УЛС ТӨР

Вьетнамын далайн боомтод терминал ашиглах чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссын монголын хэсгийн дарга Ч.Улаан 12 дугаар сарын 6-ны өдөр БНСВУ-ын Шадар сайд Чинь Динь Зунг-т бараалхав.

БНСВУ-ын Шадар сайд Чинь Динь Зунг Монгол, Вьетнамын ард түмэн хүнд хэцүү үед харилцан бие биенээ дэмжиж ирсэн сайхан уламжлалтай, улс төрийн бат бэх харилцаандаа суурилан цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, техникийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг тэмдэглэв.

Тэрээр мөн дээд, өндөр түвшний айлчлалын давтамж нэмэгдэж, хоёр талын итгэлцэл гүнзгийрч байгаад баяр хүргээд энэ удаагийн Комиссын үр дүнд тохирсон ажлуудыг шуурхай хэрэгжүүлэхийн чухлыг онцлов. Эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зам тээвэр, логистикийн асуудлууд тулгамдаж байгаа тул агаарын харилцаа, төмөр зам, далайн тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, шууд болон захиалгат нислэг үйлдэх, Вьетнамын далайн боомтод терминал ашиглах чиглэлээр Комиссын үеэр тодорхой санал солилцсоныг сайшааж, энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллахыг холбогдох яамандаа үүрэг болгохоо илэрхийлэв.

Сайд Ч.Улаан энэ удаагийн ЗГХК-ын хүрээнд хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах чиглэлээр хоёр тал нухацтай ярилцаж, тодорхой асуудлуудаар тохиролцоонд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын худалдааг тэлж, ойрын үед 100 сая ам.долларт хүргэхээр тохиролцож, Монголоос мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, эрчим хүчний болон коксжих нүүрс зэрэг хөдөө аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүнийг Вьетнамын зах зээлд нийлүүлэх боломжтойг тэмдэглэв. Мөн Вьетнам Улсаас цагаан будаа, кофе, далайн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ зэрэг бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мал эмнэлэг, хорио цээрийн хянан магадлагааны ажлын хэсгийг ирэх 1 дүгээр сард солилцохоор тохирсон нь энэ удаагийн ЗГХК-ийн бодит үр дүн болсныг мөн онцоллоо.

Талууд хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулагчдад шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь өгч байхаар ярилцав. Монголын тал “Дарханы арьс шир боловсруулах цогцолбор” төслийг танилцуулж, Вьетнамын хөрөнгө оруулагчдыг уг төсөлд оролцохыг урьснаа тэмдэглэхэд энэ чиглэлд ихээхэн сонирхол байгааг Шадар сайд Чинь Динь Зунг хариу мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button