ХУУЛЬ

“Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын онгоцны үйлчлэгчээс уучлал гуйгаасай”

Өнөөдөр /2019.11.05/ Үндэсний мэдээллийн төвд Монголын эмэгтэйчүүдийн сангаас ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, хариуцлага тооцох эрхзүйн орчин бүрдүүлэх шаардлагыг УИХ-ын гишүүдэд хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа, Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа нарын хүмүүс оролцлоо.

Тэдний хэлж буйгаар Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжоор бэлгийн дарамтад өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах, хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх боломж хомс байдаг. Тухайлбал, ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн эмэгтэйчүүд Хүний эрхийн үндэсний комисст Жендэрийн эрх, тэгш байдлын тухай хуульд заасанчлан гомдол гаргах эрхтэй байдаг ч ямар ч боломжгүй нотолгоо шаарддаг тул ихэнх хэргүүд хэрэгсэхгүй болдог гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Энэ тухай Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа “Ажлын байрны бэлгийн дарамтыг хавтгайруулж буй явдал бол гомдлыг хүлээж авсан ч хариуцлага тооцох механизмгүй байдал. Өнөөдөр МИАТ-ын онгоцны үйлчлэгчийн өгзгөнд хэн нэгэн хүн хүрсэн бол олон нийтэд ил мэдээлэхгүй, мэдэгдэхгүй. Монголчууд үүнийг байж болох л зүйл гэж боддог. Гэвч одоо ингэж болохгүй. Дэлхий нийтийн жишиг хандлага ямар өөр болсныг та бүхэн харж байгаа байх.  Би хувьдаа Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг БНСУ-ын онгоцны үйлчлэгчээс уучлал гуйгаасай гэж бодож байна. Ийм үйлдлийг халхаж, хаацайлбал олон нийт байх ёстой зүйл юм байна гэдэг ойлголтыг авах учраас таслан зогсоох шаардлагатай” гэв.

Харин Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа:

АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТЫН ТАЛААР ЗҮЙЛ, ЗААЛТУУД ОНОВЧТОЙ БУС БАЙНА

“2017 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулахдаа “Ажлын байрны бэлгийн дарамтлалыг хориглох тухай” заалтыг бүхэлд нь хассан. Мөн Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад орох ажлын байрны бэлгийн дарамтын талаарх зүйл, заалтууд төдийлөн оновчтой бус байдлаар томьёологдож байна. Тиймээс Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад анхаарч, төрөөс хууль тогтоомжоо илүү боловсронгуй болгох шаардлагатай байна” гэлээ.

Тэд мөн энэ үеэр УИХ-ын гишүүдэд шаардлага хүргэж буйгаа мэдэгдсэн. Уг шаардлагад НҮБ-ын эцгийн эрхт ёс давамгайлсан эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан хэвшмэл ойлголтыг арилгах талаар үүрэг хүлээснийг нь сануулаад, ажлын байрны бэлгийн дарамтын талаарх зүйл заалтуудыг тодорхой болгож, охид эмэгтэйчүүдээ хамгаалахыг хүслээ.

Ташрамд дуулгахад, Монгол улсад гурван эмэгтэй тутмын нэг нь ажил, сургуулийн орчинд эрх мэдэл бүхий албан тушаалтан, хамтрагчдынхаа зүгээс бэлгийн дарамт шахалтанд өртөж, хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Т.САНТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Эд нар энд цуглаад Одбаярыгаа хэлэлцээд байгаа юмуу? Яршиг байна даа юуг ч цуглахын донтой юм билээ дээ!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button