Сонгууль-2024

Чинбатын Номин: Байгаа газартаа чанартай байя

Соёлын сайд Ч.Номинтой хоёр удаа ярилцахад “Байгаа газартаа чанартай бай” гэж хэлдэг, тийм үзэл баримтлалтай нь анхаарал татаж байв. Салбар удирдсан сайд болохоосоо өмнө, ажилласан бүх талбартаа стандарт нэвтрүүлэх, шинэ тутам жишиг нэвтрүүлэх чиглэлд хөдөлмөрлөсөн намтар нь чухам үүнд холбогдох мэт.  

Стандарт гэж сонин ойлголт. Монгол хүний хувьд л даа. Нүүдэлчин бөгөөд байгальд ойр амьдралын хэв маягтай болохоор наад зах нь элдэв хэмжүүр ч бүдүүн тойм. Уламжлал, сэтгэлгээ, мэдрэмжид голчлон тулгуурлаж ирсэн онцлогтой.

Харин орчин үеийн нийгэмд стандарт гэдэг зүйл чухал байр суурь эзэлсэн. Тэр тогтсон стандарт хаана ч зөрчигддөггүй. Зөрчигддөггүй болохоор стандарт гэдэг.

Гэтэл өнөөгийн үйлдвэрлэл, бүтээмжид шаардлагатай дийлэнх стандарт гадаадад л бий болжээ. Иймээс бидний хувьд хийе, бүтээе, урагшилъя, гадаадын оронтой хөл нийлүүлж алхъя гэвэл стандартыг “импортлох” шаардлагатай. “Импортлох”-ын тулд бэлтгэх ёстой. Энэ хамгийн чухал.

1.

Монголд хамгийн анх HD телевиз нээгдсэн нь 2009 он. Тэр хүртэл HD гэдэг ойлголт бол ороод ирчихсэн, хүмүүс мэддэг л байлаа.

Харин телевизийн эфир HD чанараар хүрч эхлэхийн тулд тэр жишиг, стандартыг албан ёсоор нэвтрүүлэх хэрэгтэй байв. “Монгол HD” ингэж чадсан. Өдгөө Соёлын сайдаар ажиллаж буй Ч.Номин тэр үед, Монголын телевизийн салбарт анх удаа HD стандартыг нэвтрүүлэхээр хичээж байлаа.

Дээр дурдсанчлан, эхлээд бэлтгэх чухал. Стандартыг хангах нөөц бололцоо, суурь бааз хэрэгтэй. “Монгол HD” энэ хүрээнд 10 к.ватт хүчин чадалтай, нэвтрүүлэгч станц бүхий цамхаг барьж, ашиглалтад оруулсан. Энэ бүтээн байгуулалт мөн телевизийн салбартаа анхдагч болсон юм.

“Монгол HD” ийн анх удаа HD чанараар эфир цацаад л болчихсонгүй. Тэр жилдээ контентыг албан ёсны эрхтэй нэвтрүүлэх зарчим баримталж эхэлснээ зарлалаа. Тодруулбал, гадаадын ч, дотоодын ч контентдоо зохиогчийн эрх зөрчихгүй байхыг эрмэлзсэн. Үүнийг бусдадаа үлгэрлэсэн.

Тэр үед интернэтээс кино татаж аваад, дуу оруулаад л нэвтрүүлчихдэг. Гадаадын шоу нэвтрүүлгүүдийг ч мөн л цахимаас авч ашигладаг, зохиогчийн эрхийг албан ёсоор хандаж авдаггүй дүр зураг нийтлэг байлаа л даа. Үзэгчид үүнийг мэдэхгүй. Үзээд, таашаагаад л өнгөрнө. Тэгэхээр салбарынхан өөрсдөө л дуугарах, салбар дотроо зохиогчийн эрх гэдэг ойлголтыг чухалчилж эхлэх, ядаж үлгэрлэх хэрэгтэй байв.

Зохиогчийн эрхийг хүндэтгэх бол телевизийн салбарт мөн л стандарт шүү дээ.

Төлөвшөөгүй байсан ойлголтыг нэвтрүүлснээр, тогтмолжуулснаар, мөн үлгэр дуурайл болсноор шинэ жишиг тогтдог.

Яг энэ үеэс Ч.Номин салбартаа шинэ жишиг тогтоож эхэлсэн юм.

2.

Ч.Номин 2001-2003 онд Их Британийн “Abbey College Cambridge”, 2003-2006 онд Зүүн Англия Норвичийн их сургуульд тус тус суралцаж ирээд, “Гацуурт” группт Гадаад харилцааны захирлаар ажиллаж эхэллээ.

Үүний дараа “Тэрэлж” зочид буудлыг үүсгэн байгуулаад, захирлаар нь ажиллаад удаагүй байхдаа, бараг зэрэгцээд телевизийн салбарт хөл тавьсан юм.

Тэрбээр “Монгол HD” телевизээр дамжуулж, ер салбартаа шинэ жишиг тогтооё гэж зорьсон нь одоог хүртэл харагддаг. Менежментийн бөгөөд ёс зүй, стандартын шинэ жишиг. Эргэн санахад HD форматаар эфирээ цацаж, контент бүрийг албан ёсны эрхийн дагуу түгээж эхлээд, цаанаа нэг жимбэгэр, үзэхэд ч сэтгэл өег телевиз болж төлөвшөөд байлаа. Үүний араас арилжааны телевизүүд ч ээлж ээлжээрээ HD формат руу шилжсэн. Гадаадаас албан ёсны эрхтэй кино, контент оруулж ирэх болсон.

2012 онд тэднийх телевизийн хоёрдугаар байраа ашиглалтад орууллаа. Мөн л олон улсын стандартад нийцүүлжээ. “Мэдээ” болон “Өнөө өглөө” хөтөлбөрийн шинэ студийг тэнд барьж, байгуулав. “Өнөө өглөө” нь Монголын хамгийн олон үзэгчтэй өглөөний хөтөлбөр болж чадсан.

Хэвлэл мэдээллийн салбарт ч “Хаалтын гэрээгүй”, “Хараат бус редакц” гэх мэтийн онцлог нэршил, хэллэг, имиж нэвтрүүлснийг онцлохгүй өнгөрч болохгүй. Өөрсдөдөө итгэдэг үзэгчдийн хүрээллийг бүрдүүлж, татаж чадсан. Яг сэтгүүл зүй талдаа “Монгол HD” олон янзаар яригдана. Харин шинэ жишиг, стандартын хувьд анхны шанг татсаар ирсэн юм.

“Авьяаслаг монголчууд” шоу. Үүнийг Ч.Номин, түүний багийнхан л зориглосон.

Энэ бол тэр чигтээ стандарт нэвтрүүлэх тухай асуудал юм. Хамгийн эхэнд дурдсан яриа. Эрх олгогч тал бол техникийн хийгээд ур чадварын бүх нөөц, боломжийг шалгана. Бас дахин шалгана, тэгээд эрх өгөх эсэхийг шийднэ. Энэ нарийн, төвөгтэй үйл явц. Харин “Монгол HD” дахиад чадсан. “Авьяаслаг монголчууд” айл өрхийн хойморт аз жаргал, телевизийн салбарт шинэ жишиг авчирсан.

2018  онд “The Voice” шоу Монголд хийгдэх тухай мэдээ түгэхэд бараг л итгэмээргүй байв. Хийх хамт олон мэдээж Ч.Номин, “Mongol HD” байлаа. Улмаар “The Voice of Mongolia” нь Азийн бүс нутгийн телевизүүдийн “Шилдэг энтертайнмент” болон “Шилдэг нутагшуулсан” нэвтрүүлгээр тус тус шалгарсан билээ.

3.

Хэдхэн жишээ л дээ.

Том төслийн ард, бүх шатанд нь Ч.Номин ажиллана . Деталь бүрд сэтгэл дэвсэж, бие болон оюун ухааны боломж нөөцийг бүрэн дайчилдаг байсны нь түүнтэй хамтран зүтгэж байсан хүмүүс олонтой ярьдаг сан.

Зөвхөн “Авьяаслаг монголчууд”, “The Voice of Mongolia” шоуг л жишээлснээс бусдаар олон ангит киноны гадаад, дотоодын цөөнгүй төсөл амжилттай болсон. Заримыг нь эхлүүлээд Ч.Номин Соёлын сайдаар томилогдсон.

Гадаадын талтай яриа хэлэлцээр хийнэ, ойлголцоно. Эргээд дотоод багтайгаа тулж ажиллана, сайн лидер бөгөөд менежер байна, гүйцэтгэл бүрийн шүүсийг шахна, эргээд бизнес утгаар ашигтай ажиллахад анхаарна гэдэг чамгүй том хөдөлмөр юм.

Ч.Номин энэ утгаар үнэлүүлсэн нь ч цөөнгүй.

2012 онд “Холливуд репортер” сэтгүүлийг “Дэлхийн телевизийн салбарын хүчирхэг 25 эмэгтэй”-н нэгээр шалгалаа.

2015 онд “Реалскрийн” контентын сэтгүүлийн оны шилдэг “Түүчээлэгч”-ээр нэрлэгдлээ.

Цаг наргүй хөдөлмөр, менежмент болон бизнесийн олон асуудлыг даван туулдаг хүчирхэг эмэгтэй захирал ийн төлөвшсөн. Сүүлийн 10 гаруй жилд тэр дандаа шинийг санаачлагч, шинэ жишгийг нэвтрүүлэгч, стандартыг нутагшуулагч байв.

Монголчуудад стандарт гэдэг хачирхалтай ойлголт болох талаар хамгийн эхэнд дурдсан нь учиртай. Учир нь дүрэмгүй тоглочих гээд байдаг хүмүүс. Урлагийн хэллэгээр импрессионист гэж энэ хандлагы нь хошигнон тодорхойлох нь ч бий юм билээ. Харин яг стандарт хангахын, түүнд хүрч бөгөөд багтаж ажиллахын төлөө хичээдэг монгол хүн л салбар салбарт шинэ салхи авчирдгийг бид өдгөө харж байна.

Харин соёлын салбарыг дэлхийн улс орнууд стандартжуулж, зөв менежментэд оруулж, бүтээлч үйлдвэрлэл талаас нь хөгжүүлж, бизнес утгаар нь ч бас харснаар зөөлөн хүчний бодлогодоо ч ашиглаж байна. Улсын төсвийн орлогын дийлэнх хэсгийг энэ салбараас бүрдүүлдэг болчихжээ.

Олон жил төсвөөс хийгээд төрөөс хараат явж ирсэн соёлын салбарыг “сэрээх”-ийн тулд Ч.Номин шиг стандартчилал, шинэ жишиг, олон улсын хамтын ажиллагаа бүхий төслүүдийг мэддэг, имэрч мэдэрч ажилласан хүн хэрэгтэй байлаа. Яг үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олж харсан. Ч.Номинг Соёлын сайдаар томилоод өдгөө гурав дахь жилдээ ажиллаж байна.

4.

Ч.Номин зөвхөн телевизийн салбараас гадна Хэвлэл мэдээллийн зөвлөлийн тэргүүнээр зургаан жил ажилласан. Сэтгүүл зүйн эгэх хариуцлагыг тодорхойлдог, салбарын өөрөө удирдах зарчимтай энэ байгууллага ч Монголд шинэ тутам жишгийг нэвтрүүлсэн юм. Мөн Монголын Оюуны өмчийг хамгаалах холбооны ТУЗ-ийн гишүүнээр ч дөрвөн ажил ажилласан намтар бий.

Өдгөө Соёлын салбарыг удирдахдаа ерөөс өөрийнх нь өнгөрсөн жилүүдэд нэвтрүүлэхээр, нутагшуулахаар хичээсэн,

  • Олон улсын жишиг, стандарт
  • Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
  • Бүтээлч үйлдвэрлэл
  • Оюуны өмчийн хамгаалал
  • Оновчтой менежментийн чиглэлд төвлөрсөн нь тун оновчтой суурь нөхцөлийг бүрдүүлж байна.

Богино хугацааны шинжтэй шийдвэр гаргавал сууриа засахгүй. Ч.Номин “Хааны алба халаатайг мэднэ. Тийм болохоор гал унтрааж ажиллахгүй. Сууриа бэлдэхэд хичээнэ. Миний дараа томилогдсон хүмүүс илүү бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээж байлаа.

Хэд хэдэн хуулийн төсөл санаачлан батлуулж, өдөр бүр уулзалт, яриа хэлэлцээрийн ард гарч ажиллахдаа Ч.Номин ерөөс өнгөрсөн 10 гаруй жил дэх зогсолтгүй хөдөлмөрч зангаа орхисонгүй. Түүнд хурд, туршлага, мэдлэг, мөн шинэ алсын хараа байсан юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хотын даргад
хотын даргад
2024-06-12 06:57

МАН ын нэр дэвшигч нараа ОРБИТ-НАЙРАМДАЛ чиглэлийн замд анхаарлаа хандуулаач. ЯАГААД энэ чиглэлийн зам ингэж айхтар эвдэрсэн байхад засахгүй байгаа юм вэ? ЭВДРЭЛ гайгүй замаа л засаад байх юм

Зочин
Зочин
2024-06-12 07:20

ДЭНДҮҮ АУГАА ДЭНДҮҮ ХҮЧИРХЭГ ХҮН БАЙНА ЭНЭ ХҮҮХНИЙ ХАЖУУД АУГАА МАНДУХАЙ ДИАНА ГҮНЖ АНГЛИЙН ХАТАН ХААН НАР ЖИЖИГДЭЭД ЯВЧИХЛАА ШҮҮ ЭНЭ ХҮН ЖИЖИГ МОНГОЛЫН УИХ НЭЭРЭЭ ХЭРЭГГҮЙ НҮБ н ЕРӨНХИЙ БАЙМААР Ч ЮМ УУ? ЭСВЭЛ ЕВРОПЫН ХОЛБООГ УДИРДМААР ЮМ БИШ ҮҮ? ИЙМ АЙМААР ТОП ОЧСОН ГАЗАР БОЛГОНОО БОНДОЙЛГОЖ ЯВСАН ГЭЖИЙШТ.

Зочин
Зочин
2024-06-12 09:24

Эцгийх нь луйвардсан мөнгө хатгаад бгаа юм бхдаа энэ эмгэний

Зочин
Зочин
2024-06-12 09:51

боловсролтйо хичээл зүтгэлтэй гэж үзэж байгаа тул номинг дэмжинэ ядахдаа идэх гээд байхгүй шүү

ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
2024-06-12 10:52

За ёстой гайгүй гэсэн бүхл ажлыг энэ Номинд наах юм гэнэ . Тэр Авьяаслаг Монголчууд шоу энэнтэй ямар хамаа бнаа

иргэн
иргэн
2024-06-12 13:23

эцгийнх нь хэрэг юу болсон бэ. Монголын хамаг �##�тны уурхайг авсан байна лээ. Гэнэт баяжих гэдсэнд х�##�тай гэж Чинбатыг мөнгө нь хатгаад чөтгөр болж байгаан байна

Зочинfdg
Зочинfdg
2024-06-12 14:02

yaasan tom narmiisan nuur. eruunii dutuu hugjil, darvaisan tom shanaa. zavaarsn

Холбоотой мэдээ

Back to top button