Сонгууль-2024

Уг нь бид Улаанбаатартаа хайртай

Хэнд ч юм бүү мэд дээрэлхүүлээд, юугаар ч юм бүү мэд нэг л хохироод, яагаад ч юм бүү мэд гомдоод байгаа мэдрэмж нийслэлчүүдийн сэтгэлийн угт үүсээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ мэдрэмж яваандаа шархлах болов. Тэр шарханд нь өвлийн утаа шингэж, замын түгжрэл буглаж, хөрсний бохирдол нэвчиж, манарсан их тоос шороо буусаар.

Уг нь бид Улаанбаатартаа хайртай. Даанч хот маань бидэндээ хайр найргүй. Ганцхан жишээ. Алхаж явтал явган зам нь гэнэт алга болчихно. Газрын гаваар ор гээд байгаа юм уу? Тэгснээ хаанаас ч юм гараад ирнэ. Эндээс ид шидээр бүрэлд гээд байгаа юм уу? Явган зам, дугуй зам хоёр гэнэт нийлчихнэ. Хоорондоо мөргөлд гээд байгаа юм болов уу?

Үнэндээ Улаанбаатар хот биднээс их зүйлийг булааж байгаа. Бид харсаар байж хайртай хотдоо хамгийн үнэтэй зүйлсээ дээрэмдүүлж байна. Биеийн эрүүл мэнд,  сэтгэлзүйн эрүүл мэнд, цаг хугацаа, мөнгө санхүү гэсэн дөрвөн зүйлийг биднээс булааж буй дээрэмчин хот.

Хэн нэгэн таны эрүүл мэндэд хохирол учруулбал та хамгийн түрүүнд цагдаад хандаж дараа нь эмнэлгийн тусламж авна. Гэтэл Улаанбаатар бидний эрүүл мэндийг олон талаас нь сүлбэсээр байхад хэн цагдаад хандав? Хэн нэгэн таны мөнгийг зуух руу хийгээд шатаачихвал та очоод барьцалдаад авах нь тодорхой. Гэтэл Улаанбаатарын түгжрэл таны цалингийн талыг бензин болгон шатааж байхад та хохирол нэхэмжилсэн үү? Хэн нэгэн таны амьдрах хугацаанаас таван жилийг дураараа хасчихвал та үхэлдэн тэмцэлдэнэ. Гэтэл төлөвлөлтгүй хотын замбараагүй байдал таны цаг хугацааг зоргоороо цавчаад байна.

Өнгөрсөн хугацаанд энэ хотод алдсан зүйлсээ бид буцааж авч чадахгүй. Гэхдээ Улаанбаатар балмад байдлаа зогсоож биднээс авснаасаа багагүйг буцааж өгөх цаг болсон. Өнөөгийн Улаанбаатар тэгж чадахгүй. Өөрчлөгдсөн Улаанбаатар бол чадна.

Улаанбаатарын сайнаар өөрчлөгдөх хувилбар бол “20 Минутын Хот”. Энэ юу гэсэн үг вэ?

Та хэрэгтэй үйлчилгээгээ алхаж хүрээд авахад хамгийн ихдээ хорин минут зарцуулна гэсэн санаа. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, фитнес, төрийн үйлчилгээ, кино театр, цэцэрлэгт хүрээлэн, худалдааны төв гээд бүх үйлчилгээ танай гэрийн эргэн тойронд байх шинэ төлөвлөлт.

Ийм хот биднээс цаг хугацааны хувьд хэр хол байгаа вэ? Улаанбаатар хэзээ бидэнд хайртай болох вэ?

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж бий. Тэр төлөвлөгөөнд өнөөгийн нийслэлийг;

  • Хан-Уул хот
  • Яармаг хот
  • Буянт-Ухаа хот
  • Сонгинохайрхан хот
  • Толгойт хот
  • Баянхошуу хот
  • Өнөр хот
  • Баянгол хот
  • Чингэлтэй хот
  • Сэлбэ хот
  • Сүхбаатар хот
  • Дарь-Эх хот
  • Баянзүрх хот
  • Амгалан хот гэсэн орон нутгийн зэрэглэлтэй 14 хот,
  • Багануур хот
  • Налайх хот гэсэн улсын зэрэглэлтэй хоёр хот,
  • Багахангай хот
  • Агросити хот
  • Шаргаморьт хот
  • Шинэ Зуунмод хот гэсэн дөрвөн дагуул хоттой байхаар тусгасан.

Энэ хотуудаас ажил хэрэг нь нүдэн дээр эхэлж байгаа хот бол Сэлбэ хот. Сэлбэ хот Хорин минутын хотын эхний жишээ болно гэж нийслэлийн удирдлагууд хэлээд байгаа. Алхлаа гээд явган зам тасрахгүй. Дугуй унаад зам дуусаж гацахгүй. Хөдөлгөөн дэмжсэн эрүүл эрүүл мэндэд ээлтэй хот. Түгжрэлд түүртэхгүй, цаг хугацаа, мөнгө санхүү хэмнэсэн тааламжтай хот. Үнэхээр тийм байгаасай.

Энэ хотын бүтээн байгуулалт 2028 онд дуусаж ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй. Гурван жилийн дараа үнэн худлыг нь харах юм байна. Бас ч гэж удаан хүлээхээргүй. Сэлбэ хот жишиг тогтоож, дараа дараагийн хотууд улам сайжирч, шил шилээ дараад гараад ирээсэй. Тэгвэл хэнд ч юм бүү мэд дээрэлхүүлээд, юугаар ч юм бүү мэд нэг л хохироод, яагаад ч юм бүү мэд гомдоод байгаа одоогийн мэдрэмж аяндаа алга болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button