Тойм, анализУЛС ТӨР

Хөгжлийн банкны сонсгол: Мөрдөн байцаалт, модон асуулт, дараагийн 80 хоног

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүдийн ааг амьсгаа давхцав. Даваа гарагаас нь Б.Энхбаяраар ахлуулсан түр хорооны гишүүд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээлүүдтэй холбоотой хяналтын сонсголыг эхлүүлж, тав хоногийн турш Төрийн ордонд хадагдав. Харин пүрэв гарагт АН даргаа сонгохоор ҮБХ-оогоо хуралдуулж, орой нь Их хурлаараа даргаа соёрхон баталсан байдаг. Дээрх хоёр үйл явдалтай зэрэгцэн пүрэв, баасанд хуралдаж, намрын чуулган хаалтаа хийлээ.
Болдог сон бол өнгөрөгч долоо хоногт АН-ын зарим гишүүд биеэ гурав хуваах, хяналтын сонсголд оролцогч түр хорооны ХҮН, МАН-ын гишүүд биеэ хоёр хуваахаар л байлаа. Зарим нь ч марафон гүйлтийн тамирчин шиг аль, алинд нь очиж сүр бараагаа харуулсан. Гэхдээ өнгөрөгч долоо хоногт эрх баригч нам яг хууль ярьдаг хэдийгээ ордны өөр нэг танхимд сонсгол нэрийн дор аваачиж хашчихаад, АН-ынхныг эзгүйчилж хууль баталсан нь л гаднаасаа муухай харагдав.

Хөгжлийн банкны асуудлаарх хяналтын сонсголын сайн ба муу талууд юу байв.


Мөрдөн байцаалт

Хөгжлийн банкны асуудлаарх хяналтын сонсголыг Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд орсон өөрчлөлтийн дагуу, УИХ-аас баталсан хяналт шалгалтын хуулийн дагуу анх удаа зохион байгуулж буй. Хэн, ямар зорилготойгоор зээл авч, юунд зарцуулав гэдгийг ард нийтэд ил болгож өгч буй нь сайшаалтай ч хууль тогтоох байгууллага нь мөрдөн байцаагч шиг ажиллаж буй нь хэр зөв бэ. Ямартай ч төрийн ордонд хяналтын сонсгол гэх нээлттэй мөрдөн байцаалт болов.

Эл мөрдөн байцаалтыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахлан явуулж, дэглэсэн юм. Тэрбээр Хөгжлийн банкийг хянан шалгах түр хороог даргалдаг. Анх түр хороог УИХ-ын тогтоолоор 2022.04.15-нд байгуулагдахад Ж.Сүхбаатар даргаар нь томилогдож байсан удаатай. Харин одоо тэрбээр эл түр хорооны гишүүн болсон. 12 гишүүнтэй хэдий ч хяналтын сонсголд

  1. Ж.Бат-Эрдэнэ
  2. Ж.Батсуурь
  3. Н.Ганибал
  4. Д.Ганбат
  5. Т.Доржханд
  6. Ц.Мөнхцэцэг
  7. Ж.Сүхбаатар гэсэн түр хорооны долоон гишүүн ирж, сонсгол эхэлсэн байдаг.

Молхи модон асуулт

Хяналтын сонсголыг МҮОНРТ болон parliament.mn пэйж хуудсаар шууд дамжуулсан. Сонсголд түр хорооны 12 гишүүнээс гадна одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа Хөгжлийн банкны 10 орчим удирдах албан тушаалтан, зээл олголтын үед ажиллаж байсан хуучин удирдлагуудад оролцох эрх олгожээ. Мөн хуулийн дагуу тухайн чиглэлээр мэргэшсэн ТББ-ын төлөөллийг оролцуулсан юм. Төрийн ордонд нээлттэйгээр мөрдөн байцаалт явуулж буй тул яг зөв дэглэн явуулж байна уу гэдгээ хууль хяналтынхнаар хянуулахаар дуудсан бололтой дог. Түр хорооны дарга Б.Энхбаяр УЕПГ, ЦЕГ, АТГ-ын албан тушаалтнуудыг ажиглагчийн байр сууринаас оролцооч гэж урьсан байсан юм.

Ерөнхийдөө танхимын уур амьсгалыг дүгнэвэл,

Б.Энхбаяр голч, тулгах зорилготой асуултууд асууж байлаа. Нотлох баримтуудыг нэг, нэгээр нь гаргаж ирээд тулгасан асуултууд асууж, хэрхэн хариулахыг нь харж суух. Угаас сонсгол эхлэхийн өмнө "таны хэлсэн бүхэн шүүхэд нотлох баримтын шинжтэйгээр үнэлэгдэнэ" гээд сануулчихсан. Худал яривал хуулийн хариуцлага таныг хүлээж буй гэх сигналыг гэрчүүдэд орж ирэхэд нь л өгчихсөн гэсэн үг.

Харин нөгөө талд гэрчээр дуудагдсан компаниудын ихэнх нь л шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна гэх. Ер нь хяналтын сонсголыг сонсоод байвал нэг ч буруутай хүн байхгүй мэт л өөрсдийгөө өмгөөлөн ярьцгаах.

Түр хорооны гишүүд ч мөн асуултын эрхтэй байлаа. Гэвч тэд нэг бол модон молхидуу асуулт асууна. Нэг бол нэгнийхээ асуусан асуултыг давтан асууна. Таны өмнөхөн наад асуултыг чинь тэр асуучихсан гэж түр хороон дарга нь анхааруулахгүй л бол ажиг ч үгүй. Аргачгүй юм даа, бусад нь асуулт асууж, гэрчүүд хариулж байхад гар утсаа оролдоцгоогоод байгаа юм чинь.

Ерөнхийд нь базаад хэлэхэд, түр хорооны гишүүдээс Э.Батшугар, Ж.Сүхбаатар нар арай учиртай асуулт асуусан. Мөн түр хороог даргалагч Б.Энхбаяр гэрчүүдийн мэдээллээс чухал тоо, он саруудыг тэмдэглэж, гар утас мэтийн өөр зүйлд сатаарахгүй, ус ч уух завгүйгээр сонсголоо хөтлөн явуулж байгаа нь анзаарагдсан, ажиглагдсан.


Томчуудаас хэн, хэнийг авч ирэв

"Гэрчээр дуудагдсан хүмүүс бүгд гэм буруутнууд биш". Шүүх л гэм буруутай эсэхийг тогтоох учиртай. Энэ удаагийн сонсголд улсын маань тэргүүнээр ажиллаж байсан эрхмээс эхлээд хэд, хэдэн томчууд ирэх байв. 60 компанийн давхардсан тоогоор 306 гэрчийг дуудсанаас 175 нь л оролцов.

Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр Улаанбаатар хотын захирагчаар асан Су.Батболд нар ирсэнгүй.

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Анандбазар, гишүүн асан М.Билэгт, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Бэрэн”группийн Б.Мөнхтөр , "Монполимет" компанийн Ц.Гарамжав нар ирж мэдүүлэг өгөв. Мөн гэрчээр дуудагдаагүй хүн өөрийн хүсэлтээр ирж мэдүүлэг өгсөн нь сонин л дүр зураг. Тодруулан хэлбэл, “Бэсон" компанийн Д.Батжаргал өөрийн хүсэлтээр гэрчээр оролцсон юм.

Ерөнхийдөө л гэрчүүд шалгагдаж байгаа, нууц мэдээлэл гээд амаа үдчихсэн. Гэхдээ иргэд их, бага хэмжээний мэдээлэл авлаа. Хяналтын сонсголыг сонссон хэн бүхэнд нэг л том ухаарал үлдсэн нь лавтай. Улсаас зээл авсан бол зориулалтынх нь дагуу л ашиглах ёстой юм байна. Болдоггүй юм байна шүү, дансны аргаар хөөгөөд юунд зарцуулсныг мэдчихдэг юм байна гэх ухааралтай л үлдэцгээсэн болов уу гэж итгэнэ.


80 хоногийн хугацаа

Тав хоног үргэлжилсэн сонсгол хоёр болон гуравдугаар сард дахин болно. Хоёр дахь удаагийн сонсгол хоёрдугаар сарын 06-10-ны өдрүүдэд болох ба Хөгжлийн банкны охин компани байсан "DBM leasing" компаниар дамжуулан олгосон зээлийг хэлэлцэнэ. Харин гуравдугаар сарын 12-17-ны өдрүүдэд Хөгжлийн банкнаас арилжааны банкнуудаар дамжуулан олгосон зээлийн эргэн төлөлт, зээл олгосон явц зэргийг хэлэлцэх юм. Ийн гурван удаагийн сонсголын дүнгээ хянан шалгах түр хороо нэгтгэж, дөрөвдүгээр сард УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулснаар татан буугдана. Хуулиараа 2023 оны дөрөвдүгээр сарын 15-наас өмнө ажлаа тайлагнаж, татан буугдах юм.

Тэгэхээр Б.Энхбаярын даргалдаг түр хороонд улсынхаа төлөө ус ч уух завгүйгээр ажиллаж, ажлаа тайлагнах 80 хоног л үлджээ.

Хэрэв тэр олон баримт, нууц мэдээллүүдийг олж авч, ил болгон шүүхэд шилжүүлэхийг нь шилжүүлж, зээлийн эргэн төлөлтийг хурдасгаж чадвал дараагийн сонгуульд ард түмэн итгэх нь лавтай. Түүний багийнханд ч тэр. Тэр угаас үүн дээр оноо авч, өөрийгөө таниулж болохыг аль эрт сэхээрчихсэн. Тиймдээ ч арван хэдхэн хоногийн өмнө Хууль зүйн байнгын хорооны даргаар түүнийг томилох гэхэд "Түр хорооны даргаас чөлөөлнө гэвэл байнгын хороон дарга болох албагүй" хэмээсэн удаатай. Нөгөө талаас нь харвал, ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг үгийг санаж явдаг ч байж мэдэх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-25 09:29

Ёстой л модон асуулт асууж байгаа даа. Ганц гайгүй асуулт нь Та казино тоголдог уу хахай

Зочин
Зочин
2023-01-25 09:39

Odoo utaarna harj l baigaarai

Зочин
Зочин
2023-01-25 09:48

модон асуулт асуудаг хэдэн түлээнүүд

Зочин
Зочин
2023-01-25 11:57

Энхбаяр сайн байсан

Зочин
Зочин
2023-01-25 12:02

Удаан байсан

Зочин
Зочин
2023-01-25 14:26

Hho

Зочин
Зочин
2023-01-25 20:43

Тийм шүү

Холбоотой мэдээ

Back to top button