Top StoriesНИЙГЭМ

Тэдний хууль: Нэгж байгуулж, шүгэл үлээсэн, улстөрчдийн хувийн мэдээллийг дэлгэсэн СОШИАЛ ХАЯГИЙГ ХААХААР тусгажээ

Монгол Улсын түүхэнд анх удаагаа гуравхан хоногт өргөн барьсан хуулийн төслийг батлах гэж буй. Муу хүн самбаанд, майраг чоно бороонд гэгчийн үлгэр үү, таашгүй. Хөгжлийн банкны сонсголд чих тавих араар ийн гэнэтийн яриаг УИХ-ын өчигдрийн чуулганы үеэр хэлэлцэв. Юутай ч гурван хоног гэдгийг тодотгон тайлбарлая.

Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-д Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Улмаар өчигдөр буюу 19-ний өдөр байнгын хороогоор хэлэлцүүлээд, үдээс хойш нь нэгдсэн хуралдаанаар оруулсан юм. Хуулийн төслийг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулсан. Энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлснээр өнөөдөр батлана гэх.

Эл хуулийн зорилтыг олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой харилцааг зохицуулна хэмээн үзэж байгаа. Тэгвэл зургаан бүлэг 12 зүйлтэй энэхүү хуулийн төсөлд ямар заалтууд байгаа талаар тайлбарлан хүргэе.

6.1.7 зүйл. Зөрчилтэй контентод төрийн болон албаны нууцыг задруулах нь хамаарна

Энэхүү хуулийн хоёрдугаар бүлэгт Зөрчилтэй контентын талаар тусгасан.

6.1.7 дугаар заалтад экстремист үйл ажиллагаа явуулах, үндэсний эв нэгдлийг бусниулах, төрийн болон албаны нууцыг задруулах, террорист үйлдэл хийх, хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг болон үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан, гэмт хэрэг үйлдэхэд өдөөн турхирсан, уриалсан гэх заалтыг оруулжээ.

Үүнээс онцлох нь төрийн болон албаны нууцыг задруулах гэх хэсэг. Угтаа энэ хэсэг нь одоогийн нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэргийг ил гаргасан этгээд зөрчилтэй контент хийсэн хэмээн хуулийн дагуу үгүйсгэгдэх эрсдэл үүсэх юм.

Товчхондоо эрэн сурвалжлах сэтгүүл зүй хэрэгжихгүйгээс гадна, хэн нэгэн иргэн шүгэл үлээх боломжгүй болно гэсэн үг. Тэр хэрээр төрийн болон албаны гэх нэрийдлээр илүү их хэргийг дарах боломж үүсэж буй.

6.1.10 болон 6.1.11. Гэмт хэрэг болон хүүхдийн гуйлгын талаар

Уг хуулийн,

6.1.10-т гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийг нарийвчлан зааварчлах, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдэхийг уриалсан, өдөөн турхирсан, хатгасан, сурталчилсан, дэмжсэн

6.1.11-д хүүхдийн гуйлга гуйх, тэнэмэл, хараа хяналтгүй амьдрахад татан оруулсан, уриалсан, өдөөн хатгасан, сурталчилсан гэх заалт бий.

Энэ мэт эмзэг сэдвийг олон нийтэд мэдээлэх нь сурталчилсан, өдөөн хатгасан байдлыг бий болгохыг үгүйсгэхгүй. Нөгөө талаараа эдгээрийг олон нийтэд мэдээлж, хөндөж ярьж байх нь эргүүлээд урьдчилан сэргийлэх, асуудлыг шийдвэрлэх гарц байдаг гэдгийг санах хэрэгтэй.

6.3 Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно

Нэг талаараа энэ нь зөв заалт. Учир нь бид хэн нэгний талаарх мэдээллийг цахим орчинд хамаагүй түгээж, хувийн мэдээллийг нь олон нийтэд задруулж, дэлгэдэг нь хуулийн дагуу бусдад халдаж буй хэрэг.

Гэвч нарийвчлан зааж өгөөгүй, ерөнхий байдлаар зүйл заалт оруулсан нь улстөрч, нөлөө бүхий этгээдүүдэд ашигтай хуулийн заалт болно. Тодруулбал, хэн нэгний ХОМ, компанийн бүртгэлийн тайлан гэх мэт мэдээллийг олон нийтэд түгээж, мэдээлж, хуваалцаж болохгүй нөхцөл байдал үүсэх юм.

Мөн л цаагуураа улстөрч, нөлөө бүхий этгээдийн эрх ашгийг хамгаалах зүйл заалт байх эрсдэлтэй.

7.1.2 Зөрчилтэй контент хэмээн үзвэл хэрэглэгч Олон нийттэй харилцах нэгжид гомдол гаргаснаар хэрэглэгчийн хаягийг түдгэлзүүлж болно

Тус хуулийн гуравдугаар бүлэгт 7.1.2-т зөрчилтэй контент, эсхүл зөрчилтэй контент агуулсан хэрэглэгчийн хаягийг түдгэлзүүлэх, устгах, мэдээллийн тархацыг бууруулах талаар олон нийттэй харилцах нэгжийн хүсэлт, шйидвэрийг хүлээн авч, хянан шийдвэрлэх гэх заалт бий.

Энэ нь та хэн нэгнийг хардаж, сэрдэх боломжгүй болно гэсэн үг. Тийм мэдээллийг цахим хаягтаа бичсэнийхээ төлөө хаягаа алдах эрсдэлтэй. Энгийнээр бол ямарваа нэгэн пост мэдээллийг иргэн матсанаар нөгөө этгээдийн хаягийг үгүй хийх боломж бүрдэх юм.

7.1.8 Олон нийттэй харилцах нэгжийн саналаар хэрэглэгчийн хаягийг баталгаажуулах

ЦХХХ-ны яам Олон нийттэй харилцах нэгжийг байгуулна. Ингэснээр хэрэглэгчийн хаягийг баталгаажуулах нэг хэсэг бий болох юм. Цахим үндэстнүүдийн хувьд иргэдийн мэдээлэл төрөл бүрийн аж ахуйн нэгж, төрийн байгууллагад тархсанаас гадна дахин тус нэгжид таны хувийн мэдээлэл байрлаж таарах нь. Тухайн нэгж хэрхэн яаж ажиллах талаар хуулийн төсөлд одоогоор тусгаагүй байна.

-Энэ хуулийн төсөл шаардлагатай юу-

Шаардлагатай гэдгийг үгүйсгэж болохгүй. Цагдаагийн байгууллагаас авсан тоон мэдээллээр 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн нийт 8563 гэмт хэргийг бүртгэсэн байна. Үүнийг гэмт хэргийн төрлөөр ангилбал,

  • залилах
  • худал мэдээлэл тараах
  • кибер орчинд хууль бусаар халдах
  • хулгайлах
  • заналхийлэх
  • мөрийтэй тоглоом зохион байгуулах
  • хөрөнгө завших
  • хувь хүний нууцад халдах гэх мэт байжээ.

Түүгээр ч зогсохгүй Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас хийсэн судалгаагаар цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн судалгаагаар хоёр хүүхэд тутмын нэг нь садар самууныг сурталчилсан мэдээлэлтй тогтмол таардаг гэжээ. Мөн судалгаанд оролцогчдын 82 хувь нь зүй бус утгатай зурвас, цахим шууданг фейсбүүк хэрэглэгчдээс авсан байна.

Үүнтэй холбоотой хэд хэдэн бодит жишээ бий. Тухайлбал,

Иргэн С 2019 оноос цахим сүлжээ ашиглан иргэдийн интернэт банкны дансанд нэвтэрч, мөнгийг нь шилжүүлэн авч, амьдралын эх үүсвэрээ болгосон. Нийт 100 гаруй удаагийн үйлдлээр нэг тэрбум төгрөгийг иргэдээс залилж авсан. Сэжигтнийг эрүүгийн цагдаагийн газрынхан 2021 оны арванхоёрдугаар сард АНУ-аас баривчилж авч ирсэн.

Хоёрдугаарт, иргэн А фэйсбүүк хаягаараа насанд хүрээгүй охидтой  харилцаж, нүцгэн зургаа солилцож, олон нийтийн сүлжээнд цацна гэж заналхийлж, дахин нүцгэн зургийг нь авхуулж, ёс бус бичлэг хийлгүүлэх удаан хугацаанд охидтой уулзаж, бэлгийн харилцаанд орсон хэргийг СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 20 жилийн хорих ял оноосон.

Гуравдугаарт, иргэн Э "Хүүхдүүд" нэртэй нууц групп фэйсбүүкт нээж, насанд хүрээгүй хүүхдүүдийн садар самуун агуулсан дүрс бичлэгийг байршуулж, иргэдэд төлбөртэй үзүүлсэн хэргийг БЗД-ийн шүүхээс хоёр жил хорих ял оноосон.

Дөрөвдүгээрт, иргэн Г нүүр зургаа үл таних охины зурагтай болсон этгээд өсвөр насны охидтой үеийн охин мэтээр дотносож, биеийн зургуудыг нь авсны дараа ахтай нь харьцахгүй бол зургийг нь олон нийтэд тараана хэмээн дарамталж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг байсан иргэнд зургаан жил найман сарын хорих ял оноосон байна.

Энэ мэтээр цахим орчинд үйлдсэн гэмт хэргийн талаар нэлээдгүй жишээнүүдийг дурдаж болно. Магадгүй энэхүү хуулийн төслийн гол зорилт энэ чиглэл рүү явах хэрэгтэй байсан болов уу.

-Уг хуулийн төслийг гурван хоногт батлах шаардлага, хэрэгцээ нь юу вэ-

Юунд хөөлгөж, яарч энэхүү хуулийн төслийг гурван хоногт батлах гэснийг тунгаан олсонгүй. Харин зөвтгөж, дэмжихээс урьтаж хардаж, сэрдэх явдал нэмэгдэв.

УИХ-ын өчигдрийн чуулганаар эл асуудлыг хэлэлцэх эсэх талаах ярилцаж байх үед хэд хэдэн гишүүд хуулийн төслийг "донгодсон", Н.Учралын чих ч халууцсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлснийхээ дараа "Бид хуулийн төсөлтэй бүрэн танилцаагүй байна. Одоо үүнийгээ больё. Танилцуулгыг үзэж, судлахад цаг хугацаа шаардлагатай" хэмээн хэлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил эл асуудлаар нэлээд хатуу байр суурь илэрхийлсэн. Тэрбээр "Ингэж шуурахгүй ээ, Н.Учрал сайд аа. 24 цагийн дотор ийм өргөн агуулгатай хуулийн төслийг боловсруулж, батлахыг шахаж болохгүй. Энэ зөвхөн технологийн асуудал биш. Хүний эрхийн талаар ярьж байгаа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх үндсэн эрхтэй харшилж байна" гэв.

Гэвч тухайн үед ЦХХХ-ны сайд Н.Учрал иргэд, хэвлэлийн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хардах эрхэд халдахгүй хуулийн төсөл гэдгээ тодотгож байлаа. Гэвч бодит байдалд хуулийн төсөлд эсрэгээрээ байв.

Эцэст нь энэ хуул бидэнд хэрэгцээтэй байхыг үгүйсгэхгүй. Гэвч хувь хүний заяагдмал эрх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд зайлшгүй халдсан зүйл заалтууд байгаа нь хуулийн салбарын биш хүмүүс ч хараад ойлгохоор. Ямар шалтгааны улмаар гурван хоногт батлахыг санаархаж буй нь тодорхойгүй.

Зүйл заалтуудыг нь нарийвчилж тусгаагүйн улмаас хүний эрхийн ноцтой зөрчлүүд илэрч буй. Тиймээс яарч батлах бус хэлэлцүүлэг хийж, хуулийн төслөө танилцуулж, хаврын чуулганаар нухацтай авч үзэх хэрэгтэй. Хүн гүтгэх хэргийг Зөрчлийн хуулиар бус Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг болсон энэ цаг үед хүний эрхийг хэн хүссэн нь дураараа нөлөөлж, өөрчилж болохгүй болов уу. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэнчлэн манай улсын хуулийн зүйл заалтын тал хувь нь хүний эрхийн зөрчилтэй байдаг гэх. Хэрэв энэхүү хуулийн төслийг гурван хоногтоо эцэслэн баталвал хүний эрхийн зөрчилтэй хууль ахин нэмэгдэнэ гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-20 09:22

Өөрсдийгөө л хамга##аад байна тиймээ

Зочин
Зочин
2023-01-20 09:31

Хаяагаа л манаад байна шдээ

Гантулга
Гантулга
2023-01-20 10:06

Гучин жил хүний эрх гэдэг д##баан доор хүнийг элдэв үгээр доромжлох гүтгэх хэрээс хэтэрсэн билээ. Админ гэдэг хүнийг ажлын нь хийлгэх хэрэгтэй. Гар## үүслээр нь хүнийг доромжлино. Зөв хууль байна. Ер нь зарим нэг ардчил## хүний эрх гэж амны зоргоор донгодсон этгээдүүдийн амыг хазаарлах нь зөв. Цагаа олсон хууль байна. Харин тэр зөрчлийн барууны хүч хэрэглэн Монголд нутаглуулах гэж зүтгэж байгаа хуулийн болиулах ёстой. Ум сайн болог.

Холбоотой мэдээ

Back to top button