийн чиг хандлага хаашаа чиглээд буйг мэдээд авчих боломжтой юм шүү дээ, уг нь. Их унших юм бол сайн л бичнэ. Ийм л хууль үйлчилж байгаа. Ер нь бол өөрийнхөө үндэстнийг л дэлхийд таниулж чадаж байвал тэр сайн зохиол. Тэгэхгүй бусдыг дуурайж, бусдын тухай, логикгүй, ургүй юм бичээд нэмэргүй.

-Уншихгүй байна гэлээ. Зохиолчдын, залуусын унших, бичих дадал ковидын үед унтчихсан юм шиг ээ?

-Ковидтой ч нэг их холбоогүй болов уу. Манайхны нэг хандлага бий дээ. Бусдыг уншихгүй. Зөвхөн өөрийгөө л бодоод уншаад байдаг. Нэг юм биччихээд түүнийгээ сайн болчихлоо гэж бодоод, тэр  хүрээндээ байгаад байдаг.

Бичиж байгаа залуус хоорондоо их адилхан байна. Шүлэг ч тэр. Хоорондоо адилхан байх л хамгийн буруу байдаг. Ер нь өөрийгөө олохгүй байна гэсэн үг л дээ. 1980-аад оныхон бол хоорондоо өөр байсан. Тэд сайн байсан байж магадгүй. Муу байсан ч байж магад. Тэр нь нэг их сонин биш. Хамгийн гол нь хоорондоо өөр байсан. Тиймээс хоорондоо өөр байх хэрэгтэй. Өөрийгөө олох хэрэгтэй.

-Бүгдээрээ л адилхан юм бичээд буй нь юутай холбоотой юм бэ?

-Яахав үе, үеэрээ хоорондоо адилхан байдаг. Гэхдээ зохиолч хүн ондоошно, өөр байна гэдэг унших бас их бодох.

-Та зохиолч Б.Шүүдэрцэцэгийн бүтээлд шүүмж бичиж, шүүхэд дуудагдаж байсан удаатай. “Утгын чимэг”-ийн өгүүллэгүүдэд бичсэн шүүмжийг тань уншаад холбогдсон, шүүхэд өгнө гэсэн хүн байх юм уу. Ер нь таны бичсэн шүүмжид зохиолч нар гомдоод, шүүхэд хандаад буйг юу гэж хардаг вэ?

-Сая шүүмж бичсэнээс хойш холбогдож, хандсан хүн байхгүй. Манайхан чинь их сонин. Над руу шууд хандахгүй. Шавь нар болон найз нөхөд рүү хэлдэг. Шүүмж бичээд зохиолч сайжирдаг уу гэвэл хоёр талтай байх. Ихэнх нь сайжирдаггүй юм дөө. Харин тэр шүүмжийг уншиж буй залуу зохиолчдод санаа, сэдэл болдог. Тэр тэгж бичээд шүүмжлүүлсэн. Тэгэхээр би ингэж бичиж болохгүй юм байна. Өөр юм бичье гэдэг ч юм уу. Дараагийн үеийнхэнд санаа, сэдэл болдог нь шүүмжийн хамгийн чухал нь.

Гэхдээ саяын “Утгын чимэг”-ийн өгүүллэгийг уншаад, өгүүллэг бичдэг даацтай бичдэг хэд маань бурхандаа явах нь яваад, өгүүллэгийн орон зай хоосорч байгаа юм байна гэх дүгнэлтэд хүрсэн. Нэг тийм завсрын үе гарч байх шиг байна. Гэхдээ залуучууд бичээд, сайжраад хойноос нь гараад ирэх байх.

21 дүгээр зуунд товчхон байх л их чухал болчхоод байна. Энэ үед хамгийн тохиромжтой төрөл болох өгүүллэг моданоос гарахгүй л болов уу. Аяндаа цэгцэрч, сайжирна байх. Залуустаа хэлэхэд илүү товчхон бич. Баримтат зохиолын эрин үе ирж байгаа учир илүү баримттай, эсээ хэлбэрийн зохиолууд илүү их бичигдэх байх гэж бодож байна. Одоо нэг хэсэг хүмүүс богино өгүүллэг л бичээсэй.

-“Болор цом”, “Утгын чимэг”-ээс  залуу үе зугтааж, дөлдөг болсон. Оны өмнөхөн зохиолч, яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Алтан-Өд”-өө хүртэл буцааж өглөө. Энэ бүхнийг эрүүлээр харахаар МЗЭ гэх байгууллагад бүх учир нь байгаа юм шиг ээ. Та үүнийг хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй. Жишээлбэл, өнгөрсөн жилийн “Болор цом”-оос болж баахан хэл ам гарсан. Үүнээс үүдээд зарим нь зугтааж байж магад. Гэхдээ ийн юмсаас зугтаах нь зарим зохиолчийн нарын өөрийнх нь онцлог байж ч мэдэх. Энэ нь зохиолчийн ертөнцийг үзэх үзэлтэй холбоотой шүү дээ. Ер нь тэглээ ч ямар нэгэн юмны гишүүн байхаараа сайн, болихоороо муу зохиолч болчихгүй байх. Зохиолч өөрөө авьяастай, чадвартай бол хамаагүй шүү дээ.

Ц.Дэлгэрмаа энэ байгууллага муу юм чинь би гарлаа гэх байдлаар хандаагүй байх. Зохиолчийн ертөнцийг үзэх үзэл, зохиолч зарчимдаа үнэнч байна гэдэг их чухал байдаг. Тийм учраас Ц.Дэлгэрмаа татгалзаж байгаа байх. Түүнд нь харин ч баяртай байгаа. Илүү сайн юм бичих болов уу гэж бодож байна.

-Гэхдээ нөгөө талд өөрсдөө дотор нь орж байж өөрчлөх хэрэгтэй юм байна гэх залуу үеийнхний хувь мэдрэмж нь сэрж байх шиг байна?

-Би шүүмжлээд сууж байхаар нэг удаагийн ч болов  “Болор цом”-ыг шүү гэвэл шударга шүүгээд, оролцоогоо бодит болгоё л гэж боддог. Учиргүй би шүүе гэхгүй ч шүү гэсэн саналаас татгалздаггүй. Бас хүмүүс “Болор цом”-ыг байх хэрэггүй гэж шүүмжилдэг. Би харин үүний эсрэг бодолтой хүн. Яадаг юм, уран зохиолын бүтээгдэхүүнийг борлуулах бас нэг хэлбэр шүү дээ чинь. Зохиолч, сонсогч, уншигчийн уулзах цэг болж байна, тэр тайз гээч. Тэр утгаараа байх л ёстой. Би “Болор цом”-ыг үзэх ч дуртай, шүүмжлэх ч дуртай. Дотор нь ороод ажиллаад үзье ч гэж боддог. Түүн шиг залуус шүлгээ, өгүүллэгээ өгөхгүй зугтаах биш тэр байгууллага руу ороод, өөрсдийн дуу хоолойгоо гаргаад яваасай гэж боддог. Тэгвэл Монголын утга зохиолд л хэрэгтэй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин хнөмхийнүүд гэнэ
Зочин хнөмхийнүүд гэнэ
2023-01-20 10:52

болор цомд ч гэсэн олигтой яруу хэллэг найруулга ##га байсан шүү. Амархүүгийн тэр түрүүлсэн шүлэг бол Монголын нэг өдөр сэдвийг хуулбарлаж энгийн ямар ч утгагүй үгийн цуглуулга л байсан, хэн чгэсэн гэр, хашаа, хот эгрийн орчны бүх зүйлийг тоочоод бичвэл чадна.

Зочин
Зочин
2023-01-20 14:42

Сайн багш шүү

хүннү
хүннү
2023-01-20 15:16

За даа Манай яруу найраг, өгүүллэг, роман, тууж хөг нь өнгөрсөн байнаа. Иргэд маань одооны з##уучуудын бичсэн дээрх бүтээлүүдээс илүү хуучцуулын зохиолыг унших дуртай байдаг. Тэдний бүтээл “шар тос” л гэсэн үг.

хүннү
хүннү
2023-01-20 15:24

За даа Манай яруу найраг, өгүүллэг, роман, тууж хөг нь өнгөрсөн байнаа. Иргэд маань одооны з##уучуудын бичсэн дээрх бүтээлүүдээс илүү хуучцуулын зохиолыг унших дуртай байдаг. Тэдний бүтээл “шар тос” л гэсэн үг.

Зочин
Зочин
2023-01-20 19:49

Xuuchin ueiin zoxiolchidiin zoxiol buteeluud ni ugsiin san bayalag uran goe xelleg zergeeree denduu yarii tansag baidag

Зочин
Зочин
2023-01-20 22:14

Урьд үзэх юмгүй жа## сонирхолтой бөйсан. Өнөө цагт цэцэн үгийн цуглуулага, замбараагүй үгийн цэцэрхэл хэнд ч хэрэггүй болж уран яруу үгсийн бөөгнөрөл утгаа ##дсаан. Товчдоо ажилгүй тэнэгүүд үг холбодог болжээ.

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2023-01-22 15:35

Би 1990 онд билүү дээ, "Болор цом"-ыг нэг шүүлцсэн. Үзүүр түрүүнд хүрээд Лхагвасүрэн, Батбаяр, Нямаа бид гурав Ичинхорлоо Билигүүн хоёрын хэнийг нь 1-р байранд оруулах вэ гэж бузгай марг##даж байж шийдсэн бөлгөө. Энэ жилийн "Болор цом"-ыг зурагтаар хараад үнэнээ хэлэх аваас "Нэг бол Монголд яруу найраг ##га болсон юм уу, нөгөө бол яруу найраг Болор цомын гадна байгаа юм уу" гэж бодсон шүү. Мунхаг би буруу л бодож, зүүлэгтсэн байгаасай даа, Бурхан минь.

Уншигч
Уншигч
2023-01-24 20:05

Сайн бичдэг зохиолчид байгаа,даанч дараад гаргадаггүй найзуудаа танил т##уудаа хөөцөлдөж гүйдэг хүмүүсээ л ур##даанд оруулдаг.Сайн бичдэгүүд нь өөрсдөө таг нүдэн б##ай хачин хүмүүс,сарантуяа Шүүдэрцэцэг Батжарг## гээд б##ай хүмүүс өгүүллэг ч бай ромоан ч бай б##лаж байна даа

Холбоотой мэдээ

Back to top button