НИЙГЭМ

Хүүхдийн тэтгэмжээ өгөлгүй зургаан сараас удсан эцэг, эхэд хилийн хориг тавина

Энэ хорвоод хүн болж төрүүлчихээд эцэг, эхийнхээ үүргийг умартан, нүүр буруулж яваа хүн цөөнгүй. Үндэсний статистикийн хорооны 2018 оны эцсээр гаргасан судалгаагаар Монгол Улсын 91.503 иргэн өрх толгойлж буй баримт бий. Тэдний 72.035 нь эмэгтэйчүүд. Мэдээж дээрх иргэдийн олонх нь бэлэвсэрсэн, гэр бүл салсан, хүүхэдтэй болоод л хоёр тийшээ болсон зэрэг олон шалтгааны улмаас өрх толгойлж яваа.

Гэхдээ олонх эмэгтэйчүүд нөхрөөсөө салсан, анхнаасаа хүүхдээ ганцаараа өсгөсөн зэрэг шалтгааны улмаас өрх толгойлж буйг мэргэжилтнүүд хэлсэн. Үүний сацуу Монгол Улсын 11 мянга гаруй эцэг, эх шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдэдээ тэтгэмж олгодог судалгаа бий. Гэхдээ хүүхдийнхээ тэтгэмжийг өгөхөөс бултаж яваа эцэг, эх олон.

Тэгвэл энэ асуудалд тодорхой хэмжээгээр нөлөөлөх, үр дүнгээ өгч мэдэх нэгэн хууль удахгүй батлагдах нь.

Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн төслийн 9 дүгээр зүйлд тухайн иргэний гадаадад зорчих эрхийг түтгэлзүүлэх тохиолдлуудын талаар тусгажээ. Тэгэхдээ эцэг, эхийн тэтгэмжээ төлөөгүй хүмүүсийг гадаадад зорчуулахгүй байх зохицуулалтыг оруулсан юм.

Тодруулбал, тус хуулийн  төслийн 9.1.4-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрт заасан хугацаагаар гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлнэ” гэжээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн 59.1-т “Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ зургаан сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг дараахь үндэслэлээр түдгэлзүүлж болно:

59.1.1.эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн;

59.1.2.хөрөнгөө нуун дарагдуулсан;

 59.1.3.төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй” гэж заажээ. 

Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн байнгын хорооны хурлаар дэмжсэн. Улмаар тус хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ.

Н.ГАН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button