Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлагаУРЛАГ

Л.Болдбаатар: Оркууд сонсдог гэдэг ч нийтийн дуу бол монгол түмний үл хуучрах сонгодог урлаг

Гадаа -32 хэмийг зааж байлаа. Өвлийн ийм л хүйтэн өдрүүдэд гараа ээн дулаацаж болох халуун пийшин шиг яриа хийх сэн гэж адгасан сан. Тийм яриа болсон эсэхийг мэдэхгүй ч таны өмнө дэлгэж байна. “Монгол бөхийн өргөө”-ний  тэхий голд суун дотроо уудалсан энэ эрхэм бол Лосолын Болдбаатар.

Хотолзон хөдлөх, будаг нь халцарсан энэ л тайзан дээр тэр нэгдүгээр сарын 25-наас эхлэн дуулна. “Дэлгэр найрын хоймор”-т нь очихоор зэхэж буй, хараахан очиж амжихгүй гээд хэн бүхний өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Болдбаатар ийн ярьж байна.


-Та цагаан сар бүрээр л тоглолтоо хийгээд байх шиг ээ. Хэдэн оноос хойш тасралтгүй ийн тоглож байна вэ?

-Оны дараахан миний төрсөн өдөр болдог. Төрсөн өдрөөрөө тоглолт хийгээд уламжлал болчхож. 2004 онд СУИС-ийг төгсөж, анхны тоглолтоо гуравдугаар сарын 18-нд “Хар нүдэн бүсгүй” нэртэйгээр хийж байлаа. Түүнээс хойш л нэгдүгээр сарын 20-д гаргаад тоглолтоо хийдэг уламжлалтай болчихсон. Ковид гээд л сүүлийн гурван жил тасарчхаад байлаа.

-Цагаан сарын өмнөхөн тоглолтоо хийдгийг тань аав, ээж хоёртоо золгож буй их золголт юм болов уу гэж ойлгоод байсан юм. Тэгвэл би буруу бодож л дээ?

-Оны дараа бие даасан тоглолтоо түмэн олондоо хүргэнэ гэдэг тэр жилийн өөрийнхөө өнгө төрхийг тодорхойлчхож байна гэсэн үг. Бас нэг ёсондоо аав, ээжтэйгээ цагаан сараас өмнө золголцож байж ч мэдэх юм. Маш сайхан гаргалгаа байна, баярлалаа.

-Тайзаа хэр санаж, бэтгэрсэн байх юм. Гурван жилийн дараа гэхээр үзэгчгүй ч бэлтгэлийн үеэр тайзнаас нулимстай буусан болов уу гэж бодох..?

-Байлгүй яахав. Тайзаа их санасан байна. “Монгол бөхийн өргөө”-ндөө дуулаад бүр сурчхаж. Хоолой маань их эдгэсэн байна. Сарын турш формдоо орох гэж их зүдэрлээ. /инээв/ Тоглолт болох өдрөөс эхлээд догдлол бүр хүчтэйгээр сэрнэ байх.

Ер нь миний тоглолтыг орон нутгаас хүмүүс их ирж үздэг. Оросын Тува, Буриадууд бас.  Өчигдөр л гэхэд Увсаас тоглолт үзэх гээд автобусаар дүүрэн хүн гарч байх жишээний. Над руу бүр бичлэгээ явуулцгаасан.  

-Зарим хүмүүс өөрийгөө хаана хүрэхээ, хаана хүрээд зогсохоо хүртэл мэдэж л байдаг. Та хүүхэд байхдаа ард түмний хайртай хүү болж, өнөөдрийн энэ өндөрлөгт хүрнэ гэдгээ мэддэг байв уу. Мэддэг гэхээс илүү мэдэрдэг байв уу гэж асуух нь оновчтой юм байна?

-Би ер нь багаасаа дуулъя л гэж боддог байсан. Хоёрдугаар ангиасаа л П.Адарсүрэн, С.Цэрэнчимэд нарын дуунуудыг кассетнаас сонсож өслөө. Аав болоод аавын ах дүүс цөм сайхан дуулна. Манай аав чинь тээврийн жолооч хүн байсан. Холын замд хамт явахад сайхан дуулна. Аавыг дагаж дуулаад л. Нэг мэдэх нь ээ дуу, хөгжим рүү яваад орчихсон байсан. Тавдугаар ангиас хойш багш нар ч миний дүнг автоматаар гаргадаг болсон. “Миний хүү чи хоолойгоороо л хоол олж иднэ. Юун математик, юун монгол хэл” гээд л. /инээв/

Аав, ээж бол миний төлөө бүх л юмаа тавьсан. Намайг урлагийн замд хөтлөхөд бүх амьдралаа зориулсан. Багад болдог байсан бүхий л уралдаан, тэмцээнд аав, ээж намайг хөтөлж очоод л оруулна. Би нэг их гавихгүй ээ. Үзэгчдийн шагнал л авна. Гэсэн ч миний аав, ээж ер шантраагүй. Намайг дуучин болгоно гэж, Увсаас Төв аймагт нүүж ирсэн.  Тэр жилээ аав маань бурхан болж, ээж, хоёр дүү бид дөрвүүл үлдсэн. Тэр үед ээж маань л “Аавын чинь мөрөөдөл энэ” хэмээн намайг СУИС-д оруулж, дуучны замд хөтөлсөн дөө.

Ер нь бол амьдрал, багийн мөрөөдөл минь л өнөөдрийн намайг бүтээсэн гэж би боддог.

-Аавыгаа өнгөрдөг тэр жил та мал дээр гарах шийдвэр гаргаж байсан гэдэг. Тэр үед ээж тань тас зөрж, хориглоогүй сэн бол хөдөө малчин болох байж. Гэлээ гэхэд та уулын мухарт дуу, хөгжимгүйгээр амьдарч чадах байсан болов уу. Тэд лав дотроос тань хатгаад тайван суулгахгүй байсан байх?

-Аав минь миний доод талын дүүг аваад, мал дээр гарчихсан. Ээж хамгийн бага дүүтэй минь хамт аймгийн төвд байж, намайг сургуульд сургасан. Ер нь бол бүхий л амьдралаа миний төлөө зориулцгаасан. Том хүү маань өнгөтэй, жавхаатай явбал хоёр дүү нь сайхан явна гээд л.

Би чинь мал дээр өссөн хүн биш. Мал дээр гараад, мал маллах хэмжээний ч мэдлэгтэй хүн биш. Яахав тэр үед ээжийгээ зоригжуулаад, “Хэдэн малаа би маллаад, амьдралаа цааш нь авч явах ёстой юм байна” гэсэн. Тухайн үед яагаад тэгж хэлсэн юм бүү мэд. Ээж миний үгийг эрс эсэргүүцэж, “Чамайг би СУИС-д заавал оруулна аа” гээд хөтөлж авчирсан. Ээж маань үлдсэн хэдэн малаа зараад, миний нэг жилийн төлбөрийг хийсэн. Удаах он жилүүдийн сургалтын төлбөрийг ээж маань “Баянзүрх зах” дээр ногоо зарж хийсэн дээ. Тэгж л миний дуучин болох туйлын хүслийг гарт минь бариулсан юм даг.

-Одоо хоёулаа “Баянзүрх зах”-ын ардхан талд “Монгол бөхийн өргөө”-нд ярилцаад сууж байна. Энэ хавь тэгэхээр таны хувьд дотно, дулаахан газруудын нэг байх нь ээ?

-Би анхны тоглолтоо “Ub palace”-т хийж байсан. Түүнээс хойших бүх тоглолт “Монгол бөхийн өргөө”-нд. Яагаад ч юм 13-р хороолол, энэ эрэг надад их дотно санагддаг. Хавдар судлалын эмнэлэгт аав маань хэвтэж байсан юм. Тэр үед би анх хотод ирж, 13-р хороололд бууж, алхаж байлаа. Тэгэхээр энэ эрэг миний дотор өөрийн байраа эзэлсэн дулаахан газруудын нэг.

-Аав тань таныг дуучин болгохоор хот бараадан нүүж ирсэн. Багш тань ч “Чи дуулах л гэж төрсөн хүн” гэж хэлж байсан гэдэг. Ер нь өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд үг болоод үйлдлээрээ танд ийн илэрхийлж, хөтөлсөн хүн гэвэл хэн, хэнийг нэрлэх вэ?

-Эргэн тойронд байгаа найз нөхөд, арван жилийн минь багш нар гээд уулзсан хүн болгон л намайг “дуучин болно” гэдэг байж. Би ч дуучнаас өөр сонголтын талаар огт бодож байсан удаагүй. Түмэн олон минь намайг их сайхан өлгийдөж авсан даа.

Хамгийн анхны уран бүтээл минь “Холын тэнгэр аав минь” байсан. Циркийн тайзнаа гараад дуулахад, сууж байсан 1000 гаруй үзэгч бүгд уйлаад л. Тэр өдрөөс маш их урам авч, “Би дуулах л ёстой юм байна” гэх бодол тархинд бат хадагдсан. Түүний араас “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Бурхан жолооч аав”, “Хүрээ байшин” дуунууд мэндэлж, түмэн олон минь намайг сайхан өлгийдөж авсан. Би үүнд их баярлаж, өөрийгөө азтайд тооцож явдаг.

-“Холын тэнгэр дуу”-г С.Жавхлан дуулахаар байж байгаад, танд өгч байсан гэдэг.

-С.Жавхлан маань Эрдэнэт рүү яваад, 2-3 дуутай ирж байсан юм. Түүний нэг нь “Холын тэнгэр аав минь”. 2-3 жил өөрөө дуулах гэж үзсэн юм, цаа чинь. Тэгээд “Би биш юм байна. Миний найз дуул” гээд надад өгсөн. Би студи орж нэг дуулаад л гараад ирсэн. Ер нь тэгээд бидний дунд дууны холио, солио байдаг л үзэгдэл. “Хонгорхон үр минь” гэдэг дууг би арван жилдээ дуулдаг байсан. Увсын ард түмэн миний дуулдаг байснаар бүгд мэддэг. Тэр дууг маань С.Жавхлан, Т.Баясгалан хоёр дуулдаг болсон. “Сэм сэмхэн” гээд дууг С.Жавхлан надад өгч байсан. Энэ мэт солио зөндөө.

“Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дууг би наймдугаар ангид байхдаа цэргийн ангид ажилладаг нутгийн ах Д.Лувсаннямаас сурч байсан. Бид хоёр бичүүлчихсэн байснаа яагаад ч юм нэг өдөр цацаж таарсан. Хувь тавилангаараа ч тэр юм уу бүү мэд. Минийхээр түмэнд хүрсэн.

-Бэлтгэл дээр тань ирээд сонсож байх нь аавын дуу барагтаа дуулсангүй. Би буруу бодоогүй бол та аав, ээжийн дуунаас зугтаагаад буй юм шиг ээ.

-Миний эмзэг сэдэв болохоор яг л тулсан үед дуулах юм сан гэж боддог. Жишээ нь “Холын тэнгэр аав” минь дууг би 2005 оноос хойш тайзан дээр дуулаагүй. Залуу эр бяр нь амтагдсан үедээ л дуулж. Одоо дуулъя гэхээр дотор өмөлзөөд, огшоод ер чаддаггүй юм. Уран бүтээлийг дуулна гэдэг чинь аав, ээжийгээ бодохын л нэр. Өөрт тохирсон дуугаа дуулахаар өөрийн эрхгүй биеийн шар үс босоод, сайхан байдаг.

-Өнөөдрийн тоглолт дээр энэ дууг тань сонсчих юм сан гээд нэг хүн сууж байхыг үгүйсгэхгүй. Түүнийг хэрхэн мэдэрч, тохируулга хийдэг вэ?

-Мэдээж дуулж өгнө. Одоо би тоглолтынхоо хөтөлбөрийг өрөх гэж байна. Хөтөлбөрөөрөө явъя гэвч заримдаа 100 хувь эргэнэ. Үзэгчид тэрийг дуул, тэрийг дуул гэнэ. Ёстой найр л болно. Тэгээд тухайн үеийн эмоциороо л шийднэ дээ. Нэг огшчих юм бол хоолой чичрээд гарахгүй. Их сонин, сонин юм болно. Энэ ард түмэн чинь хүнийг уйлуулчихдаг байхгүй юу. Аймар гоё алга ташаад л.

Түмэн олныхоо мэддэг дуунуудыг амьд хөгжимтэйгөөр дуулна аа. Гурван өдрийн тоглолт дээр дуулагдах дуунууд огт давтагдахгүй. Уран бүтээлч хүн бүхэн бүхий л уран бүтээлээ тоглолт дээрээ дуулчих юм сан гэж боддог байх. Түмэнд хүргэсэн уран 100 гаруй уран бүтээлээсээ шигшсэн дуулна аа.

-Та хоёр дүүтэй. Сонсголын бэрхшээлтэй ч гэсэн ирээд, хүмүүс тоглолтыг тань үзээд хэрхэн баярлаж, бахдаж, жаргаж байгааг хараад суудаг болов уу гэж бодож байна. Өнөөдрийн тоглолтыг тань ирж үзнэ биз дээ?

-Хамгийн бага дүү маань нэг охин, хоёр хүүтэй. Миний доод талын дүү хоёр охинтой. Хоёул тусдаа гарчихсан сайхан л амьдарч байна. Жил бүр л ирж тоглолтыг минь үздэг. Ахаараа бахархаж явдаг болов уу гэж боддог. Өнөөдөр ирж тоглолт үзнэ, үзнэ. Дөнгөж таны өмнөхөн ирээд, урилгаа авсан.

-Та амьдралын ямар өдөр, үеүдэд аавыгаа их бодож байна?

-Баяр ёслолоор л их бодогдоно. Наадам, цагаан сараар. Бас тоглолт бүрээр бодогдоно. Тэнд нэг суудал эзгүйрээд л.

-Аав тань жолооч хүн байсан. Тэр ч утгаараа “Бурхан жолооч аав” дууг захиалж хийлгэсэн байх гэж боддог. Энэ дуутай ямар хувь төөргөөр учирч байв?

-Хувь тавилангаар надад ирсэн дуу. Л.Галмандах багшид н.Пүрэвсүрэн гээд хүн шүлгийг нь бичиж ирээд, захиалга өгсөн юм билээ. Багш аяыг нь хийчхээд намайг дуулаач гэсэн. Надад эхлээд таалагдаагүй. Би ч нэлээн зугтсан. Багш намайг чихдэж, студи оруулаад, “миний хүү дуулчих” гэсэн. Би анхны мэдрэмжээрээ л дуулсан.

-Аав, ээжийн тань, таны ч мөрөөдөл биелж, ард түмний хайртай дуучин боллоо. Бүх хүний таньдаг хүн байх хэцүү, дараатай санагдах юм уу?

-Олны танил байна гэдэг чинь гоё. Хүн өөрөө, өөрийгөө авч явж чадвал түүн шиг аз жаргал гэж үгүй.

Би чинь тайзан дээр дандаа дээлтэй дуулдаг. Гадуур энгийн хувцас өмсөөд явахаар таньдаггүй юм. /инээв/ Таньсан нэг нь “Чи их л том биетэй харагдаад байдаг. Ийм жижигхэн залуу байсан юм уу” гэнэ.

-Өдөр тутамдаа дээл өмсдөг байя гэж боддог уу?

-Дээл өмсөх дуртай. Орон нутаг руу явахаараа дандаа л дээл өмсдөг. Олон ч дээлтэй.

-Хэдэн дээлтэй вэ. Захиалж хийлгэдэг үү. Эсвэл худалдаад авчихдаг уу?

-Тоглолтынхтой нийлээд 60-70 гаруй дээл бий. Бүгдийг нь л захиалж хийлгэнэ.

-Энд, тэнд очихоороо үүнийгээ л дуулчих юм сан гэдэг. Эсвэл хайрлаад дуулж чаддаггүй ч юм уу. Таны хамгийн хайртай уран бүтээл?

-Би бүх уран бүтээлдээ хайртай. Өөрөө шимтэж дуулсан болохоор хайрлахгүй байж чадахгүй. Энд, тэнд очихоороо харж байгаад, түмэн олны сонсох дуртайг нь сонгож дуулдаг. Энэ нь муухай, энэ нь гоё гэж огт ялган бодож байгаагүй. Миний уран бүтээлүүд миний хүүхэд юм чинь.

Амьдрал хэцүү санагдвал дуугаа дуулж л тайтгардаг төрлийн хүн. Дуу үгүй л бол би гэлтгүй хүн төрөлхтөн амьдарч чадахгүй. Би нэг шинэ уран бүтээл хийхэд бол тэр жил,саржингаа тасралтгүй сонсдог. Түүгээрээ хөгжиж явдаг. Ямар ч хөрөнгөнөөс илүү нэг сайхан дуу дуулчихад л энерги эрч хүч авч чаддаг. Өөрийгөө аймар тоодог.

-Өөрийгөө тоодог гэлээ. Зарим хүн өөрийгөө тоогоод ирэхээрээ л уран бүтээлчийг зогсдог гэлцдэг. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?

-Би СУИС-д байхаасаа л тоогоод эхэлчихсэн юм. Хүн өөртөө таалагдаж амьдрах ёстой л доо. Гэхдээ өөрөө, өөртөө дуулах биш. Түмэн олонд зориулж дуулах ёстой л доо. Түүнээс биш биеэ тоох тухай ойлголт биш юм. Шинэ уран бүтээл гаргаад түүнээсээ асар их эрч хүчийг авдаг байхгүй юу. Өөрийгөө тооно гэдэг чинь тэр л байхгүй юу.

-С.Жавхлан та хоёр хамаатнууд гэсэн. Яг ямар талаараа хамаатнууд юм бэ?

-С.Жавхлангийн өвөө, манай өвөө хоёр ах дүү хоёр. Гэхдээ төрөл садан гэхээсээ илүү найз нөхөд. Жавхаа 1997 оны төгсөлт, би 1998 оны төгсөлт. СУИС-д хамт орж, хамтдаа нэг жил амьдарсан. Дэрсхэн хоёр чинь Арслантай гүүрнээс СУИС руу хамтдаа алхана. Буцахдаа автобусанд сууна. Автобусны үйлчлэг эгчээр чимхүүлнэ. Их л гоё дурсамжууд бидэнд бий.

Жавхаа маань нийтийн дууны урлагийг бас нэг өөр түвшинд гаргаж ирсэн хүн. Хүмүүс нийтийн дууны урлагийг хөдөөний урлаг, оркууд сонсдог гээд байдаг. Үүнийг бол би хэзээ ч үл хуучрах монголын ард түмний сонгодог урлаг гэж боддог. Хүн бүр амандаа аялаж л байдаг. Зарим хүмүүс “Чи нийтийн дуу сонслоо, хөгширчхөж л дээ” гэнэ. Хөдөө явж байгаа хүн бүр л нийтийн дуу сонсдог шүү дээ. Тэр ч утгаараа хөдөөний хүн л сонсдог урлаг гэдэгтэй би санал нийлдэггүй юм.

Би яагаад жил бүр тоглолт хийдэг гээч. Хүмүүс намайг үздэг, сонсдог учир. Ард түмэн нийтийн дуунд хайртай болохоор би тоглолтоо хийдэг юм. Үздэггүй байсан бол би энд, тэндхийн албан байгууллагуудаар тасалбараа бариад явж байгаа. Би тэгэх гэж дуучин болоогүй юм.

-Энэ удаагийн тоглолтод С.Жавхлан найз тань ирж ая дуугаа өргөх үү?

-Цаа чинь нэгдүгээр сарын 26-нд Европ руу явна. Явахаасаа өмнө 24-ний тоглолт дээр ирнэ. Бид чинь дутуугаа дүүргэж, дундуураа нөхөн нөхөрлөж яваа улс. Нэг дуу дуулсан ч би Жавхаад сонсгоно. Жавхаа ямар нэг тоглолтод дуулахаар бол алийг нь дуулах уу гэж асууна. Бид ингэж л нөхөрлөдөг.

-Залуу үеийнхэн нийтийн дуу тэр бүр, өдөр тутамдаа сонсоод байдаггүй. Гэсэн хэдий ч Л.Болдбаатар, С.Жавхланг мэддэг, сонсдог.  Залуу үеийнхэн нийтийн дуучдаас та хоёрыг онцгойлон хайрлаж, шимтэн сонсоод байгаагийн учиг шалтгааныг хэрхэн хардаг нь сонин байна?

-/Инээв/ Естой мэдэхгүй юмаа. Монголд асар олон уран бүтээлч бий. Дотроо цагаахнаар өрсөлдөөд л. Өрсөлдөөнгүй бол энэ урлаг хөгжихгүй. Тэгэхээр илүү өрсөлдөөд байгаад учир нь байгаа юм болов уу. Эсвэл илүү хөдөлмөрлөөд байгаа юм болов уу. Ёстой хариулж мэдэхгүй юм.

Ямартай ч би өөрийгөө мөрөөдөлдөө хүрсэн хүн гэж боддог. Ард түмний хайртай дуучин болно гэж дандаа боддог байсан. Түмэн олны хайр хүндлэлийг хүлээгээд сайхан л байна.

-Сонгодог бүтээл дуулах сан гэх мөрөөдөл тээж явдаг тухайгаа 2015 онд ярьсан байдаг. Одоо энэ мөрөөдлөө ганзагалж яваа юу, эсвэл гээчихсэн үү. Эл асуултаар ярилцлагаа жаргаая?

-СУИС төгсөөд 20-иад жил боллоо. Сонгодог урлаг гэдэг чинь агуу юм байхгүй юу. Нэг сайхан итали ч юм уу орос дуу дуулна гэж боддог. Нэг өдөр дуулчихна аа. Тун удахгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-24 10:20

Сайхан дуучин шүү. Баярл##аа

Зочин
Зочин
2023-01-24 10:24

хөөрхөн инээдгийн шүү Болдбаатар

ЗочинХэн
ЗочинХэн
2023-01-24 10:42

Өө тоглолтоо хийж байгаа юм уу. Ижий аавдаа үзүүлэхсэн даанч орон нутагт хол байгаа. Болдбаатарын дууг сонсох дагаж дуулах дуртай хүмүүс байдаг юм

Зочин
Зочин
2023-01-24 11:18

Сайхан дуучин. Орк моркууд сонсдог бишээ хотод з##уус бүгдээрээ сонсдог. Зүгээр дурын нэг хот хоорондын тээвэрт суухад болдбаатрын дуу явж байгаа дууг нь хүмүүс дагаад дуулаад л явж байгаа ш дээ

Эмээ
Эмээ
2023-01-24 12:29

Сүүлийн тоглолт хэзээ вэ. Билет яаж захи##ах вэ.

Last edited 13 Өдөр Өмнө by Эмээ
Зочин
Зочин
2023-01-24 12:41
Reply to  Эмээ

Ticket.mn

Зочин
Зочин
2023-01-24 16:17

Энэ хүн дуучин юмуу? Сонгодог урлагийн тайзан дээр хараагүй л юм бн.

Maanag yumnuud ih bainaa
Maanag yumnuud ih bainaa
2023-01-24 18:17

Za aa da.

Зочин
Зочин
2023-01-24 22:13

Дандаа гоё яриа уншуулах юм энэ охин

Хар
Хар
2023-01-27 17:15

Товчхон гоё хэллээ.

Холбоотой мэдээ

Back to top button