Нийслэл

Угаарын хийнд хордсон гэх зургаан дуудлага иржээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон гэх зургаан дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь очиж ажиллахад зуух яндангийн холбоос муу, үнсээ дүүргэсэн, шахмал түлшийг буруу хэрэглэж байсныг тогтоожээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Иргэдээс түүхий нүүрсний дуудлага их ирж байна. Дуудлагын дагуу албаныхан очиж шалгаж ажилласан. Баянгол дүүргийн 3, 7 дугаар хороо буюу утаагүй бүсэд шахмал түлш хэрэглэж байсан аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авсан. Хан-уул дүүргийн 17 дугаар хороонд “Эко констракшн” компани панер түлж хэрэглэж байсныг илрүүлж 3 хүртэлх сая төгрөгөөр торгосон. ” гэв.

Агаарын чанартай мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн хувьд PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 60 орчим хувиар буурсан, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 50 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллээ. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан галлагааны зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг албаныхан сэрэмжлүүллээ.

ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ЫН ХМХХ

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close