УРЛАГ

Театр шинэ "дүрмээ" танилцууллаа

УДЭТ-т тавигдсан Сычуаны сайн хүнжүжиг

Найруулагч: Э.Ёндоншарав

2022.12.20

Нэгэнт ийм юм болсных нуух юун. Саяхныг хүртэл манай УДЭТ “сонгодог”- “жүжиг” гэх хоёр үгийн холбоог салшгүй юм шиг гагнаж, гял цал чимэглэл, тайз засалтай, хэдий цагийн ч юм; их эртний, бүр дээдсийн хүрээнд л байдаг, эгэл биднээс бурхан шиг хол амьдралын талаарх сэдэвтэй нэлээд удаан зууралдлаа шүү дээ. Тайзан дээрх ганган ганган хүмүүс гоё хэр нь хөндий, чамин хэр нь дуураймал, гүнжийн титэм гэж нэг ийм л юм байдаг даа гээд баримжаалан хийсэн хуванцар тоглоом шиг санагддаг байсныг нуухаа больё. Театр өөрөө барилга, тайз, халаалт тэр байтугай нийтийн ариун цэврийн өрөөндөө хөрөнгө зарж чадахгүй хэр нь ихэмсэг дээд, гоё ганган, язгууртны амьдралыг яаж харуулах юм бэ? Тэгээд л орох бүрийд их гунигтай, их харь болоод явчихна.

“Сычуаны сайн хүн” жүжгийн үеэр л би хамбан улаан сандал дороос хатгаад байдаг тэр нэг эвгүй, нууж ядсан нөхцөл байдлыг чигт нь, гэхдээ ихэд тухтайхан олж харлаа. Тайз нүв нүцгэн. Элдэв мяраан заслын ард үргэлжид оршиж асан даруухан дөрвөлжин тоосгонууд энэ удаад нэрэлхэлгүй үзэгчдийн өмнө янзаараа тодорчээ. “Одоо тэгээд нуугаад яах вэ дээ. Бид ийм л байгаа шүү дээ” гэх.

Тахал гарлаа, дайн дэгдлээ, засаг байтугай эдийн засаг ч хямарлаа. Манай Сычуаны иргэд улам өлсгөлөн, ноход улам олон, ахуй улам зальжин болж; хотын захаараа ч, төвөөрөө ч жиндэж л яваа. Ийм хүнд үед урьдын адил, юу ч болоогүй мэт, хармаагаа сэгсрэн байж өндөр зардлаар дээдсийн амьдралын чамин зовлонг үзүүлэн, хуурмаг дүр эсгээгүй нь бахархууштай. Орчин цагт, тэр дундаа манай улсад жүжгийг дээдэс, сэхээтэн биш шударга бус, эгэл боргил дундуур туучиж яваа залуу хүмүүс үздэгийг ойлгож, хүнд цаг үеийг туулж яваа хүмүүст ойр зохиол сонгосон нь нүдээ олсон хэрэг. Бидний доторлож чадах энэ цаг үе л бидний урлаг бололтой.

Ийнхүү театр шинэ дүрмээ танилцууллаа. АЖ Н.Сувд хойхно талд минь суусан шавь, найз нөхөдтэйгөө ярьж хөөрч байх шиг үзэгчдийн дундуур явж байснаа шууд л тайз руу гараад явчихлаа. Тэгээд үргэлжлүүлэн хүмүүстэй ярьсаар л зогсох ч шиг. Гэтэл юу билээ? Энэ чинь нээрэн Брехт шүү дээ! Угаас тэдэнтэй, надтай, бүхий л үзэгчидтэй ярилцаад, жүжгээ ч, жүжигчдээ ч танилцуулаад байж. Театр хүндээ ойртож байна, орон зайн хувьд жижгэрч, энүүхэндээ л хэдүүлхнээ суучхаад аминчлан ярьж байгаа мэт халуун уур амьсгал өрнүүлэх боллоо гэж Black Box, Зөгий, Орфей театрууд нээгдсэнээс л хойш хүмүүс ярьж, бичиж байгаа. Гэхдээ энэхүү жүжиг тайз, орон зайн гэхээсээ илүү өөр нэгэн зүйлээр үзэгчид рүү нэг алхам ойртжээ. Тэр нь юу вэ гэхээр...

Ойрд кино үзэж, зохиол унших бүрийн нэг зүйл нүдэнд тусаж, санаанаас салахаа болиод байгаа юм. Урлаг соён гэгээрүүлэх үүргээсээ хагацсан гэдгийг би үнэхээр ойлгож байна. Хүнийг гэгээрүүлж, ёс суртахуун суулгах гэдэг нь чухам яг юуг хэлээд байгаа нь ч тодорхойгүй болохоор аливаа урлагаас ёс суртахууны асуудал нэхэх нь утгагүй хэрэг гэдэгтэй санал нийлдэг л дээ. Гэхдээ нөгөө талаараа урлаг хүнд муу муухайг заадаггүй байлаа ч дотоод сэтгэлийнх нь “муу муухайн” утсыг байнга хөндчихөөд байдаг гэлтэй. Жишээ нь бид гол дүрийн (сайн) баатарт муу явдал тохиомогц ихэд шанална. Гэтэл өнөөх сайн баатар өөрт тохиосон зовлонгийнхоо өс хонзонг авах гэж сарвалзаж явахдаа дайсны талын (муу) хүмүүст өчнөөн их хор хөнөөл учруулдаг сан. Маш их, бүр асар их. Тэгтэл өнөө муу этгээдүүдийг би ер өрөвдсөнгүй ээ. Харин ч шаналж байгааг нь хараад бах ханаж, инээд алдах маягтай. Тэр өдөржин л сэтгэл тэнийгээд, хар ус балгасан ч рашаан хүртсэн мэт додигор. Ээ халаг гэж, гэхдээ л тэд чинь бүгдээрээ л хүн биш үү? Хэрэв өнөөх адгийн муу дүр маань гол дүр байгаад, кино зөвхөн түүний амьдралыг өгүүлсэн бол дөнгөж саяхан миний үзээд оройгүй их баяссан хүчирхийлэл яг ийм таашаалтай хэвээр байх уу? Эсвэл би бачууран уйлах байсан болов уу? Тэглээ гээд яах билээ? Урлаг ёс суртахуунтай байх ёстой гэж номлох болж байна уу? Тэгвэл таашаал яах болж байна? Ёс суртахуунтай урлаг бүтээх гэсэн оролдлогууд яаж хамаараа газар хатгасныг хэн хүнгүй л мэднэ шүү дээ. Ёс суртахуун гэдгийг хүмүүс дур зоргоороо мушгин гуйвуулж гарна. Олонхын хувьд ёс суртахуун гэж юу вэ гэдгээс урлагийн хувь заяа шалтгаална. Урлагийг цаазлах уу? Энэ удаад харж үзээд өнгөрөх үү? гэцгээвэл яах болж байна аа. Улс төртэй хүзүү сээрээрээ хэлхэлдчихвэл бүр өнгөрөө л гэсэн үг. Даргын бүдүүлэг авирыг яг байгаагаар нь бичиж “шоглох” нь ёс суртахуунгүй явдалд тооцогдож ч мэднэ. Тэгээд шийтгэл, ял, хавчлага, дарлал. Ийм зүйлс урлагийг улам амтгүй болгож, эрх мэдлийн дарангуй, нэг төвт системд дэмжлэг болох аюултай. Тэгээд одоо яана вэ?

Гэтэл Брехтийн жүжгийн онолд маш эвтэйхэн, зохистой, тун өвөрмөц гаргалгаа байна. Урлаг (жүжиг)-т гарч буй муу муухай, сайн сайхан юм бүхнийг хүмүүс жүжигчин буюу дүрийн өнцгөөс л хардаг. Дүрд сайхан юм тохиовол үзэгчдэд сайхан, дүрд муу юм тохиовоос үзэгчдэд муухай санагдана. Дүр уурлавал үзэгч уурлаж, баярлавал хамт баярлана. Ийнхүү “дүр” гээч зохиомол нэгэн хүний дотор жүжигчин, үзэгч хоёул багтаад, бүхий л нөхцөл байдал, үйл хэргийг зөвхөн түүний талаас “зөвтгөн” хүлээн авч эхэлдэг байна. Байз! Гэхдээ дүр гэдэг чинь амьд хүн бус, харин үзэгч, жүжигчин хоёр л амьд хүн. Хүнд өөрийн гэсэн бодол, урам зориг, таашаал, гол нь ёс суртахуун бий. Дүр гээч хоосон бие зохиолын дагуу уурлалаа гээд үзэгч, жүжигчин хоёр уурлах албатай биш дээ! Тэд болж буй процессыг өөрийнхөөрөө дүгнэж, дүр гуай тэнэгтээд унавал хажуугаас нь “хөөе ээ, чи болиоч дээ!” гэж хэлэх эрхтэй хүмүүс. Юу гэвээс дүрийг урлаж буй жүжигчин өөрийгөө бүрэн алдаж зөвхөн “дүр” төдий болж хувиралгүйгээр тодорхой, үзэгчийг эргэцүүлэн бодоосой гэж хүссэн яг тэр цэг дээр “дүр”-ээсээ нэг алхам ухарч, эргээд жүжигчин, тэр бүү хэл яг хувь хүн дээрээ ирээд дүрийг шүүмжилмээр бол шүүмжилж, үйл явдлын зохисгүй муухайг хэлмээр бол хэлж, хошигномоор бол хошигнож, өдий хүртэл бүтээсэн байгууламж мэт дүрийнхээ гадна гараад (барилгачин хүн ажлаа түр завсарлаад бүтээлийнхээ ур хийцийг нэг анзаарч, дүн шинжилгээ хийж байгаатай яг адилхан) үзэгчдээс санал сонсмоор бол сонсож, “Аан за,за. Ийм юм болчихжээ. Одоо цаашдаа яах билээ” гэж бодох ажээ. Үйл явдал, дүрийн зан байдлыг ийнхүү гаднаас нь шинжсэнээр үзэгч бодож, сэтгэх учиртай. Тоглолт эхэлснээс хойш үг, үйл хөдлөл, дуу хууртай нь сүлэлдэж, өөртөө таалагдсан дүрийн муу муухайг хүртэл жигшилгүй хүлээн авахад бэлэн болчихсон байсан үзэгчийн сэтгэл зүй (муу талын баатарт зовлон тохиоход сэтгэл ханадаг гэсэн дээрх жишээг ахин нэг бодоод үзээрэй) гэнэтхэн зогссон жүжигчинтэй хамт өөрөө өөртөө эргэн ирж, үнэхээр нээрэн юу билээ, энэ явдалд би баярлах нь зөв үү, гэтэл бас ийм байж болох биш үү гэх мэтээр бодож, сэтгэх учиртай юм. Ингэснээр бидний айж буй ёс суртахууны дарангуйлал маягийн хэлбэр үгүйсгэгдэж, хүн өөрөө бодож сэтгэх маягаар ёс суртахууныг өөртөө цогцлоох боломж гарч байна. Тоглолтын дундуур жүжигчин дүрээсээ булталзан гарч ирээд байгаа гол учир нь миний хувьд бол энэ. Таныг дүрийн өмнөөс биш яг өөрөөрөө бодож сэтгээсэй гэсэндээ л тэр шүү дээ.

Үүнд найруулагчийн торгон мэдрэмж тун хэрэгтэй ажээ. Яг хаана жүжигчнээ дүрээс нь алсалж, үзэгчдэд ямар сэдэл өгөх вэ? Жишээ нь Т.Хулан жүжигчин гол дүр болох Шэн Тиг ахиад л буруу шийдвэр гаргах гээд эхлэхэд нь “Ёоё энэ Шэн Ти ингэдэг байхгүй юу. Би байсан бол хэзээ ч ингэхгүй” зэргээр жүжигчин хүнийхээ талаас хөндлөнгийн үнэлгээ өгөхөд “Эвий Шэн Ти, угаасаа л ийм гэнэн амьтан даа, яахав яахав” гээд хошуу дэвсэж суусан үзэгчдэд “Гүэ нээрэн сайн хүн байлаа гээд заавал ийм золгүй юмыг өөртөө хүлээх хэрэг байна уу” гэхчлэн арай өөр бодол төрүүлэх учиртай санж.

Тайз төсөр, эвлэгхэн шийдэлтэй байсныг дээр дурдсан. Тэдгээрээс гадна санаанд үлдсэн бас нэг зүйл бий. Урьд би тайзан дээрээс хагас нүцгэн хүмүүсийн дур тачаалын явдлыг бишгүй л олон харсан. Гэвч нүв нүцгэн хүн, эр хүний өгзөг харсан удаагүй. Гэхдээ энэ нь элдэв садар агуулгагүй юм. Зүгээр л халуун усанд орж буй эр. Энэ лав миний үзсэн жүжиг дундаа хүний нүцгэн бие махбодыг сексийн асуудлаас ангид авч үзээд, “бие бол хүний л бие” гэх жирийн нэг утгаар нь (хувцасны дотор үргэлж л нүцгэн байдаг тэр л бие) харуулсан анхны тохиолдол боллоо. Тиймдээ ч халуун усны газар, найрын ширээний үзэгдлүүд санаанд тод үлджээ.

Ө.Сумъяа

Ашигласан ном: Бертольт Брехт. ТЕАТР: ШҮЛЭГ НАЙРАГ, НИЙЛЭЛ, ЯРИЛЦЛАГА, ХЭЛСЭН ҮГ. Улаанбаатар (2021): "Бадрангуй урлаг" ТББ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2023-01-24 12:45

театерийг сүм гэдэггүй бил үү?яг хогийн цэг дээр байгаа мэдрэмж төрсөн.сайр сав чинь бүр будаа болжээ.Тайз зас##т хэмнэсэн л бх,Арай тэгтлээ хэмнэж болохгүй биз дээ?Ойрд театер ороогүй яг л улны айл шиг болсон бсн.Тийм жүжигт тийм мөнгө төлсөндөө маш харамссан.

Холбоотой мэдээ

Back to top button