НИЙГЭМ

Арван настай хүү угаарын хийнд хордсоноос амиа алдсан байж болзошгүй байна

Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр /2019.11.07/ шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өглөө. Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд долоон өрхийн 12 иргэн хандаж, угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмж авсан байна.

Түүнчлэн өнгөрөгч аравдугаар сарын 11-нээс энэ сарын 6-ны хооронд нүүрс түлж байгаа гэх 30 дуудлага нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иржээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Мэргэжлийн байгууллагын үзлэгээр авч үзвэл угаарын хийн хордлогын дуудлага багассан. Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх дуудлагын дагуу албаныхан газар дээр нь ажиллахад яндангаа салгаж, өрхөө бүтээсэн шалтгаанаар угаартсан байсан. Иймд иргэд та бүхэн сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй гэдгийг анхааруулмаар байна” гэлээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт арван настай хүү угаарын хийнд хордож амиа алдсан байж болзошгүй байна. Яг одоо тухайн айлд цагдаа, онцгой байдлын алба хаагчид ажиллаж байгаа аж.

П.УРНАА

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close