НИЙСЛЭЛ

“ЖДҮ-ийн санг ТЭДС, Мал хамгаалах сантай нэгтгэхийг эсэргүүцэж байна”

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны улсын төсвийг өргөн барихдаа Монгол Улсын хуулиудыг зөрчиж буй талаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо өнөөдөр /2019.11.04/ мэдээллээ.

Тодруулбал, Улсын төсвийг өргөн барихдаа одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын тусгай сангийн 14-р зүйлд заасан Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувийг жил бүр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд /ЖДҮХС/ хувиарлана гэсэн заалтыг зөрчсөн гэж тэд үзэж байгаа юм байна. Энэ заалт уг нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэтэл улсын төсвийг өргөн барихдаа ЖДҮХС-д энэ 10 хувийг хувиарлаагүй нь Засгийн газар хуулиа биелүүлэхгүй байгаагийн илрэл хэмээн мэдэгдсэн юм.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооныхны зүгээс, “ЖДҮХС-аас зээл авахад өнгөрсөн жил 1500 төсөл ирсэн бол энэ жил гурван мянга гаруй төсөл ирсэн. Иймд энэ сан хэрэгтэй хүмүүс хэрэгтэй учир ЖДҮХС байх шаардлагатай тул холбогдох газарт нь санал хүргүүлж байна. Өнөөдрийн хэвлэлийн хурлаар ЖДҮХС-г ТЭДС, Мал хамгаалах сантай нэгтгэхийг эсэргүүцэж байна. 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт 1,9 их наяд төгрөгөөс 10 хувь буюу 190 тэрбум төгрөг ЖДҮ-ийг хөгжүүлэх санд очих ёстой байсан. Гэвч энэхүү “жил бүр арван хувийг ЖДҮ-ийг хөгжүүлэх санд хувиарлана” гэсэн заалт хүчингүй болхоор хуулийн төсөлд орчихсон байна. Энэ заалтыг эсэргүүцэж байна” гэлээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр, “Бидний хүсч буй хамгийн гол зүйл бол ЖДҮХС-г хэвээр нь үлдээх юм. Сангуудыг нэгтгэхдээ бизнес эрхлэгчдээс санал авсан мэтээр худал мэдээлэл хавсаргасан байдаг. 2016 оны зургадугаар сарын 14-нд зохион байгуулсан хэлэлцүүлгээс авсан гурван саналаа оруулсан байна. Мөн мэдээлэл технологитой холбоотой ТББ-уудаас санал авсан болж, албан бичиг хавсаргаж, хуулийн заалтыг хангасан мэт харагдуулж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй байна. Аль гурван жилийн өмнө Боловсрол, соёлын салбарын бизнес эрхлэхтэй холбоотой хэлэлцүүлэг хийснээ хавсаргана гэдэг бол байж болохгүй асуудал” хэмээн ярилаа.

П.УРНАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button