ЭДИЙН ЗАСАГ

Төгрөгийн ханш юанийн эсрэг суларсаар байх уу

Хятад хилээ нээж, Цагаан сарын баяр дөхсөн эдгээр өдрүүдэд юанийн хаш чангарсаар. Тодруулбал, оны өмнө 500 төгрөг ч хүрээгүй байсан ханш өнөөдрийн байдлаар 512.78 төгрөгт хүрлээ.

Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буй эдгээр өдрүүдэд үнийг нь тогтвортой хадгалахыг эсвэл бууруулахыг оролдох нөхцөл одоогоор алга. Учир нь импортын бараанаас дотоодын хэрэглээгээ шууд хангадаг манай улсын хувьд юанийн ханш нэмэгдэнэ гэдэг бас нэгэн сул тал болно.

2020 оны өдийд юанийн ханш 396.35 төгрөгтэй тэнцүү байв. Ингээд тооцоод үзвэл гурван жилийн өмнөхтэй харьцуулахад юанийн ханш төгрөгийн эсрэг 29.3 буюу 30 хувиар чангарлаа.

Үүнээс харахад урд хөршид бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй боловч бид хамгийн багадаа 30 хувиар өссөн бараа бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юм.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин юанийн ханшийн өсөлтийн талаар дараах тайлбарыг өгсөн. Тэрбээр "Юанийн ханш төгрөгийн эсрэг чангарч буй нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, юань ам.долларын эсрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш долоо гаруй хувиар чангарсан. Үүнээс шалтгаалан төгрөгийн эсрэг чангарах үзэгдэл ажиглагдаж байна. Хоёрдугаарт, БНХАУ хилээ нээсэнтэй холбоотойгоор манай дотоодын зах зээлд юанийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой" гэлээ.

Юанийн ханш цаашид хэрхэх нь БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамаарна. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улсын хувьд энэ жил эдийн засаг нь өсөлт өндөр байвал цаашид ам.долларын эсрэг юанийн ханш чангарснаар манайд ч үүний сүүдэр тусах юм.

Блүүмбергийн судалгаанд оролцсон эдийн засагчдын тооцооллоор БНХАУ-ын эдийн засаг 2023 онд 5.1 хувиар тэлэх магадлалтай хэмээн үзсэн. Тодруулбал, 2023 онд 5.1, 2024 онд таван хувиар тэлэх тооцоололтой байгаа ажээ.

Өнгөрсөн сард уг төсөөллөө 4.8-4.9 хувь хэмээн үзэж байсан ч хилээ нээснээс хойш эерэг өөрчлөлтүүд харагдаж байгаа аж.

Төгрөгийн ханшийг бусад валютын эсрэг чангаруулах эсвэл сулруулахын аль нь зөв болох нь онолын хувьд маргаантай асуудал. Тухайлбал, Япон улс ам.долларын эсрэг иений ханшаа сулруулах тохиолдол бий. Ингэснээр илүү их жуулчин татаж, аялал жуулчлалын салбараасаа их хэмжээний ашиг олох бодлогыг баримталдаг. Өмнөд Солонгос дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд воны ханшийг зохиомлоор сулруулж байсан түүх ч бий.

Онолын хувьд төгрөгийн ханш буурвал бүтээгдэхүүнээ хямдаар үйлдвэрлэж, экспортлохдоо ам.доллароор зарж, ханшийн зөрүүнээс ашиг хүртэнэ гэсэн дүрмээр дээрх улс орнууд тоглодог.

Энэ мэт хөгжингүй, том улсын хувьд дээрх тоглоомын дүрэм нөлөөлөх боломжтой. Харин манайх шиг цөөн хүн амтай, жижиг зах зээлтэй улсад үр дүнгээ өгөх бодлого мөн эсэхийг хэлж мэдэхгүй. Хэр зөв менежменттэй байж чадах нь гол түлхүүр биз ээ.

Үйлдвэрлэгч улс биш тул дээрх дүрмээр тоглох боломжгүй байх магадлалтай. Тиймээс одоохондоо авч чадах арга бол ханшийг тогтвортой барих явдал юм. Товчхондоо юанийн ханш цаашид төгрөгийн эсрэг хэр чангарах нь тус улсын эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамаарах тул зохиомол хөөсрөлт үүсгэж, ханшийн өсөлтийн дарамтыг бий болгохоос сэргийлэх хэрэгтэй дүр зураглалыг харуулж буй. Нөгөө талаараа импортоо орлуулах үйлдвэрлэлд анхаарахыг сануулсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button