Жүжигчдээ харж бахдахаас илүү гишгэхгүй "Зохиолгүй амьдрал"

"X Tuts" продакшн драмын жүжгээр дахин үзэгчидтэйгээ уулзлаа. Өмнөх жүжиг нь "Сэрүүн хасын нууц". 10 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болж, шуугиулж, жишиг болж байлаа. "Сэрүүн хасын нууц"-ын дараах жүжиг нь гэхээр "X Tuts"-ийнхний хувьд ихээхэн ач холбогдол өгч, уран бүтээлч хандсан болов уу гэх хүлээлт үүсэх юм. Гэвчиг "Зохиолгүй амьдрал" жүжиг тэр хүлээлтэд нийцсэнгүй.
"Зохиолгүй амьдрал"-ыг зууны шилдэг инээдмийн жүжиг хэмээн тодотгоод буй. Жүжгийн зохиол өөрөө хүнд зангилаагүй, хөнгөн ёж, үйл явдлуудын стандарт дарааллаар утга санаагаа илэрхийлж буй онцлогтой. Харин "X Tuts"-ийнхэн тайзны амьдралаас өндийсөн, чадварлаг уран бүтээлчид гэдгээ маш сайн харуулж байна. Ерөнхийдөө "Зохиолгүй амьдрал" тэдний хувьд үдийн будаа л байлаа.
Сүүлийн үед драмын жүжигт шинэчлэл хийх оролдлого олон хийгдсэн. Үүний эхэнд найруулагч М.Батболдын "Гэм зэм"-ийг нэрлэж болно. "Гэм зэм"-ээр түүчээлж, салбарынхан нь жүжиг хийе гэсэн эрмэлзлээр дүүрэн цэнэглэгдэж, уран бүтээлч хүсэл нь хатгасан гэлтэй цөөнгүй жүжиг тавигдсан. УДЭТ ч сүүлд "Сычуанийн сайн хүн"-ийг өвөрмөц, контемпорари гэмээр шийдлээр тавьсан нь зоригтой, урамтай үзэгдэл болсон. Энэ хэлхээс үргэлжилсээр "X Tuts"-ийнхнийг хөдөлгөсөн гэлтэй. Гэвчиг тэд даацтай зохиол, найруулгын шинэлэг хэв маяг, гүн утга санаа, нийгмээ түүчээлэх оюунлаг оролдлого руу гишгэсэнгүй.
"Зохиолгүй амьдрал"-ын зохиол ерөнхийдөө л гэр бүлийн харилцааны тухай. Эхнэр нь юм уу нөхөр нь алдаа гаргаж, түүнийгээ нууж, улам хүнд нөхцөл байдалд орж байгаа өгүүлэмж хаа сайгүй л бий. Үүний зэрэгцээ зохиолын өгүүлэмж гэр бүлийн харилцаан дахь эхнэр, нөхрийн тэнцвэрт бус байдлыг хөндсөн нь мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл зохиолд хүчирхэг эрэгтэй огт гарахгүй юм. Эмэгтэйчүүдийн элдэв ааш, нээнтэгнүүд нөхрүүдийг хэрхэн шалдаа буулгаж байгааг харуулсан өрнөлүүдтэй. Энэ утгаар гэр бүлийн харилцаанаас гадна жендерийн асуудал хөндсөн агуулгатай байв. Хошин, амьдралаас хол үйл явдлуудаар ерөөс гэр бүл дэх эхнэрээс нөхөр лүү чиглэсэн хандлагуудыг ёжилж үзүүлжээ.
Харин манай нийгэмд гэр бүлийн харилцааны тухай уран бүтээл дэндүү олон байгаа. Шинэ жүжиг гэхээр шинэ санаа, шинэ бодол, шинэ "агаар" хүсдэг болсон. Гэвчиг "Зохиолгүй амьдрал" тэр хүслийг унтрааж магадгүй. Жүжгийн дараа шинэ ухаарал, шинэ мэдрэмж тээх нь үгүй бөгөөд чадварлаг жүжигчдийг тайзнаас харан бахдаж, зарим нэг үйл явдалд нь инээж авсан бол тэгээд л ханажээ гэсэн үг.
Авьяас болон чадвар гэдэг ямар бурханлаг, хараад хараад ханамгүй бахдам зүйл вэ гэдгийг харин энэ жүжгээс, "X Tuts-ийнхнээс харж болно шүү. И.Одончимэг, Т.Бархүү, Г.Нарансолонго, А.Гэрэлцэцэг тэргүүтэй тайзнаас удаан хугацаанд хараагүй жүжигчид яг л бидний мэддэгээр гялалзаж, дүрдээ бахдам сайн орж, ямар ч илүү, дутуу алдаа үл гарган, чаддаг мэддэгээ тунхаглан зарлаж байсан нь гайхалтай. Өөрөөр хэлбэл тэд жүжигчдийнхээ хувьд тайзан дээр яаж л бол яаж амьдарч чадна гэдэг эд хаваа гайхуулж байв. Гэвчиг ийм хялбар зохиол сонгосонд, өөрсдийнхөө хувьд үдийн будаа хийсэнд, мөртлөө "Сэрүүн хасын нууц"-ын дараа ийм хялбар драм тавьсанд нь шүүмжилмээр л санагдсан хэрэг.
"Зохиолгүй амьдрал" бол жүжигчдээ харж бахдах л орон зай байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм юм одоо хүн үзэх үү
Хмммм завхарсан с##бадайнууд чёрт