УЛС ТӨР

Ж.Батзандан: Би ахынхаа ажилд оролцдоггүй

Өнгөрөгч амралтын өдөр 750 гаруй Хятад иргэдийг албан гаргасан. Тэдгээр иргэдэд УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Баатарчулуун виз олгосон гэх мэдээллийг Хөх хотод сууж байсан Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Тэрбээр энэ тухай “Сүүлийн үед Хятадын WeChat-ын сүлжээгээр Монгол Улсын виз олгоно гэсэн зар их явдаг болсон байна лээ. Хөх хотод сууж байгаа Ж.Батзандагийн ах Ж.Баатарчулуун гэгч хүн виз гаргаж байсан. Визийг бараа зарж байгаа юм шиг ингэж арилжиж болохгүй” хэмээн онцолсон.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан хариулт өгөхдөө, “Монгол Улсад хэн нэгэн этгээд гэмт хэрэг үйлдсэн бол таны дүү, миний ах гээд хэн ч бай хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой. Монгол Улс жилдээ нэг сая жуулчин авах төрийн бодлоготой. Орж ирсэн жуулчид гэмт хэрэг үйлдсэн бол тэднийг хөөж гаргах эрх үүрэг нь хууль хүчний байгууллагад бий. Би дээрээ 10 ахтай хүн. Ах дүү нарын хооронд тусдаа зүйл гэж бий. Миний ажлыг миний ах заахгүй, мөн ахынхаа ажилд би оролцдоггүй. Ер нь ах дүү нар тусдаа байсан нь дээр. Монголчууд ураг төрлийн хол, уул усны ойр гэж хэлдэг. Надаас надтай холбоотой асуудлыг асууж байгаарай” гэжээ.

П.УРНАА

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close