Top StoriesЯрилцлага

Продюсер Л.Энхмандах: Шинэ залуу артист гаргаж ирэхээр бол шударга занг авьяасаас дутуугүй хайх хэрэгтэй

Монголын хөгжмийн ертөнцийн анхдагчуудын нэг “Нью стар”студийг зорилоо. Продакшнууд бойжуулж буй артистуудаа дутуу дулимаг үнэлдэг талаарх асуудлууд хөндөгдөж буй энэ өдрүүдэд тэд юуг туулж, юуг бүтээж өнөөг хүрснийг мэдээлэх нь бидний зорилго байв.

“Нью стар” студи 2004 онд байгуулагдсан. 19 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Хөнгөн хөгжмийн ертөнцийн тоо томшгүй олон сайхан бүтээл эндээс төрсөн. Мөн хөгжмийн зохиолч С.Гантөр, Л.Энхмандах хоёр бол монголд анхлан лэбил артист гаргаж ирсэн уран бүтээлчид юм. “Нью стар” студийн продюсер Л.Энхмандахын яриаг хүлээн авна уу.

-“Нью стар” студи 20 нас хүрэх нь. Энэ он жилүүдэд хэрхэн ажиллав. Түүхээ товчхоноор өгүүлбэл?

-Бид анх найзынхаа тусламжтайгаар 2004 онд студиэ байгуулсан. Дараа жил нь сонгодог, чадварлаг, өнгө аясыг хайх зорилгоор дэргэдээ дуучны сургалт эхлүүлсэн. Дуулах сонирхолтой, их бага өгөгдөлтэй залууст онол, ур чадвар, бүжиг, харилцааны урлаг гээд цогц чадамжийг өгч, тэндээсээ гоц гойд авьяасыг хөгжүүлэх зорилготой байсан. Мөн өнгөрсөн хугацаанд маш олон уран бүтээлчийн бүтээлүүдийг өлгийдөн авлаа. Л.Балхжав, Том Жагаа, Б.Сарантуяа, С.Жавхлан, “Ice top”, ”S and I”, Х.Лхагвасүрэн, С.Амармандах, Т.Дэлгэрмөрөн, Ц.Мөнхбат, С.Үүрцайх гээд л. Сая чамайг ингээд асуухаар санаанд байгаагаа л нэрлэлээ. Түүнчлэн “Айзам” хамтлагийн Д.Ганболд ахынхаа “Дурсамж” , “Жигүүр гранд”-ын Д.Баттөр ахынхаа “Амьдрал”, дуучин BX-ийн тоглолтыг зохион байгуулсан байдаг. 

-BX бол анхны лэбил дуучин. “Нью стар” гэсэн шошготой гарч ирсэн. Та бүхний сургалтаас төрсөн гоц гойд авьяас нь тэр байсан гэсэн үг үү?

-Тэр сургалтын сонгон шалгаруулалтад BX тэнцээгүй. Маш олон хүүхэд ирсэн. Ямартай ч гурван охин, хоёр хүү үнэхээр гоё соло дуучин болох хэмжээнд тэндээс гарсан юмдаг. BX тэр үед тэнцээгүй шалгуулчхаад яваад өгсөн, дараа нь тэр хүүхэд содон санагдаад би өөрөө араас нь очиж олж ирсэн байхгүй юу.

-BX гэрээгээ зөрчиж энд тэнд дуулаад явсан болохоор бид яв гэж хэлсэн-

-Та нар тухайн дуучин дээр хэрхэн ажиллаж гаргаж ирсэн бэ?

-Шинэ стиль жанрыг гаргаж студийнхээ үйл ажиллагааг баталгаажуулья гэсэн зорилтот хөтөлбөр байсан. Уран бүтээлийн төрөл жанрыг С.Гантөр маань, шинэ дүр төрх бүтээх дээр би өөрөө ажилласан. Нээлттэй бус, бүрэг ичимхий хүүхдийг авч ирээд А-гаас эхлээд зааж “бойжуулсан”. С.Гантөр зөвхөн хит дуу л төрүүлнэ гэсэн зорилготой зөвхөн тэр хүүхэд дээр төвлөрөөд явсан. Хит дуу төрүүлнэ гэдэг амар ажил биш шүү дээ. Балетийн багш цалинжуулаад, бүжгийн эвсэлтэй болгохоос эхлээд хоёр жилийн тасралтгүй хөдөлмөр зүтгэл байсан даа. 

-Гэрээний тухайд?

-Зааж, сургаж, дасгал сургуулилт хөгжүүлэх хугацаа маш урт байсан. Тэр хугацаанд тухайн хүүхдээс нэг ч төгрөг гарахгүй ш дээ. Үс зүс, хувцас хунар, зан харилцаа, дуу зохиох, дууны найруулга, бичлэг, клип гээд бүх үйл ажиллагаа тийшээ зориулна. Бид нар агаар дээр ажиллаж байсан. Мөнгө хөрөнгө зарж, үр дүнтэй төсөл, шинэ шошго гаргахаар зорьсон. Тэгээд хөтөлбөр маань овоо биежээд ирэх цагт гэрээ хийсэн. Учир нь студи нэг дуу зохиоход асар их мөнгө, хүч хөдөлмөр, багийн ажил, цаг хугацаа зарцуулдаг. Тийм учраас хоёр жил хөгжүүлж, олны танил болгоод тоглуулж эхлэхдээ гэрээ хийсэн. Тэр үед 10 хувиа төлж байлаа. Одооных шиг 2,3 саяар дуулахгүй ш дээ. 300 мянгаар дуулуулаад 30 мянгыг нь өөрт нь гарын үсэг зуруулаад өгнө. Надад одоо ч тэр бичиг бий. Францын брэнд бараа зардаг дэлгүүртэй хамтран ажиллаж, заримдаа өөрөө загварыг нь гаргаж, яг өөрт нь тохирох хувцас хийлгэнэ. 500 долларын өмд хүртэл өмсүүлж байлаа. 2007 он шүү дээ. Сүүлдээ гэрээний маань хувь өсөөд 20, 30 хувь руу орсон. Гэхдээ харамсалтай нь энэ хөтөлбөр маань зогссон байдаг юм.

-Учир нь?

-Захиалагч, гүйцэтгэгч аль аль нь ухамсартай байх хэрэгтэйг бид хоёр тэгэхэд ойлгосон. Учир нь танай нөгөө хүүхэд энэ, тэнд дуулаад яваад байна гээд л байсан. Сүүлдээ энэ үйлдэл нь хэд хэд давтагдаад гэрээ үнэ цэнгүй болж, BX-ийг бид явуулсан.

-Нөгөө хоёр жилд зарцуулсан мөнгөө барьж авсан уу. Таны хэлсэнчлэн агаар дээрх төсөөлөл хэвээр үлдсэн үү?

-Нэлээд их мөнгө зарцуулсан санагддаг. Юу олж авах вэ дээ. Биднийг хуураад л, тэр нь олон удаа давтагдсан учраас хамтын ажиллагаа зогсоосон. Тоглолтоос ямар ч ашиг олоогүй. Дуучнаа илүү ихээр таниулах нь чухал байсан юм. Тэгэхээр үнэхээр дуу хөгжим бүтээгчид, продюсер, студи, продакшнууд үнэнч, шударга зан чанарыг авьяасаас дутуугүй үнэлж баталгаажуулж байж хэнийг лэбил дуучин болгох шийдвэрээ гаргамаар юм билээ. Тэгэхгүй л бол тэр хүч хөдөлмөр, хүсэл мөрөөдөл чинь  зөвхөн агаарт л эргэлдээд дуусах болно. Бид хэн ч танихгүй Ц.Батбаатар гэдэг залууг BX нэртэй олны танил дуучин болгосон шүү дээ.

-Лэбил артист гаргаж ирж буй продюсерууд манайх шиг агаар дээр хөрөнгө мөнгө яриад үлдэх эрсдэл бий-

-Өнөөдөр студи продакшнууд хэрхэн ажиллаж байгаа вэ? Жишээ нь сая B продакшны артист шүгэл үлээлээ шүү дээ?  

-Бид нар нэг, нэгнийхээ гэрээний агуулгыг мэдэхгүй. Нөгөө талаас гэрээ хийсэн бол гэрээнийхээ дагуу л хөдлөх хэрэгтэй. Үүнийг хэн нэгэн шууд зохиочихдоггүй байхгүй юу. Хэдий хугацааны хөдөлмөр, хэчнээн хөрөнгө мөнгө зарцуулсан, хэр удаан үргэлжлэх төсөл вэ гэдгээс их хамаарна. Манайх шиг л үс, хувцаснаас эхлээд бүх л юмыг нь бүтээсэн байх. Адаглаад л дуучин Д.Болдтой хамт дуулахад л төлбөр төлнө биз дээ. Ийм амбийц байх хэрэгтэй.

-Танай хувьд энэ жишээн дээр хэрхэн ажилладаг вэ?

-Анх гаргаж ирсэн лэбил дуучин маань хуураад бидний зүрх үхчихсэн ш дээ. Дараа нь нэг охидын хамтлаг гаргах гэтэл бас л хандлага нь болоогүй. Манай Монголд авьяастай хэрнээ боломжгүй залуус олон бий. Тэр хүүхдүүд студи, продакшн руу ирж уулзаж, өөрийгөө сонсгох нь хамгийн зөв алхам. Гэхдээ дахин хэлье, шударга байх хэрэгтэй. Тэгвэл зөв замаар явна. Зохиогч, бүтээгчийн эрхэнд халдахгүй байх нь маш чухал. Жишээ нь, BX-т зориулж хийсэн цомогны бүх дууны зохиогчийн эрхийг “Нью стар” студи эзэмшдэг. Гэтэл нөгөө дуучин маань I tunes дээр манай дуунуудыг оруулчихсан явж байна шүү дээ. Тэгэхээр энэ харилцаан дээр авьяасаас дутуугүй үнэлэх чанар нь үнэнч, шударга чанар, зөвт байдал болоод байгаа юм.

-Тэгэхээр одоо яана гэсэн үг үү?

 -Одоо гадаадад байгаа юм билээ. "I Tunes"-ээс буцааж аваарай гэж хүнээр хэлүүлсэн. Авахгүй бол бид холбоо, цаашлаад Оюуны өмчийн газар, тэндээсээ олон улсын хууль дүрмээр шийдээд явах, торгууль оногдуулж, төлбөр нэхэгдээд явах юм билээ. Монгол хүний “Хөөрхий, тэгж байгаад больчих л байлгүй” гэх уужуу ч гэх юмуу хүлээцтэй ч гэмээр хандлага ийм байдалд бас хүргэлээ. 14 жил өнгөрсөн ч хууран мэхлэлт байж л байна шүү дээ.

-С.Гантөр манай хит дуу бүтээдэг авьяастнуудын нэг шүү дээ. Дуучид түүний бүтээлийг авч дуулахад ямар нөхцөлтэй ямар харилцаагаар зохицуулдаг вэ?

-Яг тэгнэ, ингэнэ гээд жигдэрчхээгүй л байна. Гэхдээ хамтраад хичээж, тэр бүхний төлөө явж байна. Хөгжмийн зохиолчоос нэг дууг нь авч дуулахад таван жил дуулах эрхийн гэрээ хийдэг. Үнэхээр тухайн дуучин тэр бүтээлээрээ хүмүүст алга ташуулаад байвал хөгжмийн зохиолчтойгоо яриад гэрээгээ сунгаж болно. Хуулиараа ийм байхгүй юу. Жишээ нь, дуучин Б.Баярцэцэг сая С.Гантөрийн “Дурласан нүд” дууг аман гэрээгээр авсан. Би “Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн. Бид оюуны өмчийн эрхийн асуудлыг зөв гольдролд оруулахын тулд олон жил явж байна.

-Үр дүн гарч байна уу?

-Оюуны бүтээгчид бүтээлээсээ алхам тутамд үр шимээ хүртдэг байх ёстой. Бид ийм болох гээд явж байна. Бичлэг, цомог хуулбарладаг бүлэглэлтэй маш олон жил тэмцсэний эцэст устгаж чадсан. Одоо караоке руу чиглэн ажиллаж байна. Оны өмнө хөгжмийн зохиолч нар уулзсан. Дуучид ухамсраараа зохиогчдоо олон улсын жишгээр 30 хувь өгөхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр хуультай болмоор байна. Олон улсад урлагаар олсон мөнгө улсдаа орлого оруулж байдаг. Манайхан хуулиа зөв батлаад явбал улсдаа хувь нэмэр оруулах бүрэн боломжтой.

-Танд хамгийн ойрхон жишээ байна. Таны гэр бүлийн хүн хөгжмийн зохиолч С.Гантөр. Түүнд хувиа төлөөд явдаг дуучин бий юу?

-Гэрээгээ зөв хийх хэрэгтэй. Нэг дуу ч байсан гэрээ хийнэ гэж манай хуулийн зөвлөх байнга хэлдэг. Адаглаж л дуучин дуулахдаа хөгжийн зохиолч, яруу найрагч, хөгжмийн найруулагчаа зарлах ёстой. Манайд ганцхан дуучин Б.Сарантуяа л хэлдэг. Жишээ нь, дуучин Т.Ариунаагийн “Зүрхэн дуулал” дээр 50/50 гэсэн аман гэрээтэй яваа. Хөгжмийн найруулгын төлбөрийг дуучин өөрөө төлсөн бол гэрээ хийхгүй. Цаашдаа ая эхлэхэд л хуулиараа тухайн дууг бүтээхэд оролцсон уран бүтээлчид баталгааждаг тийм цаг ирнэ. Ая, шүлэг, аранжировшка хийсэн хүнд  дуучин хувь өгч байх ёстой байхгүй юу, уг нь.

-Манай рок попынхон бие биедээ маш хүндэтгэлтэй ханддаг-

-Танай салбарынхан цаашид илүү нарийн харилцаануудыг зохицуулах, хуульчлах цаг нь нэгэнт иржээ?

-Тийм ээ. Бидэнд маш олон тулгамдсан асуудал бий. Лэбил артист гаргаж ирж буй продюсерууд манайх шиг агаар дээр хөрөнгө мөнгө яриад үлдэх эрсдэл бий. Алдарт Майкл Жексон 5 хувь авдаг гэж ярьдаг байсан. Мэдээж дэлхийн хэмжээний одын 5 хувь гэдэг асар их мөнгө л дөө. Тэгэхээр цаашид маш сайн гэрээ хийж байх хэрэгтэй. Үг зохиогч, ая зохиогч, хөгжмийн найруулагч, дуучин дөрөв хуулийн хүрээнд уран бүтээлийнхээ үр шимийг тэнцвэртэй хүртдэг болох шаардлагатай. Дуучин тоглолт хийхдээ тухайн Хамтын удирдлагын байгууллагад мэдэгддэг. Бүх зүйл хамтын удирлагын байгууллагын хяналттай явдаг болох болов уу. Бид насаараа бүтээгч байж чадахгүй. Үүсгэсэн бүтээл үр хүүхдэд нь өгөөжөө өгдөг тэр боломжийг бий болгоно.

-Тогоон дотроо шийдэлд хүрээд алхам, алхмаар амжилт олж л байна уу?

-Бага багаар ч гэсэн ахиж байгаа. “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн “Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Хууль, эрх зүйн мэдлэг сайтай залуу. За, тэгээд гитарчин Д.Өлзий-Орших, МУГЖ Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, Улсын Филармонийн захирал С.Баттулга гээд бидний хэдэн хүн байдаг.  Зохиогчийн эрхийн асуудал дээр төр зөв оновчтой оролцох хэрэгтэй байна. Бид нарын дуугаар караоке ажиллуулаад хязгааргүй баяжсан хүмүүс байна. Энэ бүх асуудал ойрын гурван жилдээ цэгцэрнэ. Энэ жил бол нэлээд шаргуу ажиллаж байна. Манай салбар яг үнэндээ өнөөдөр зогсонги болчихлоо. “Пентатоник”, “Музык авардс”, “Алтан микрофон”-ыг үргэлжлүүлмээр байна.

-Манлайлал хэсэгт дунд залуу, үе хүчтэй орж ирж цус сэлгэх цаг нь ирсэн болов уу гэж харж байна?

-Бид дээд үеэ маш их хүндэлдэг. Алтан гадастнууд, УГЗ, МУГЖ-чид бий.  Магадгүй таны хэлсэнчлэн дунд үеийнхний үе ирсэн, өөрчлөлт хийх шаардлага тулгарсан цаг хугацаатай бид золгосон байж болох л юм. Гэхдээ салхи сэвэлзээд эхэлсэн шүү.

-Нэг зүйл асуухгүй өнгөрч болохгүй нь. Маш олон уран бүтээлчдийн ард нөмөр нөөлөг, эх ундарга нь болж ирсэн С.Гантөр ах энэ жил л нэг тоглов уу?

-Ёстой тийм шүү. С.Гантөр анхны дуугаа 1989 онд зохиосон. Гэтэл 33 жилийн дараа тоглолтоо хийж байгаа байхгүй юу. Өмнө нь хийе гээд л хэлдэг байсан. Манай хүн чинь за яахав хоёр дуу хийчхээд больё гэх мэтээр явсаар байлаа. 2019 онд одоо л хийе гэтэл тэр жил Өөжгий  маань тоглолт хийх гэж байсан учраас дараа нь больё гэсэн. Манай рок попынхон чинь бие биедээ маш хүндэтгэлтэй ханддаг, нэгнээ хүлээн зөвшөөрдөг, бусдынхаа төлөвлөгөө хүсэл мөрөөдлийг хүндэлж хэзээ тоглохоо шийддэг хүмүүс шүү дээ. 

-Эцэст та юуг хэлмээр байна?

-Монголд дууны урлагийн оюуны өмчийн эрх ашгийг зөв гольдролд нь оруулж өгмөөр байна. Төр засаг нь хуулиа зөв гаргаж, түүнийг мөрддөг болчуул сайхан байна. Залуу, дуулах чин хүсэлтэй дуучин больё гэсэн хүсэл мөрөөдөлтэй авьяаслаг залууст хэлэхэд мэргэжлийн студид хандаад гэрээгээ зөв хийгээд шударгаар тууштай байгаарай. Үнэхээр мундаг дуучин бол гэрээний хувь өндөр эхлэх боломжтой. Хамтын ажиллагаандаа хэн, хэн нь шударга хүндэтгэлтэй хандаасай гэж хэлмээр байна. 

-Ярилцсанд баярлалаа.  

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинХэн
ЗочинХэн
2023-01-26 09:07

Нью Старт чинь Наки байдаг тэ

Зочин
Зочин
2023-01-26 09:31

Амжилт2 урлагийн амьдр## чанга шүү

Зочин
Зочин
2023-01-26 09:36

Авьяасаас гадна бас өөр ур чадвар хэрэгтэй2

Зочин
Зочин
2023-01-26 11:17

Хяхяхя....

Зочин
Зочин
2023-01-26 11:25

Одоо нээрээ караокенуудаас хувь авах хэрэгтэй шүү.Та нарын оюуны бүтээлээр зүгээр байж байгаад мөнгө олж байгаа нь үнэн.Энэ караоке нэртэй боловсон хув##знуудын асуудлыг цэгцлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-01-26 11:28

Уншлаа . Мундаг ярилцлага өгсөн байна.Зөв сэдвийг зөв ярьжээ.Бидэнд сайн дуу хүргэнэ гэдэг нь цаанаа их хөдөлмөр шаарддаг шүү дээ.
АМЖИЛТ.

Зочин
Зочин
2023-01-26 22:13

Za ydj designer baichaad huvtssig unetei hilgesn bi hisn gj yriach. Hud bahan zardal bichched buyni ajil hisn gj yridga bolitsgo

Зочин
Зочин
2023-01-27 11:34

Studid uran buteel hiij baih 4,5 jil gariin chin dor buh sain muu buh ajiliig hiij baisan hulsniih n tugai yariach. Huuhdiin nuruu avtal shavar shavhaigaa ugaalgaj, arhu tamhindaa delguur guilgej, nuhur chin har tamhiniihaa tugalgan tsaasiig hurtel zuulgudug baisan tuhaigaa yariaach Mandahaa. Hudlaa hud hud yarihgui shvv. Bool met boolchilj, unchin uruusun huuhdiig gariinhaa shvvs bolgoj yavsan huchirhiileliihee tuhai dursaj neg yarina baigaa. Dvv nar jaahan judagtai baina shvv

Last edited 9 Өдөр Өмнө by Зочин
иргэн
иргэн
2023-01-27 15:53

Энхмандах Зөв ярьжээ, Newstar студи олон жил үйл ажиллагаа явуулсан олон сайхан Дуу гаргасан Хөгжмийн найруулга сайтай , Олонд танигдсан Нэр хүндтэй сайн Студи, Гантөр бусдын хэрэгт оролцож Өөр дээрээ Г## дуудаж зүв зүгээр байсан Нэр хүндээ сэвтүүлж хэрэггүй, Атаархагчид ийм зүйлийг дор нь өлгөж авч Хэрүүл маргаан үүсгэдэг гэдгийг санаж яв,

Холбоотой мэдээ

Back to top button