Нийгмийн

ОЮУТОЛГОЙН АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ: Дубайн гэрээг ЦУЦАЛЖ, менежментийн төлбөрүүдийг НУХАЦТАЙГААР хянаж үзнэ үү

-НУУЦАЛЖ БАЙСАН ДҮГНЭЛТИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХЭЭС ѲМНѲ РИО ТИНТО УНШИЖ ТАНИЛЦААД САНАЛАА ИРҮҮЛЖЭЭ-

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын ажлын хэсгийн явцын мэдээлэлтэй танилцахаар товлоод байсан.

Гэвч Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд хуралдааны эхэнд холбогдох материалыг тараасан тул “Танилцаж амжаагүй” гэх шалтгаанаар хойшлуулсан юм. Гишүүдэд ажлын хэсгийн дүгнэлтийг илээр, аудитын болон бусад хяналт шалгалтын тайлан мэдээг нууцлалаар тараасан юм.

Анхаарал татсан зүйл нь, ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж, саналаа хавсаргасан “Оюутолгой” ХХК-ийн мэдээллийг давхар тараав. Энэ талаар,

ОЮУТОЛГОЙ КОМПАНИ: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос 2019.05.03-ны өдөр хүргүүлсэн.

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА АСАН Д.ДАМБА-ОЧИР: Албан ёсоор ажлын хэсгийн хэсгийн дүгнэлтийг хүргүүлсэн юм байхгүй.

АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Д.ТЭРБИШДАГВА: Ажлын хэсгийн дүгнэлт нууц байгаагүй. Д.Дамба-Очир Оюутолгойд өгчихсөн байна лээ гэсэн хариултыг өгөв.

Ажлын хэсгийн дүгнэлт нь ҮАБЗ-ийн гурван гишүүнд хамгийн түрүүнд нууцлалын зэрэгтэйгээр тараагдаж, зөвхөн ажлын хэсгийн гишүүдэд нууцлалаар хадгалагдаж байгаа гэдгийг албаныхан удаа дараа онцолсон байдаг. Гол нь, асуудлыг УИХ-аар хэлэлцэхээс өмнө хөрөнгө оруулагч тал дүгнэлт бүр дээр саналаа бичиж хүргүүлсэн нь ихээхэн анхаарал татав.

-АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТЭД ЮУ ТУСЧ, ОЮУТОЛГОЙ ХЭРХЭН НЯЦААВ-

Ажлын хэсгийн дүгнэлтээс зарим онцлох хэсгүүдийг доорх байдлаар түүвэрлэн хүргэж байна. Ингэхдээ Рио-Тинтогийн зүгээс өгсөн сөрөг няцаалтыг давхар хавсарган харуулав.

НЭГ:ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛ БАРЬЦААНД ТАВИГДСАН БАЙНА

ДҮГНЭЛТ:...Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувьд ногдох хувьцааг эс тооцвол бүхий л хөрөнгө, ирээдүйн мөнгөн урсгал, орж ирэх дансуудыг  барьцааны агент “Стандарт Чартеред Банк”-д дамжуулан БАРЬЦААНД ТАВЬЖЭЭ.

Өөрөөр хэлбэл, ямар нэгэн эрсдэл үүсэхэд хөрөнгө оруулагч тал гэрээний эрхээ шилжүүлэх, аливаа этгээдэд  ОЮУТОЛГОЙН ОРДЫГ БАРЬЦААНЫ ХӨРӨНГӨТЭЙ НЬ ХУДАЛДААД  ГАРАХЫГ ҮГҮЙСГЭХЭЭРГҮЙ байна.

ОЮУТОЛГОЙН ТАЙЛБАР: “Оюутолгойг барьцаалсан” гэдэг нь зөв томьёолол хэдий ч энэ нь зээл олгосон талуудад баталгаа өгөх зорилготой юм. Гэрээний дагуу “Оюутолгой” компани үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгчид Оюутолгойн ЛИЦЕНЗ ЗЭРГИЙГ ОРОЛЦУУЛАН, ӨӨРИЙН ХӨРӨНГИЙГ ГАРГУУЛАХ ЭРХ ҮҮСНЭ.

ХОЁР: ДУБАЙН ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ

ДҮГНЭЛТ: ...Дубай хотноо байгуулсан “Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”, “Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн нийлүүлэх төлөвлөгөө”, Менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ.

ОЮУТОЛГОЙН ТАЙЛБАР: Эдгээр гэрээг Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ. Компани  үүнтэй огт санал нийлэхгүй байна. Дээрх аль нэг гэрээг ДАХИН ХЭЛЭЛЦЭХ, эсхүл ХҮЧИНГҮЙ БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ гэх саналыг Оюутолгой ХХК болон ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.

ГУРАВ: “ОЮУТОЛГОЙ” ХХК-Д ТАТВАРЫН АЧААЛАЛ БАГА БАЙНА

ДҮГНЭЛТ: ...”Оюутолгой” ХХК-ийн татварын ачаалал нь Монгол Улсын Эдийн засаг дахь татварын ачааллаас ТАВ ДАХИН БАГА БАЙНА.  Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хөрөнгө оруулагчдад зориулан ТАТВАРЫГ 70 ЖИЛЭЭР ТОГТВОРЖУУЛСАН.

Цаашид Оюутолгой төслөөс Монгол Улсын татвар, төлбөр, хураамж, шимтгэл болон  бусад хэлбэрээр хүртэх ӨГӨӨЖИЙГ  НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ байна.

ОЮУТОЛГОЙН ТАЙЛБАР: Монгол Улсад төлж буй нийт татвар, хураамжийн дүнг дутуу илэрхийлсэн байна. Компани  2010 оноос хойш нийт 8.7 тэрбум ам.долларыг Монгол Улсад зарцуулсан. Уурхай байгуулахад зарцуулсан нэлээдгүй хэмжээний капитал зардлаа нөхөж амжаагүй байгаа тул ААНОАТ хараахан төлж эхлээгүй байна.

ДӨРӨВ: МОНГОЛ АЖИЛЧИД ГАДААД АЖИЛЧДААС 5-15 ДАХИН БАГА ЦАЛИН АВЧ БАЙНА

ДҮГНЭЛТ: ...”Оюутолгой” компанийн монгол ажилтны сарын дундаж цалинг ГАДААД АЖИЛЧИДТАЙ ХАРЬЦУУЛАХАД 5-15 ДАХИН БАГА БАЙНА. Энэ нь ХөОГ-ний зарим заалт үйлчлэхгүй байгааг харуулна.

Төсөл эхэлснээс хойш гадаад ажилчдын хөдөлмөрийн хөслний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд ногдох шимтгэлтэй холбоотой асуудлыг ТУСГАЙЛАН ХИЙЛГЭХ НЬ ЗҮЙТЭЙ.

ОЮУТОЛГОЙН ТАЙЛБАР: ...”Оюутолгой” компани нь Монгол Улсад ажиллаж буй F шатлалын мэргэжилтэнд Рио-Тинтогийн Австрали Улсад ажиллаж буй ижил түвшний F шатлалын мэргэжилтэй ижил хэмжээний ам.долларын урамшуулал олгодоггүй. Тэгэх аваас Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийг гажуудуулах юм.

ТАВ: ЗЭСИЙН БАЯЖМАЛ БОРЛУУЛАХ ГЭРЭЭГ МОНГОЛЫН ТАЛААС НУУЦАЛДАГ

ДҮГНЭЛТ: ...ГэрээгМонголын талаас нууцалж байгаа нь экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлолгүй өнөөг хүрчээ. Улмаар нийт борлуулалтын орлогоос хасагддаг “Ачаа тээврийн зөрүү” зардал нь Оюутолгойн ҮР АШГИЙГ БУУРУУЛСААР ИРСЭН.

ОЮУТОЛГОЙН ТАЙЛБАР: Борлуулалтын гэрээ нь нууцлалтай, арилжааны шинжтэй эмзэг байдаг. ТУЗ-ийн гишүүдтэй борлуулалтын гэрээнүүдийг танилцуулах журмыг тохиролцсон.

ЕРӨНХИЙ ЗӨВЛӨМЖ: МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ НУХАЦТАЙГААР ХЯНАН ҮЗЭЖ, ӨӨРЧИЛНӨ ҮҮ

Дээр ажлын хэсгийн дүгнэлтүүдээс цухас дурдаж, Оюутолгойн зүгээс ямар няцаалт хийснийг үзүүлэв. Ерөнхийдөө ажлын хэсгээс дараах байдлаар зөвлөмж гаргасан байна. Үүнд,

-Уул уурхайн компанийн санхүүгийн үйл ажиллагаа болон түүний гэрээний хэрэгжилтэд ерөнхий хяналт тавьж ажиллах төрийн байгууллагуудын эрх үүргийг тодорхойлж өгөх,

-Өнөө болон ирээдүйд хэрэгжих уул уурхайн төслүүдийн аливаа гэрээнд МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨР  тогтоохгүй байх зарчмыг батлах,

-Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын орчноос бусад зүйлийг ТОГТВОРЖУУЛАХГҮЙ БАЙХ,

-Рио-Тинто компани санхүүжилтийн баталгаа гаргасны төлөө ШИМТГЭЛ АВЧ, төслийн санхүүжилтийн зээлийн хүү гэсэн хоёр төрлийн дүнгээс менежментийн төлбөр авахаар тохирсон байгааг ӨӨРЧЛӨХ,

-ТЭЗҮ-д зааснаас хэтэрсэн зардлын хэмжээгээр Рио-Тинто компанид  олгох менежментийн төлбөрийг хасах

-Нэг төрлийн үйлчилгээ үзүүлээд, түүнийгээ ХОЁР ӨӨР НЭРЭЭР ДАВХАРДУУЛАН нэхэмжлэн авч буйг слан зогсоох зэрэг асуудлуудыг тусгасан байна.

Ж.МЯДАГБАДАМТАЙЛБАР: АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТЭД ОЮУТОЛГОЙН ИРҮҮЛСЭН ХАРИУЛТЫН ХЭСГЭЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button