ДЭЛХИЙ

АНУ цахим орчин дахь хүний эрхийн асуудалтай тэмцэж эхэлжээ

Цахим орчин дахь хүчирхийлэл, ялгаварлан гадуурхал, хүний эрхийг хамгаалах асуудал олон улсад маш тулгамдсан асуудал болоод байна. Үүнийг зохицуулахын тулд Герман, Франц, Итали, БНСУ, Сингапур зэрэг ардчилсан улсууд ч бие даасан хууль батлан хэрэгжүүлж байна.

Ардчиллын эх орон АНУ-д ч энэ асуудал газар авч хуулийн хүрээнд зохицуулахаар ажиллаж эхэлжээ. Саяхан The Wall Street сэтгүүлийн 2023 оны 1 сарын 11-ний өдрийн дугаарт АНУ-ийн Ерөнхийлөгч Жое Байдений “Технологийн том компаниудын дураар аашлахын эсрэг Бүгд Найрамдах болон Ардчилсан нам нэгдэх болно” гэсэн гарчигтай урилга нийтлэгдсэн байна. Энэхүү уриалгын гол агуулга нь технологийн зарим компани хүмүүсийн хувийн мэдээллийг цуглуулж, буруугаар ашиглан, экстремизм, туйлшралыг гүнзгийрүүлж, өрсөлдөөний дүрмийг гажуудуулж, эмэгтэйчүүд болон үндэстний цөөнхийн иргэний эрхийг зөрчиж, тэр байтугай хүүхдүүдийг эрсдэлд оруулж байгаа нь маш олон америкчуудын санааг зовоож байна. Эдгээр сорилтыг шийдвэрлэхийн тулд Конгресст суудалтай хоёр намын хамтын үйлдэл хэрэгтэй бөгөөд Технологийн том компаниудыг (Big Tech) хариуцлагатай байлгахад чиглэсэн хатуу чанд хуулийг хамтдаа санал нэгдэн батлах, энэ талаар Конгрессын Хороо байгуулна гэсэн байна. Мөн онлайн аюулгүй байдлыг тэргүүн зорилгоо болгохын тулд дотоодын болон олон улстай хамтран ажиллана гэсэн байна. 

Сүүлийн жилүүдэд манай улсад ч цахим гэмт хэргийн гаралт эрс өсч байна. ЦЕГ-ийн мэдээлснээр 2022 онд цахим орчинд 8600 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос залилах гэмт хэрэг 99.8 хувиар, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 95.2 хувиар, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг 71 хувиар, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг 19 хувиар тус тус өссөн байна. Өөрөөр хэлбэл цахим орчинд зөрчилтэй контентын тоо, төрөл нэмэгдэж, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, бие махбод, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг энэ тоо баримт харуулж байна. 

Тиймээс цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг, зөрчилтэй контентыг хязгаарлах, хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын УИХ-аас өнгөрсөн 7 хоногт Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг баталсан билээ.

Нөгөө талд олон нийтийн сүлжээний тэргүүлэх компаниуд ч дээрх бодлогыг хүлээн зөвшөөрч байна.  Фейсбүүкийн толгой компани "МЕТА"-ийн олон улсын асуудал эрхэлсэн ерөнхийлөгч НИК КЛЕГГ саяхан болсон Давосын уулзалтын үеэр дараах утгатай мэдэгдлийг хийсэн. Тэрбээр, “Tехнологиос ямар ч муу муухай зүйл гарахгүй гэж боддог байсан үе өнгөрч хүмүүс нийгмийн сүлжээнээс стресс хүлээж авах дургүй байна. Хэт эерэг эсхүл хэт сөрөг талуудын аль аль нь ч утгагүй учраас дундын цэг нь мэдээж зохицуулалттай байх явдал юм. Үүнд хувийн мэдээлэл, контентын зохицуулалт, өгөгдөл дамжуулалт, сонгуулийн үеэр нийгмийн сүлжээнд хэрхэн ажиллах гээд олон асуудал багтана. Эдгээр зарчмыг бүгдийг нь АНУ-ын баруун эргийн технологийн инженерүүд тогтоож болохгүй. Харин хууль тогтоох байгууллага, сонгогчдын сонгосон хууль тогтоогчид тогтоох ёстой юм” гэсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button