Хөлсний армиас болж Серб ОХУ-ын харилцаа хүйтрэв

ОХУ-ын телевизээр Украинд Сербийн сайн дурынхан ОХУ-ын цэргүүдтэй хамт тулалдахаар сургуулилт хийж буйг харуулсан бичлэг бүхий мэдээлэл цацагдсан нь хоёр улсын харилцааг хүйтрүүлээд байна.
Хөлсний цэргүүдийн арми болох “Вагнер” нь янз бүрийн үндэстнийг эгнээндээ нэгтгэсэн байдаг бөгөөд тэдний нэг нь Сербийн салаа аж. Серб хэл дээр бэлтгэгдсэн уг мэдээлэл цацагдсаны дараа Ерөнхийлөгч Александр Вучич үндэсний телевизээрээ мэдэгдэл хийжээ. Тэрбээр Украинд тулалдах нь Серб улсын байр суурь биш байтал хувийн компанийн хөлсний серб цэргүүдийг харуулж, Белградын байр суурь мэт ойлголт төрүүлсэнд бухимдаж буй аж.
А.Вучич Серб улс Украины дайны асуудалд түдгэлзсэн байр суурь барьдгийн дээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай сүүлийн хэдэн сар утсаар ч яриагүй гэсэн байна. Сербийн цэргүүд хилийн чанад болж буй цэргийн ажиллагаанд оролцох нь хууль бус хэрэг болохыг тэрбээр мэдэгдэлдээ онцгойлон анхааруулжээ.
А.Вучич улс орны гадаад харилцааны асуудлаар үе, үе шударга, шулуун мэдэгдэл хийдгээрээ алдартай. Тэрбээр НҮБ-д Украины асуудлаар явагдсан санал асуулгад түдгэлзсэн байр суурь илэрхийлэхийнхээ өмнө "Европын холбоо дарамтлаад байна" гэж илэн далайнгүй хэлж байв.
Цэрэг дайны үйл ажиллагаа явуулдаг “Вагнер” хэмээх хувийн компанид алба хаагчдын тоо сүүлийн үед огцом нэмэгдэж буйг ВВС агентлаг мэдээлэлдээ дурджээ. Одоогийн байдлаар тус компанид серб үндэстэн 20 гаруй цэрэг алба хааж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөлсний цэргээс биш барууны хөрөнгөтнүүдийн дарамт шах##таас гээч