Гурван сарын өмнө бичсэн шинэ Үндсэн хуулийг маргааш болох Зөвлөлдөх санал асуулгаар АСУУХГҮЙ

УИХ-ын 54-р тогтоолын дагуу Засгийн газар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барих үүрэг хүлээсэн. Энэ дагуу Ерөнхий сайдын захирамж гарч, 2022.07.29-ний өдөр холбогдох ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ахалж, улс төрийн таван намын төлөөлөл, эрдэмтэн судлаачид бүрэлдэхүүн болж ажилласан юм.
Энэ ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах биш, бүр шинээр бичих хэтийн зорилготой гэгдэж байсан. Харин шинээр бичих агуулгыг Н.Энхбаяр дээр төвлөрүүлэх нь МАХН-ыг нь нэгтгэж, УИХ-ын сонгуульд өрсөлдсөн тохирооны "шагнал" ч гэж ойлгогдож байв.
Тэгвэл, 2022.10.25-нд /гурван сарын өмнө/ тус ажлын хэсэг Үндсэн хуулиа өөрсдийнхөөрөө бичиж, дуусгажээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулсан байна.
Өөрөөр хэлбэл, ЗГ амбицаараа Үндсэн хуулийг шинээр бичжээ.
Яг одоо цэнхэр хавтастай, англи, орос, монгол гурван хэл дээр хэвлэгдсэн шинэ Үндсэн хуулийн төсөл, түүнд багтсан заалтууд нийгэм, улс төрийн халуун сэдэв болоод байна. Өнгөцөөр, энэ төслийг батлахаар улс төрийн хүрээнд тохирч, хурдан хугацаанд зүтгүүлэх нь гэж ойлгогдох болов.
МАРГААШ ҮСХ-НООС ТҮҮВЭР САНАЛ АСУУЛГА ЯВУУЛНА
Нөгөө талд ҮХНӨ хийх асуудал УИХ-ын хүрээнд өрнөж байгаа. Тухайлбал, Зөвлөлдөх зөвлөл байгуулж, тэдний боловсруулсан асуултаар 1570 иргэнээс түүвэр хэлбэрээр санал асуулга авахаар болоод буй. Энэ нь "Зөвлөлдөх санал асуулга" нэртэй.
1570 иргэнийг санамсаргүй түүврийн байдлаар сонгох бөгөөд хариултад нь үндэслэж, 500 орчмыг нь үлдээх юм. Үлдсэн хэсэгт хоёрдугаар шатны, цаасан санал асуулгыг явуулна хэмээж буй. Харин эл санал асуулгын дүнд үндэслэн, ҮХНӨ-ийг ямар агуулгаар хийхээ чиг баримжаа болгоно.
Өөрөөр хэлбэл "Иргэдээсээ асуух" агуулгаа ингэж хангана.
Санал асуулгын асуултуудыг өчигдөр Зөвлөлдөх зөвлөл хуралдаж, баталсан. Асуулт өнөөдрийн байдлаар ҮСХ-нд ирээд буй бөгөөд маргааш санал асуулга явагдах нь.
Харин Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсгээс бичиж, танилцуулаад буй шинэ Үндсэн хуулийн төсөл нь маргаашийн санал асуулгатай уялдахгүй. Хуулийн төсөл биш, ҮХНӨ хийх хүрээнд ерөнхий агуулгууд дээр санал асууна гэсэн хүлээлттэй байна.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын талд нэг өөр, УИХ-ын дарга Г.Занданшатарын талд нэг өөр үзэл санаа зэрэгцэж байна.
Эх сурвалжийн мэдээллээр, хуулийн төслийг ахалж бичсэн Н.Энхбаяр өнөөдөр 11.00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаад байгаа юм.
ҮХНӨ ҮҮ, ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ УУ
ҮХНӨ-ийг хийхдээ Ард нийтийн санал асуулга явуулах хуультай. Гэвчиг Зөвлөлдөх санал асуулга гэсэн, Үндсэн хуульд байхгүй нэр томъёо ашиглаж байгааг ҮХЦ-ийн гишүүн асан Ш.Цогтоо тэргүүтэй тулхтай судлаачид шүүмжилж байгаа.
"Иргэдээсээ асуух" энэ процесс 21-45 хоногийн дотор явагдаж, дараа нь төслийг УИХ-д өргөн барина, хэлэлцэнэ. Хаврын чуулган гуравдугаар сард нээж, үүний дараа холбогдох үйл явцууд өрнөнө гэвэл Цагаан сараас хойш эл асуудал шийдлийн хэмжээнд хөдлөх ерөнхий дүр зурагтай.
Гэхдээ Засгийн газар талаас шинээр бичсэн эл төслийг зүтгүүлэх үү, эсвэл санал асуулгынхаа дүнд үндэслэн, ҮХНӨ хийхийг илүүд үзэх үү гэдэг нь эрх баригчдын хувьд нэгдмэл бус байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yawj yawj Zandanshatar ni uls orniihoo erh ashgiig hamgaalah gj uzeed bgaam bishu huurhi
Зандашатар дарангуйллыг тогтоох Үндпсэн хууль хийж байна. Гахай хамарт биднийг гахай болгох нь дээ.