Нийслэл

С.Амарсайхан: Сайжруулсан түлш түлдэг айл өрхөөр орж хоноё

Аравдугаар сарын 16-17-нд шилжих шөнийн 00:00 цаг орчимд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс орчимд байрлах Сайжруулсан түлш борлуулах цэг дээр очиж, түлшний тээвэрлэлт, түгээлт, нөөц, иргэдийн худалдан авалтын талаар борлуулагчтай уулзаж, мэдээлэл сонсохоор очлоо.

Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан Шар хадны эцсийн буудал орчимд иргэн н.Цэнгэлтэй уулзаж, сайжруулсан түлшний талаар санал сэтгэгдлийг нь сонсох явцдаа, түүний гэрээр орж, түлшний чанар, хэрэглээний тухай ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Иргэн н.Цэнгэл автобусны буудлаас холгүй, өөрийн ах эгч нь сайжруулсан түлш хэрэглэж байгаа, очиж болно гэдгийг хэлсний дагуу, Хотын захирагч С.Амарсайхан иргэн н.Цэнгэлийн машинаар түүний ах Х.Хишигцэвэгийнд очиж, гэрийн эзнээс зөвшөөрөл авч гэрт нь зочиллоо.

Хотын захирагч С.Амарсайхан “Танай дүүтэй тааралдаад, дагаад хүрээд ирлээ. Гэртээ орохыг зөвшөөрсөн та хоёртоо баярлалаа. Бидний ингэж айл өрхөөр орж байгаа нь сайжруулсан түлшний хэрэглээ ямар байна, борлуулалтын цэг айл өрхүүдэд хэр ойрхон байна вэ, шөнө очоод авахад нээлттэй байна уу, тээвэрлэлт хүртээмж нь ямар байна вэ, түлш хэрэглэх зөвлөмж мэдээлэл иргэдэд хэр зэрэг хүрч байна, түлшний хэрэглээний аюулгүй байдлын асуудал, галлах арга аргачлалын талаар түлш хэрэглэж байгаа иргэдийнхээрээ орж үзье, тулгамдсан хүндрэлтэй асуудлыг нь шийдвэрлэхийн тулд газар дээр нь очиж ажиллая үзье, санал гомдлыг нь сонсоё, мөн дүүрэг хорооны ажил амьдралын талаар ярилцъя гэж танайхыг зорьж ирлээ. Шаардлагатай бол сайжруулсан түлш түлдэг айл өрхөөр орж хоноё гэж бодож байгаа. Хотын даргын хувьд зүгээр мэдээлэл сонсоод явах биш иргэдийнхээ дунд орж асуудлын шийдэл гарцаа олох нь чухал гэж бодож байна” гэв.

Үүний дараа Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг хаалттай байсан сайжруулсан түлшний борлуулалтын 161 цэг дээр очиж, борлуулагчтай нь ярилцан, түлш авахаар ирсэн иргэдэд шөнийн цагаар үйлчлэхэд анхаарч ажиллахыг уламжиллаа.

Т.САНТ

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close