Нийгмийн

Дэлхийг “тамгалсан” монгол урлаг

Боломжгүй мэт санагдаж байсан “Billboard”, Канн, Венецийн наадмын улаан хивсний ёслол, дэлхийн алдарт опера хаусын тайз, олон улсын фестивалиудад монгол уран бүтээлчийн дуу хоолой, уран бүтээл, аялгуу эгшиг түгэж, дэлхий дахины сонорыг мялааж байна. Урлагийнхны мөрөөдөл болсон дэлхийн тайз улам ойртож, ар араасаа амжилт дагуулж, уран бүтээлчид нэгэн дээвэр дор нэгдсэн он жилүүд байв.

Түүгээр ч зогсохгүй үндэсний хэмжээний музей, театр, номын сангийн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж, ашиглалтад оруулж чадсанд соёлын салбарынхан ам сайтай байгаа юм.

Хамгийн сүүлд, Үндэсний номын сан ашиглалтад орсноосоо хойш 73 жилийн дараа шинэ байртай болов. Соёлын сайд Ч.Номин нээлтийн үеэр Үндэсний номын сангийн шинэ барилга олон жилийн дараа ашиглалтад орж, соёлын салбарын 89 дэх бүтээн байгуулалт нээлтээ хийж байгаад баяртай байна. Хүүхэд залуучууддаа утга зохиолыг таниулах, дэлхийн утга зохиолтой хамт хөл нийлүүлэн алхах боломжийг бий болгож буй гэдгийг онцолсон юм.

Олон жил орхигдсон соёлын салбар “эзэн”-тэй болсноор соёл урлагийг хөгжүүлэх, соёлыг өвийг хамгаалах, ардын болон сонгодог урлагийг дэлхийн тайзнаа сурталчилж, музейн олон улсын үзэсгэлэн зохион байгуулсан нь гадаадад амжилттай зохион байгуулсан олон ажлын үр дүнгээс харж болно. Ингээд дэлхий дахиныг гайхашруулсан монгол авьяас, уламжлалт өв соёл, үндэсний урлагийн амжилтаас онцлон танилцуулъя.

ДЭЛХИЙН ОПЕРАД ХҮРСЭН ХОЁР ЧАВХДАС

Дэлхийн алдарт опера хауст морин хуурын аялгуу эгшиглэж, Монголын тал нутаг, цэнхэр тэнгэрийг сэтгэлд нь буутал дүрсэлж чадсан уран бүтээлчид бол Морин хуурын чуулгынхан. Монгол Улсын Соёлын элч, Чингис хаан одонт Морин хуурын чуулгын уран бүтээлчид 2023 оны есдүгээр сарын 14-нд Австралийн Сидней хотын Дуурийн театрт “Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолтоо толилуулж, үзэгчдийг бишрүүлж чадсан. Тоглолтыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан удирдаж, Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны бүтээл “Сэтгэлийн эгшиг” болон Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу” бүтээлийг эгшиглүүлж, монгол ардын уртын дуу “Урьхан хонгор салхи” дууг Морин хуурын чуулгын гоцлол дуучин Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар дуулж сонордуулсан юм.

Австралийн Сидней хотод анх удаа зохион байгуулсан тоглолтын билет зарагдаж эхэлсэн өдрөө зургаан цагийн дотор бүх 2200 тасалбар дууссан нь тоглолтын үнэ цэнийг илтгэнэ.

Үргэлжлүүлэн Морин хуур чуулгын уран бүтээлчид 2023 оны аравдугаар сарын 11-нд Парис хотын Версалийн ордны Хааны дуурийн театрт түүхэн тоглолтоо толилуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд найрамдах Франц улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Парис хотын Версалийн ордны Хааны дуурийн театрт Монгол Улсын Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо хийж, хүрэлцэн ирсэн хүндэт зочдыг эх орныхоо тал нутгаар “аялуулсан”. Уг хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн тэргүүтэй зочид төлөөлөгчид хүндэт зочноор оролцсон юм.

Дэлхийн алдарт опера хаусын тайзнаа морин хуурын аялгуу эгшиглэхэд Соёлын сайд Ч.Номингийн хүчин чармайлт их гэдэг. Соёлын яамнаас гадаад харилцаагаа улам өргөжүүлж, дэлхий дахинаа анх удаа “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг тус улсын Нант хотын түүхийн музейд дэлгэсэн байдаг.

Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдаж, 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман, Австрали зэрэг 40 гаруй улсад тоглолтоо толилуулжээ.

Ингэснээр тэд Африк тив, Өмнөд Америк, Антарктид тивд л тоглолтоо хийгээгүй үлдлээ гэдгийг чуулгын удирдаач Д.Түвшинсайхан онцолж байв. Чуулгын уран бүтээлчид дэлхийн 21 улсад 95 удаагийн 600 гаруй тоглолт хийж, эх орондоо 3000 гаруй тоглолтоо толилуулаад байна. Морин хуурын чуулга бол монгол соёлын том дархлаа юм.

МОНГОЛЫН НЭРИЙН ХУУДАС ҮНДЭСНИЙ УРЛАГ ДЭЛХИЙД ГАРАВ

Үндэсний соёл урлагийг дэлхий дахинаа сурталчлан таниулдаг бас нэгэн уран бүтээлчдийн төлөөлөл бол Үндэсний урлагийн их театрынхан. Монголыг зорин ирсэн гадаадын жуулчид хамгийн түрүүнд тус театрын уран бүтээлчдийн үндэсний урлагийн тоглолтыг үзэж сонирхдог. Салбар яамтай болсноор Монгол Улсын нэрийн хуудас гэгддэг театрын уран бүтээлчид гадаад харилцаагаа улам өргөжүүлж, 2023 оны есдүгээр сарын 5-нд Өмнөд Солонгос улсын Сочон хотын Утга зохиолын ордонд хамтарсан тоглолтоо амжилттай зохион байгуулаад амжсан.

Мөн Үндэсний урлагийн их театр нь БНСУ-ын Сочон хоттой соёл урлагийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, олон удаагийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн энэ үеэрээ Сочон хотын Шинжлэх ухаан, соёл урлагийн нийгэмлэгтэй дараагийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Тус театрын уран бүтээлчид 2023 оны есдүгээр сарын 7-нд Хунсон, есдүгээр сарын 8-нд Намвон, Пуёо, Чонжү хотод, есдүгээр сарын 9-нд Асан хотын Шинжоху цэцэрлэгт хүрээлэнд, есдүгээр сарын 11-нд Керюн хотод тус тус аялан тоглолт хийсэн байна.

Соёлын сайд Ч.Номин ажлаа авсан даруйдаа соёл урлагийн байгууллагын байрны асуудалд онцгой анхаарлаа хандуулсны нэг нь Үндэсний урлагийн их театрын шинэ байр.

Тэр утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн Төрийн айлчлалын үеэр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон дээрх төслийг эхлүүлэхийн тулд Соёлын яам бэлтгэл ажлаа бүрэн хангасан талаар Соёлын сайд Ч.Номин танилцуулж байсан юм.

Өнгөрсөн хугацаанд их театрын авьяастнууд дэлхийд нэрээ гаргаж, амжилтын буухиа үргэлжилсээр. Хамгийн сүүлд театрын гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаяр БНСУ-ын Сөүл хотноо 19 дахь удаагаа зохион байгуулсан "Kuace-2024" олон улсын мэргэжлийн болон сонирхогчдийн тэмцээнд нийт 10 гаран орны 1200 бүжигчдээс амжилттай оролцож шилдгийн шилдэг Гран при, тэргүүн байрыг эзэлж, хоёр шагнал хүртсэн.

Монгол уран бүтээлчдийн 2023 оны АМЖИЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-30 17:37

үнэхээр олон улсад соёл нэрээ гаргасан нь номин сайдын нөлөө байгаа нь үнэн шүү

Зочин
Зочин
2024-05-30 17:40

Nomin said uneheer myndag ajillaj baigaa , Goyo ch xuuxen

иргэн
иргэн
2024-05-30 19:09

Номин аргагүй урлагыг маань олон улсад таниулах ажил тасраад байсныг зогсоож чадсан.

Холбоотой мэдээ

Back to top button