НИЙГЭМ

Долоо хоногийн тойм: Хүүхдийн мөнгө тойрсон асуудал болон цахим орчинг зохицуулах хуулийг батлав

Өнгөрсөн долоо хоног салбар бүрийн үйл явдал, асуудлаар дүүрэн өнгөрлөө. Хүүхдийн мөнгөний мэдээллийн алдаа, яруу найрагч Ц.Хулангийн асуудал, шинэ автобус, Хөгжлийн банкны сонсгол, АН-ын намын дарга, ЦХХХ-ны сайдын гурван хоногт батлуулсан хууль зэргийг дурдаж болно.

-Шинэ автобуснууд үйлчилгээнд явж эхлэв-

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд урд хөршөөс 117 автобус авч ирсний 30-ыг нь өнгөрсөн даваа гарагт үйлчилгээнд нэвтрүүлсэн. 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон эл салбарт автобусны үнэ хөлс, загвар гэх мэтээс эхлээд иргэдийн бухимдалтай нүүрс тулсан юм. Гэсэн хэдий ч иргэд шинэ автобус дээр хоёр талын байр суурьтай хандсан билээ.

-Хөгжлийн банктай холбоотой сонсгол тав хоног үргэлжиллээ-

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээлийн эргэн төлөлт, зээл олгосон албан тушаалтан, хамаарал бүхий этгээдүүдээс мэдүүлэг авч, зарцуулалтын төлөв байдалд гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээр олон нийтэд мэдээлэл өгсөн билээ.

Сэдвийн хүрээнд гэрчийг дуудаж, мэдүүлэг авсан бөгөөд үүнийг албан ёсны гэрчийн мэдүүлэг хэмээн тооцох ажээ.

-Яруу найрагч Ц.Хуланг нэг сар хорив-

Яруу найрагч Ц.Хуланг нэг сар хорихоор болсон билээ. Түүнийг энэ сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай түр саатуулсан байдаг. Тагнуулын ерөнхий газраас байцаалт явуулж буй эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4.1 дэх хэсгээр яллагдагчаар татсан байна. Хуульд зааснаар үнийг гадаад улсын тагнуулын албатай хамтрахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эди зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэжээ.

-Хүүхдийн мөнгө ба И-Монголиа систем-

Төрийн цахим үйлчилгээний систем болох И-Монголиа, И-Халамж платформп хандахад хувийн мэдээлэл эндүү ташаа байж, цахим орчныг шуугиулсан. Үүнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан болон ЦХХХ-ны сайд Н.Учрал нар олон нийтээс уучлал гуйсан юм. Бүртгэл дээрх алдаатай мэдээллээ холбогдох байгууллагуудад очиж засуулах хэрэгтэй гэдгийг ч дурдсан билээ.

-Л.Гантөмөр АН-ын дарга боллоо-

Ардчилсан намын ээлжит бус их хурал болж, ҮБХ-ны хурлаар даргаа сонгов. Дөрвөн нэр дэвшигч байсан ч эцсийн мөчид С.Одонтуяа нэрээ татсан юм. Харин С.Баярцогт, З.Нарантуяа, Л.Гантөмөр нар өрсөлдөж, олонхын саналаар Боловсролын сайд асан Л.Гантөмөр намын дарга болов.

-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг гурван хоногт баталлаа-

Энэ долоо хоногийн хамгийн дуулиант хүн ЦХХХ-ны сайд Н.Учрал байлаа. И-Монголиа системийн асуудал намжаагүй үед тэрбээр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж эцэслэн баталсан. Олон нийтийн санаа бодлыг сонсолгүй "түүхий" хуулийг ийн яаравчлан батлах болсон нь иргэдийг бухимдуулж буй. Эл хуулийг хоёрдугаар сарын 1-нээс дагаж, мөрдөхөөр болсон байдаг.

Хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу.

-Зайсангийн замын хөдөлгөөний чиглэл өөрчлөгдөв-

Нэгдүгээр сарын 21-нээс эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Зайсан тойруугийн хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан.

Энэхүү өөрчлөлт нь ХААИС-ийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадарыг 35.7 хувиар нэмэх юм. Мөн уулын зам дахь баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлд тээврийн хэрэгслийн дундаж хурд өснө хэмээн үзэж байгаа билээ.

-М.Анхцэцэг Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ-

"UNC-2023" Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүндийн өргөлтийн тэмцээн болсон. Энэ үеэр -87 кг-ын жинд МУГТ М.Анхцэцэг дахин түрүүлэв. Ингэснээр тэрбээр улсын аваргад 12 дах удаагаа түрүүлсэн юм.

Тэрбээр 76 кг-аас дээш бүх жинд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button