Нийслэл

Академич Т.Ган-Эрдэнэ БНХАУ-ын Найрамдал шагналаар шагнагджээ

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Академич Т.Ган-Эрдэнийг  Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойгоор  2019 оны шагналтнуудынхаа нэгээр тодруулсан байна. Тэрбээр саяхан тус улсад очиж шагналаа аваад иржээ.

Найрамдал шагнал нь “Хятад улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухааны хөгжил дэвшил, гадаад хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын мэргэжилтнүүдэд” олгодог БНХАУ-ын дээд шагнал юм. Энэхүү шагнал 1950-аад онд анх бий болж, Хятад улсын Ерөнхий сайд Жоу Энлай Зөвлөлт Холбоот Улс, Зүүн Европын орнуудын мэргэжилтнүүдэд гардуулж өгдөг байжээ.

БНХАУ дэлхий дахинаа нээлттэй бодлого явуулж эхэлсний дараа, 1991 оноос Хятад улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Гадаад мэргэжилтнүүдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр нэр дэвшигчдийг  шалгаруулж, Хятад улс байгуулагдсаны тэгш ойн жил 100, бусад жилд 50 гадаадын мэргэжилтнийг 10 дугаар сарын 1-ний өдөр буюу БНХАУ Үндэсний   баярын өдрөөр шагнадаг болсон байна.

Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буй 2019 оны шагналыг  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ гардуулж,  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян баяр хүргэж үг хэлсэн байна.

Өнөө  жил энэхүү нэр хүндтэй шагналаар  АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт, эрдэмтэн Жеймс Ж. Хекман, Франц улсын иргэн, Олон улсын цөмийн судалгаа, инженерийн мегатөслийн Ерөнхий захирал, доктор Бернард Бигот тэргүүтэй АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон, Франц, Австрали зэрэг 31 орны 100 гадаадын мэргэжилтэн шагнагджээ. Эдгээр эрдэмтдийн эгнээнд багтсан академич Т.Ган-Эрдэнэ Монгол Улсаас тус  шагналыг хүртсэн анхны хүн юм байна.

ЭХ СУРВАЛЖ: ШУА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button