УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ТОЙМ: Хууль батлах эрх мэдлээ ЗГ-т алдсан парламентын дүйвээнтэй намрын чуулган

УИХ-ын 2022 оны намрын чуулганыг аравдугаар сарын 03-ны өдөр нээж, Чингис хааны эш хөргийг "Их хуралдай" танхимд хүндэтгэн залж байснаар эхэлж байв.

Түүнээс хойш бүтэн гурван сар хуралдсан. Энэ хугацаанд хэчнээн хууль хэлэлцэн баталсан тухай УИХ-ын дарга Г.Занданшатар "Чуулганы нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдаж 180 асуудал, Байнгын хороод 108 удаа, Дэд, Түр хороо найман удаа, Хянан шалгах түр хороо есөн удаа хуралдаж, 256 асуудал хэлэлцлээ. Бие даасан хууль 18, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 271, Улсын Их Хурлын тогтоол 38-ыг баталлаа" хэмээв.

Сүүлийн үед зарим гишүүд УИХ-ын хууль батлах эрх Засгийн газарт алдагдлаа хэмээн дуугарч эхэлсэн. Учир нь намрын чуулганы турш бараг Засгийн газраас өргөн барьсан хуулийг хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр шууд оруулж ирээд баталчихдаг дүр зураг тогтчихов. Ардчилсан гэгддэг парламентын танхимдаа шүүмжилж, мэтгэлцэж, буцаан татаж, засдаг боловсруулдаг байдал бараг алдагдсан гэхэд болно. Алх цохиод л явчихдаг болсон билээ. Энэ нь хэд хэдэн сонгодог жишээгээр батлагдахыг тоймлон хүргэж байна.


Сонгодог жишээ нэг: Н.Учрал сайдын хамгаалах халхавч дор хязгаарлах тактиктай, хуудуутай хууль

Намрын ээлжит чуулган дуу шуутайгаар хаасны шалтгаан нь Н.Учрал сайдын өргөн барьсан хуулийг баталсан явдал байв. Засгийн газрын нэрийг барьсан хамгаалах халхавч дор хязгаарлах тактиктай, хуудуутай хуулийг олон нийт, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд батлуулахгүй хэмээн эсэргүүцсэн ч дийлсэнгүй. Н.Учрал сайд хоёрхон өдрийн өмнө хууль өргөн бариад УИХ болон олон нийтээр хэлэлцүүлэхгүй батлуулдаг муу жишиг тогтоож өглөө.

Хүний эрхийн нарийн заалтууд орж ирсэн эл хуулийг өргөн бариад Засгийнхаа нэрийн өмнөөс даналзаж байгаад нь намын нөхөд нь эгдүүцэв. Сөрөг хүчин нь гурав, тав хоногоор завсарлага авах гээд ч хүчирсэнгүй. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг өчигдөр баталснаар өндөрлөлөө.


Сонгодог жишээ хоёр: Давхар дээлтэй сайд нараа нэмэх гэж Үндсэн хуульдаа гар хүргүүлэв

Хамгийн дуу шуутай нь Засгийн газрын давхар дээлтэй сайд нарын тоог нэмэхийн тулд мөн л УИХ-ыг хэдхэн хоногт хуралдуулсан явдал.

Засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнийн амбиц нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, давхар дээлтэй сайд нарыг олон болгох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог хэлбэрт орох гэсэн гурван үндсэн чиглэлд ҮХНӨ хийхийг хүссэн. Эл хүслийнхээ нэгийг ямартай ч УИХ-аар гүйцэлдүүлж, эцэг хуульдаа гар хүргүүлж амжсан явдал намрын чуулганы онцлог байв.

Нэг гараараа сонгодог парламентаа хөгжүүлье гээд байгаа мэт боловч нөгөө талдаа тохиролцооны, лобби маягийн бүтэц бий болгож яваа МАН-ын шинэ залуучууд.

Сонгодог жишээ гурав: Засгийн газар шүгэл үлээгч автортай нүүрсний хулгайн нээлттэй сонсголын бантан

Нүүрсний хулгайн асуудал дэлгэгдсэн явдал намрын чуулганы төдийгүй Монголын түүхэнд шинэ үйл явдал болов. Хулгайчдын нэрсийг зарлахыг шаардсан залуусын жагсаал бараг 20 хоног үргэлжилсэн. Жагсаал ид хүчээ авах үеэр парламентын нээлттэй сонсгол гэгчийг зохион байгуулсан нь ч шинэ тутам байв.

Шүгэл үлээгчийн Засгийн газар гэж авторлогдов. Гэвч нээлттэй сонсголын зохион байгуулалтын ачааг парламент үүрч, хэсэг бантан хутгав. Сонсголын эхлэл бүтэлгүйтэж бухимдал, үймээн үүсгэсэн. Төрийн ордны гадаа залуус нүцгэлэхээс эхлээд хүндхэн өдрийг туулсан билээ. Нээлттэй сонсголоос үр дүн гараагүй хэмээн дүгнэгдэх нь бий.

Аргаа барсан эрх баригчид АТГ-тайгаа хамтран 17 нэр зарлаж гал намжаах оролдлого хийсэн билээ. Эл гал намжаалтад өртөж нэр нь дурдагдсан МАН-ын нэр бүхий гишүүдийн бухимдлыг төрүүлсэн юм.


Нөгөө талаар хууль санаачлах эрхээ парламентаас давуулан биелүүлсний эерэг тал ч гэж бий. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 2000 онд батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн найруулав. Үүн дээр нэмээд Казиногийн тухай, Хонжвот сугалаа, бооцоот морин уралдааны тухай хуулиуд гарч ирж байгааг үгүйсгэх аргагүй.

Тэмдэглэл: Үндсэн хуулинд онцгой гагцхүү хууль санаачлах эрх мэдэл УИХ-д бий. Харамсалтай нь, өнөөдөр УИХ хууль тогтоох, хууль хэлэлцэх эрх зүйн чадамжаа алдах шахуу юм намрын чуулганаар нэг үзэгдэв. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өргөн барьж буй хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн дэмжиж шууд кнопдох нь ёс шахуу болсон үзэгдэл. Энэ байдал даамжирсаар сүүлдээ Засгийн газар нь "Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл" гэгчийг оруулж ирж, УИХ-аас санаачлах хуулийн төслийн агуулгыг улам хязгаарлах оролдлого гаргаад амжсан юм.

УИХ-ын хууль тогтоох эрх өнөөдөр хэнд хадгалагдаж байгаа вэ?

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин..
зочин..
2023-01-21 17:24

Улс орны байд## хүнд ,төвөгтэй асууд## маш их байхад цагаан сар болохоос сарын өмнө ЧУУЛГАНАА хаав. хэлэлцэх асууд## , өргөн баригдсан хуулийн төслүүд их байгааг яагаад үлдээв гэсэн асууд## гарч байна.

Зочин
Зочин
2023-01-22 10:45

3 хүн улсын удирдаж байна

Холбоотой мэдээ

Back to top button