Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Хөндүүр сэдэв: Хөдөлмөрийн мөлжлөгийн ХУВИЛБАРУУД ба хэрхэн мэдэх, таслан зогсоох вэ

“Vadda magazine”, “B production” зэрэг ААН-үүд ажилчдынхаа эрхийг зөрчиж, хөдөлмөрийн мөлжлөгт оруулсан байж болзошгүй тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байгаа билээ. Тиймээс бид энэхүү эмзэг сэдвийг олон нийтийн анхааралд орсон дээр нь олон талаас нь хөндөж, хууль эрхзүйн хэрэгжилтийг хангах, байхгүй зохицуулалтуудыг нь нэмж бий болгох үүднээс энэхүү нийтлэлийг бэлтгэн хүргэж байна.   

-Хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрүүд, шалтгаан, засах арга зам-  

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх харилцаа, зохицуулалтыг 2021 оноос өмнө, 2021 оноос хойш гэж хоёр хувааж авч үзэж болно. Учир нь, “Хуульчилсан хөдөлмөрийн мөлжлөг”, “Гурван сарын хөдөлмөрийн мөлжлөг”-ийг хүлээн зөвшөөрсөн гэж шүүмжлүүлдэг байсан  Хөдөлмөрийн хуулийг УИХ 2020 онд шинэчилж, 2021 оны эхний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн юм.

Хууль эрхзүйн шинэ орчинд шилжээд нэг жил өнгөрлөө, ахиц дэвшил гарсан байна.  

Гэсэн ч эхнээсээ “шүгэл үлээгдэж” байгаа нь шинэ хууль мөрдөгдөхгүй юм уу засаж залруулах зүйл байгаа гэсэн үг. Энэ буруу биш, угаас аливаа хууль тогтоомж цаг үе, нөхцөл байдлаа даган байнга шинэчлэгдэж, харилцааг зохицуулах чадвараа хадгалж, сайжруулж байх ёстой.

Тэгэхээр, бид судалгаа явуулсны эцэст өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөрийн мөлжлөг бодитойгоор үршин байна гэж үзэж байна. Эдгээрийг засаж залруулах боломж нь нээлттэй бөгөөд зарим зайлшгүй хийх ажлыг нийтлэлийн төгсгөлд оруулсан болно.

1.Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажиллуулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багаар цалинжуулах

Кейс: “Вадда магазин”. Тус байгууллага нь нэгэн ажилтандаа есөн сарын турш нийт 2,915,000 төгрөгийн цалин олгожээ. Энэ нь хуульд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага хөлсөөр ажиллуулсан зөрчил байна.

Мөн иргэдийг “Туршилтын хугацаа долоо хоног байна. Эхний хоёр сард 1 сая төгрөгөөр, гурав дахь сараасаа 1.2 сая төгрөгөөр цалинжуулна” гэж амлан ажилд авсны дараа туршилтын хугацааг тодорхойгүй хугацаагаар сунгаж байсан зөрчил гаргажээ. Хууртагдсан иргэн хуулийн байгууллагад хандахаа илэрхийлсний дараа 196.000 л төгрөг олгосон аж.

Хуульд зааснаар, ажилтан ажил олгогчтой зургаан төрлийн хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжтой, тэд бүгд үндсэн цалингаас хувилсан цалин хөлстэй байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин олгосон, туршилтаар ажиллуулчихаад гэрээгээ байгуулахгүй байх, гэрээ байгуулсан ч НДШ, ЭМДШ төлөхгүй байвал тухайн ААН-д зөрчлийн хуулиар арга хэмжээ авдаг.

2. Гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэх.

Кэйс: “В production”. Тус компани дуучин Н.Энэрэлсайхантай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ билүүлээгүй, цалин хөлсийг нь олгоогүй байна.

Гэрээтэй холбоотой асуудал хөндөгдсөн дээр хэлэхэд, Энд нэг зүйлийг онцлоход, ААН-ААН, Төр-ААН хооронд байгуулсан гэрээгээ үл биелүүлэх нь хөдөлмөрийн мөлжлөг бий болох бас нэг хөрс болдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

Ялангуяа төр гүйцэтгэсэн ажлын төлбөрийг өгөлгүй удаах, тэгсэн хэр нь ажлаа үргэлжлүүлэх, тэр бүү хэл өөрийн хөрөнгөөр үргэлжлүүлж дуусгахыг шаардах зэрэг нь ААН-ажилтан хоорондын харилцааг хүндрүүлж, хөдөлмөрийн мөлжлөг үүсэх нэг шалтгаан болж байна.

3. Ажлын байранд зуучлах нэрээр хөдөлмөрийн мөлжлөгт оруулах

Цагийн ажил, өдрийн ажил хийх, ажилтан авч ажиллуулах, зуучлах соёл манайд бий болоод багагүй хугацаа өнгөрчээ. Гэхдээ ололттой тал бий ч зуучилсны хөлс дэлхийн жишгээс өндөр байгаа нь иргэдийг хөдөлмөрийн мөлжлөгт оруулах нэг шалтгаан болж буй.

Ажлын байрны үнэлгээ өөр, өөр. Жишээ нь, зуны цагт барилгын туслах ажилтны өдрийн цалин хөлс 70-90 мянган төгрөг байдаг аж. Харин баталгаагүй эх сурвалжийн хэлснээр хөдөлмөр зуучийн компаниар ажилд зуучлуулах иргэд өдрийн тогтмол 50,000 төгөргөөр ажиллаж хэвшсэн байдаг байна.

Зуучлалын компани зарим өдөрт хөнгөн, зарим өдөрт хүнд ажилд хуваарилах маягаар зохицуулалт хийдэг ч шимтгэл нь олон улсын, тухайлбал энэ төрлийн үйлчилгээ өндөр хөгжсөн БНСУ-аас 2-3 дахин өндөр байгаа юм.

Энэ асуудлыг хуулиар зохицуулж болно.

4. Мэргэжил боловсролгүй байдлыг нь далимдуулж хөдөлмөрийн мөлжлөгт оруулах

Иргэдийг тодорхой мэргэжлээр сургаж ажлын байранд зуучлаад цалин хөлснөөс нь шимтгэл авч боолчилдог бүлэглэл Монголд ААН болж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэхээр уншигч та гайхаж магадгүй. Үнэхээр тийм бүлэглэл байдаг.

Өнөөдөр Монголд мэргэжлийн боловсрол, хөдөлмөр сургалт, ажилд зуучлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ихэнх байгууллага төлбөрөө авсны үндсэн дээрээс ажилд зуучилдаг. Тэгвэл зарим байгууллага иргэнийг эксковаторын жолооч, гагнуурчин гэх мэт мэргэжилд сургасныхаа дараа туслан гүйцэтгэгч компанийн дүрээр уул уурхайн компанид ажилуулж, цалингаас нь шимтгэл авдаг байна.

Ялангуяа уул уурхайн томоохон туслан гүйцэтгэгч компаниуд энэ ажилд гүнзгий хутгалдсан байдаг. Ийм компаниар дамжиж хөдөлмөрөө мөлжүүлсэн олон хүнтэй уулзахад “Яг адилхан ажил хийж байгаа үндсэн ажилтны цалин минийхээс хоёр дахин өндөр байдаг. Яагаадыг мэдэхгүй. Хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байгаагаа мэдэрдэг ч өмнө нь авч байсан цалингаас хамаагүй өндөр болохоор тэвчдэг” гэх нийтлэг хариу хэлж байсан юм.

Ажилд зуучилдаг, туслан гүйцэтгэдэг компаниуд хаа ч бий. Гэхдээ төлбөрөө авдаг болохоос тогтмол шимтгэл авдаггүй. АНУ-д гэхэд хөдөлмөр сургалтын төвүүд эхлээд сургаж, ажилд орсон хойно нь төлбөрөө хэсэгчлэн төлүүлдэг. Төрөөс мэргэжил сургалтын төвүүдийг бодлогоор, бодитой дэмждэг.

Манайд урьдчилж сурах, төлбөрөө ажилд орсон хойноо төлөх гэх мэт уян хатан нөхцөл үгүй учир хөдөлмөрийн мөлжлөгт оруулж байгаа компани буян үйлдэгчийн дүртэй явж ирлээ.

Хөдөлмөрийн мөлжлөгийг Үндсэн хуульд агуулгын өөрчлөлт хийж цэгцлэх боломж

Монголд хөдөлмөрийн мөлжлөг далд хэлбэрээр яваад байгаа нэг том суурь шалтгаан нь Үндсэн хууль бөгөөд энд иргэний эдлэх эрхийг хэт бүрхэг, ерөнхий оруулж өгснөөс болсон гэж харах үндэслэл бий. Тодруулбал, эцэг хуульд зарим зүйл заалтыг хэт ерөнхий оруулж, төрийн үүргийг тодорхой хариуцлагажуулж өгөөгүйтэй холбоотой .

Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд иргэнийг эрүүл, аюулгүй орчин нөхцөлд “Амьд явах эрхтэй” /16.1/ гэж заасан ч ямар хэмжээнд амьдрах талаар заагүй. Тэгвэл БНСУ-ын Үндсэн хуульд “Иргэн бүр хүн төрөлхтөнд зохистой хэмжээнд амьдрах эрхтэй” /34 дүгээр зүйл/ гэж заасан байдаг. Хүн төрөлхтөнд зохистой хэмжээнд амьдрахын тулд хөдөлмөрлөж зохистой цалин авч байх ёстой, харин энэ боломжийг нь төр бүрдүүлэх үүрэгтэй.

БНСУ-ын Үндсэн хууль нийгмийн эрх ашгийг дээдлэх, хүний эрхийг хангах дээд зэргийн мэдрэмжтэй гэдгийг батлах өөр нэг нэг жишээ нь, “Эрх баригчид аливаа зүй ёсны шийдвэр гаргахгүй эс үйлдэл хийх, гаргахаас татгалзахыг хориглосон заалт юм.

Өөрөөр хэлбэл, эрх баригчид ард түмний үндсэн эрхийг хамгаалах хууль тогтоомж гаргахгүй байх, эсхүл хууль тогтоомж нь үндэслэлгүй бөгөөд Үндсэн хуульд нийцээгүй болох нь тодорхой болсон тохиолдолд эрх баригчид Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үздэг байна.  

Үндсэн хууль, бусад хуульд дээр дурдагдсан агуулгыг шингээж өгөх явдал юм.

Мөн хамгийн гол хүчин зүйл нь ажлын байрыг нэмэгдүүлэх явдал. Ажлын байр хангалттай бол иргэд бүгд ажлын байртай, идэвхжүүлэлтийн уламжлалт арга болох цалин нэмэгдэх горьдлого, албан тушаал ахих горьдлого тээн, хичээж ажиллах болно /Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталгаажсан эрхийнхээ дагуу тохирох хөлсөө авч байгаа тохиолдолд/.

Харин Үндсэн хуульд агуулгын өөрчлөлт оруулахгүй, ажлын байр ховор хомс байгаа одоогийн нөхцөлд бол иргэд үндсэн ажилтан болж үлдэх горьдлого тээн, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөөр байх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-24 10:31

Хөдөлмөрийн мөлжлөг гүйцэтгэх шатан хэтэрхий их байна аа. Ингэхээр з##уус сэтгэлээсээ хийж бүтээх урамгүй болчихож байгаа юм шдээ.

Стар
Стар
2023-01-24 10:35

З##уусын урам зоригийг хуг##сан улсууд ######цгөө өөрсдөө ингэж мөлжүүлээд үзээсэй билээ

ЗочинХэн
ЗочинХэн
2023-01-24 10:44

Хөдөлмөрийн мөлжлөгт орж байгаа үгүйгээ з##уус өөрсдөө ухаараад урьдчилан сэргийлнэ биздээ. Тэнэг юм шиг бүтэн 1 2 жил мөлжүүлээд сууж байгаагаа ойлгодоггүй яваад байхдаа яахав дээ

Зочин
Зочин
2023-01-24 11:23

хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байж тэрийгээ мэддэггүй мангар уу

Холбоотой мэдээ

Back to top button