Нийгмийн

Нийслэлийн Засаг дарга асан Ц.Баасанжавд “Еслол хүндэтгэлийн гэрэгэ” гардууллаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд нийслэлийн ИТХ-аас Хүндэтгэлийн хуралдаанаа хуралдуулж, Улаанбаатар хотын үе үеийн удирдлага оролцов.

Мөн нийслэлийн эдийн засаг, нийгмийн салбарт тодорхой үр дүнтэй төсөл, хөтөлбөр буй Дэлхийн банк, КОЙКА-Монгол, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг олон улсын байгууллагын зочид, төлөөлөгчид урилгаар оролцлоо.

Улаанбаатар хотынхоо түүхэн ойд зориулж Хүндэтгэлийн чуулганаа зохион байгуулж байна

Хүндэтгэлийн хуралдааныг нээж нийслэлийн ИТХ-ын Р.Дагва “Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ, эрхэм хүндэт Хурлын төлөөлөгчид өө, эрхэм хүндэт зочид оо Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч хөгжсөний түүхт 380 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Нийслэлийн ИТХ гурван зууныг дамжин, дөрөв дэх зуунаа өртөөлөн хөгжиж буй Улаанбаатар хотынхоо түүхэн ойд зориулж ийнхүү Хүндэтгэлийн чуулганаа зохион байгуулж байна.

Түшээт хан Гомбодоржийн дэд хөвгүүн Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнд өргөмжлөн, Шар бүсийн хотыг байгуулж байжээ. Эдүгээ Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Их Монгол уулын өвөр, Бага Монгол уулын ар бэлийн Ширээт цагаан нуурын хөвөөнд байгуулсан Шар бүсийн хот нь өнөөгийн Улаанбаатар хотын тулгын чулуу хэмээгдэн тооцогдох болжээ.

Тэрхүү 1639 оноос шашин, төр, соёл иргэншийн төв болж Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ хэмээн нэрлэгдэж 1924 оноос Улаанбаатар хэмээн нэрлэж, өнөөдөр түүхт ойгоо тэмдэглэж байна. Улаанбаатар хотын үүсэл, хөгжил, дэвшил бүхэн Монгол Улсын түүхэн замнал яахын аргагүй мөн” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын 380 жилийн ойн баярт зориулан мэндчилгээ илгээснийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн зочид, төлөөлөгчдөд сонордууллаа. Мэндчилгээнд “Эрхэм хүндэт иргэд ээ, нийслэлийн ИТХ-ын эрхэм төлөөлөгчид өө Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны баярын мэндийг өргөн дэвшүүлье. Улаанбаатар хот өнөөдөр Монгол Улсын хөгжлийн толь болж, өдрөөс өдөрт өргөжин тэлж, өнгөжин жавхаажиж, урсах цагийн хурдаар урагшлан хөгжиж байна. Энэ өдөр нийслэлчүүдийн төдийгүй нийт монголчуудын хувьд баяр, бахархлын өдөр юм.

Нийслэлд минь хөгжлийн шинэ эрин үе эхэлж байна. Хөгжлийг бүтээлцэж, хотын соёл, хотын түүхийг бичилцэж ирсэн нийслэлийн нийт иргэд, оршин суугчид Та бүхэндээ талархал илэрхийлье. Нийслэлийн ойг угтан олон арван бүтээлч ажил санаачлан, хэрэгжүүлсэн нийслэлийн удирдлага, нутгийн захиргааны бүхий л байгууллагын хамт олон Та бүхэнд халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье” гэжээ.

Та бид чамлахааргүй амжилтаар нийслэлийн ойгоо угтлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлж, “Нийслэлийн ой гэдэг бол найман зууны шаргал хуудсыг бүтээсэн нүүдэлчин ард түмний өв соёл, уламжлал, заншлын түүх, эрхэмлэн нандигнаж яваарай хэмээн газар шороо, эрх чөлөө, тусгаар тогтнолыг бидэнд гардуулсан өвөг дээдсийн минь халдашгүй түүх билээ. Иргэншил, даяарчлалын энэ үед үндэсний уламжлал, орчин үеийн шинэчлэл, хотжих үйл хэргийг өрнүүлж буй Та бидний түүх гэж би бас ойлгодог.

Сүүлийн 30 гаруй жилд бидэнд алдаж, оносон зүйл цөөнгүй. Алдааг харж, өөнтөглөж суухаас илүүтэй шийдэл гарцыг олж, урагшлан хөгжих нь та бидний эрхэм зорилго юм. Нийслэлийн ИТХ, нутгийн захиргааны байгууллагын хамт олон Та бид чамлахааргүй амжилтаар нийслэлийн ойгоо угтаж байна” гэв.

Ингээд хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын дарга, нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Лантуу, О.Амархүү, Ж.Ядамсүрэн, Т.Билэгт, Б.Батбаяр, Н.Болормаа нарт “Нийслэлийн 380 жилийн ойн медаль”, 1992-1996 онд нийслэлийн Засаг дарга, 1996-2000 онд нийслэлийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Баасанжавд “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” гардуулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button