Нийгмийн

М.Цэнгүүн: Хаягдал цаас, үртэс, тосоор утаагүй, эко түлш үйлдвэрлэдэг

М.Цэнгүүн 2022 оны тавдугаар сараас эхлэн хаягдал цаас ашиглаж утаагүй, эко түлш хийж эхэлжээ. Ингэхдээ эхнэр болон найзын хамт хүнсний дэлгүүрүүдээс цаасан хайрцаг цуглуулж Эрдэнэт хот дахь өөрийн хашаандаа үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна. Бид түүнээс утаагүй, эко түлшний талаар зарим мэдээллийг тодрууллаа.

-Үйлдвэрлэх технологи, онцлогийн тухайд?

- Гол түүхий эд нь хаягдал цаас. Нэмэлтээр модны үртэс ордог. Мөн аргал болон ойн цэвэрлэгээнээс хаягдсан зүйлсийг ч холиж болно. Нүүрс түлэхэд утаа, тортог ялгаруулж, үнсний хаягдал их гардаг бол эко түлш нь утаа, тортог, үнсний хаягдал маш бага ялгаруулдгаараа онцлогтой. Мөн 2-3 минутад бүрэн ноцдог. Энэхүү түлшийг дөрвөн улирлын турш үйлдвэрлэдэг, ингэхдээ ус ашигладаггүй. Өнгөрсөн долоодугаар сараас эхлэн арванхоёрдугаар сар хүртэл туршиж түлшний 70 хувь нь цаас, 15 хувь нь үртэс, аргал, тос гэх мэт агууламжаас бүрдвэл тохиромжтой гэж үзсэн.

-Хоногт хэдэн тонн түлш үйлдвэрлэж, ямар үнээр худалдаалж байна?

-Хоногт дөрвөн тонн түлш л үйлдвэрлэдэг. Эрдэнэтэд гал түлдэг 17,000 айл байдаг гэсэн тооцоо бий. Ингэхээр гэр хорооллын нийт айлын түлшний хэрэгцээний таван хувийг дангаар хангах боломжтой гэсэн үг. Үнийн хувьд нэг шуудай нь 6,500 төгрөг, дотроо 28 ширхэгтэй.

-Эрдэнэтээс өөр аймгуудад болон хот руу үйлдвэрлэлээ тэлэх боломж бий юу?

-Ойрын гурван жилдээ Эрдэнэтийн айл өрхүүдээ энэхүү түлшээр бүрэн хангах зорилго тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл бусад аймаг болон нийслэл рүү өргөжүүлж чадаагүй байгаа. Бид өнгөрсөн зургаадугаар сард гарааны бизнес төслийн уралдаанд оролцож шалгараад 40 сая төгрөгийн дэмжлэг авч үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг асуудлуудаа шийдэж эхэлсэн. Мөн аравдугаар сард гэр бүл хүүхэд залуучуудын газраас зохион байгуулсан "NextGen-2022" улсын уралдаанд амжилттай оролцож 20 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг авч чадсан.

-Цаасны олдоц хангалттай хэмжээнд байж чадаж байна уу?

-Цаасны хаягдал ихээр гардаг томоохон газруудтай хамтарч ажилладаг болсон. Өөрөөр хэлбэл хогийн цэгт хаяулахгүйгээр бид өөрсдөө очоод худалдаад авчихдаг. Хотод бол 1 тонн цаасыг 200 мянган төгрөгөөр ч юм уу авдаг бол энд 500-600 кг цаасыг 10 мянгаар авчих боломжтой. Ингэхдээ цаасны ямар ч төрлийн бүх хаягдлыг ашиглаж болдог. Ганц шаардлага нь бохир цаас байж болохгүй.

-Эко түлшнээс өөр үйлдвэрлэж байгаа ямар нэгэн зүйл бий юу?

-Хаягдал цаас, ургамлын болон малын гаралтай хаягдал тосоор бүх төрлийн түлшийг богино хугацаанд асаах эко галлагч бүтээсэн. Энэ бүтээгдэхүүнийг 1000 төгрөгөөр худалдаж аваад нэг сар хэрэглэх болмжтой. Мөн аргалаас газ гаргах технологийг туршиж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-24 10:48

Утаагүй шатдаг юм энэ хорвоод байхгүй.

Зочин
Зочин
2023-01-26 19:02

6500 ym uu 10d honogiin omon 8000 awsan

Холбоотой мэдээ

Back to top button