Top StoriesЯрилцлага

Эхийн голд 36 жил цаг уурчаар ажиллаж, ногоо тарьж буй Х.Алтанцэцэг: Тэтгэвэрт гарсан ч эндээс явахгүй

Долоохон айл өвөлждөг Эхийн голын суурин. Социализмын үед улсын үрийн нөөц бүрдүүлэх гол бааз энд төвлөрч байжээ. Монгол Улсын хамгийн халуун цэгт тооцогддог учраас үр боловсруулахад цаг уурын хувьд тохиромжтой хэмээн тухайн үед үзжээ.

Говийн их дархан цаазат газрын А хэсэгт Эхийн гол хамаардаг. Одоо үр үржүүлгийн алба мэдээж татан буугдсан. Гэхдээ говийн байгаль хамгаалагчид, цаг уурчид, ногоочид энд амьдарч байна. Эхийн голын цаг уурын жижиг станцаас хилийн бүс орчмын үзэгдлийг ажигладаг.

Харин түүнийг Х.Алтанцэцэг гэдэг. Тэрбээр 1988 онд Архангай аймгийн Хөдөө аж ахуйн ТМС төгсөж, энд илгээлтийн эзнээр иржээ. Харин 1993 оноос хойш өдийг хүртэл цаг уурчаар ажиллаж байна.

Тэрбээр "Манай энэ станц 1978 онд байгуулагдсан гэсэн. Баруун хязгаарын хилийн бүс дэх цаг уурын үзэгдлийг ажигладаг онцлогтой. Нэг дарга, дөрвөн цаг уурч нийлээд таван хүн 12 цагийн ээлжээр ажилладаг. Хилийн бүсийн цаг уурын нөхцөлийг чухам эндээс тодорхойлж өгдөг юм. Мөн цацраг идэвхи хэмждэг багажтай. Агаар, хөрснөөс цацраг идэвхи илрүүлдэг" хэмээн ажлаа танилцууллаа.

Ингээд нэг хэмжилтийн багана руу зааснаа, "Салхи одоо зүүн хойд зүгээс 0-1 м/секундын хурдтай байна" гэлээ.

-Таны ажилласан хугацаанд цаг уурын томоохон үзэгдлийг урьдчилан ажиглаж мэдсэн тохиолдол олон уу?

-2000 онд найман цаг үргэлжилсэн хүчтэй шуурга болсон. Түүнийг тухайн үед бид ажиглаж чадаагүй. Одоо бол хөгжиж, өөр болсон. Намайг ажилласан хугацаанд хамгийн хүчтэй нь тэр. Бусдаар бороо, цас, шуурга олон л доо. Сүүлийн 10-аад жил тунадас бага унаж байна. Говийн бүсийн цөлжилт юм болов уу гэж бодож байлаа. Энэ жил л 14 мм тунадас уналаа.

-Цаг уурын өөрчлөлт танд хамгийн их мэдрэгддэг байх?

-Тийм. Хур тунадас маш багасаж мэдэгдэж байгаа.

-Энд ажигласан дүн мэдээгээ хааш явуулах вэ?

-Баянхонгорын төв станц руу явна. 00 минут гэхэд л эхний мэдээ, яг цагтаа очсон байх ёстой. Өдөрт дөрвөн удаагийн хэмжилт хийж, мэдээгээ илгээнэ дээ.

-Мөн цаг уурчийн хувьд тэнгэр, од гараг шинжээд бас таамаглана биз?

-Тэгнэ, гараад л тэнгэр харна шүү дээ. Хүүхдүүд "Ээж мэргэжлийн өвчинтэй, гадаа гараад л дээшээ харах юм" гэдэг. Цириус үүл гарсан байна, ойрд шуурах нь. Адаглаад яндангийн утаа эгц дээшээ суунаглалаа, ойрын хэд хоног дулаан байх нь гэх мэтээр хэлнэ л дээ. Бороо орохоос хэд хоногийн өмнө давтамж үүл ажиглагддаг байх жишээтэй.

-Эхийн гол болон энэ бүс нутаг өөрөө цаг уурын ямар онцлогтой вэ?

-Бороо хур бага орж, хавар нь шуурга ихдэж байна. Мөн зундаа их халуун болж байна. 40 хэм гарч байгаа. Газар нь чийггүй учраас халуун байна. Их л халдаг болоод байна даа. Энэ бол Монгол орны хамгийн халуун цэг шүү дээ.

Эхийн голын цаг уурын албаны дарга нь эхнэртэйгээ 12 жил ажиллаж байгаа юм байна. Х.Алтанцэцэгээс бусад нөгөө ажилчид нь дөрөв ба есөн жилийн туршлагатай.

-Социализмын үед Эхийн гол ямар байв?

-1988 онд ирэхэд бүхэл бүтэн цэцэрлэг ясли, сургууль, хүн эмнэлэг, захиргааны бүрэн бүрэлдэхүүн байсан. 100 гаруй өрх амьдарч байлаа. Энэ жил бол 18 айл л ногоо тарьсан. Суурин долоон айл өвөлжинө. Байгаль хамгаалагчийн хоёр, цаг уурчийн таван айл бий.

Тэрбээр суурингаа зааж, "Тэр хүүхэд явж байгаа газар бол дээр үед клуб байлаа. Энэ заалыг 1989 онд барьж байсан, одоо ашигладаггүй. Тэр нурсан суурин дээр манай станцын захиргаа байлаа. Ясли, цэцэрлэгийн байранд одоо бид амьдарч байна. Социализмын дараа эндхийн барилгыг хувьчилсан л даа. Хүн эмнэлгийн барилгыг авсан хүн буулгаад тавьчихсан" гэлээ.

default

-Улсын хэмжээний үржүүлэх алба энд төвлөрч байсан нь анхаарал татлаа?

-Помидорын үр гэхэд л дулаан нөхцөлд таатай ургадаг л даа. Энд одоо гуа, гашуун чинжүүний үр бэлдэж байна. Бид тэр үед үрээ улсын үрийн албанд тушаадаг байлаа. Жилд хэчнээн үр тушааж байсныг мэдэхгүй. Помидорын үр гэхэд 500 кг-ыг л тушаадаг байсан. Анх 1988 онд ирээд тарвасны хэсэгт эгч нартайгаа ажилладаг байсан. Манай хэсэгт л гэхэд 20 гаруй ногоочин ажиллаж, 450 кг үр тушаана гээд л зорьдог байсан.

-1990 оны дараа энд юу өөрчлөгдсөн бэ?

-100-гаад хүний амьдрал үгүй болсон. Эхийн гол эзгүйрч байна. 5 га талбайд ногоо тарьж байсан, одоо 3 га болж багассан. Хүмүүс сайн дураараа явцгаасан. Үрийн албыг буулгасан тул ажилгүй шахуу. Ногоо тарих дуртай хүмүүс л тарьж байна.

-Та бүхнийг эндээс хүчээр нүүлгэх оролдлого гарч байсан гэж сонссон?

-2011 онд байна уу даа, биднийг нүүлгэнэ гэсэн. Тухайн үед 13 айл байдаг байлаа. Бид эсэргүүцсэн л дээ. Дахиж тийм зүйл болоогүй.

-Эхийн гол дархан цаазат бүсэд бий тул байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ гэж тооцсон юм билээ. Та санал нийлэх үү?

-Дархан газарт бий нь үнэн. Эндээс 12 км-т А бүс гэсэн самбар байгаа. Бид цөөн айл хохирол учруулдаггүй гэж боддог. Зээр бол намайг ажиглалтын талбайд очиход дэргэд зогсож л байдаг. Биднээс үргэдэггүй, бид ч үргээдэггүй. Амьтан орж ирдэг л дээ. 2010 онд бил үү дээ, манай туршилтын талбай дотор өглөө босоход өргөст хэмхийг овоолоод тавьчихсан байсан. Дэргэд нь мазаалайн мөр гарсан байв. Ингээд хартал ойролцоо нуурын зах дээр явж байсан гэсэн. Тэр мазаалайн зураг одоо байгаль хамгаалагчид байдаг.

default

-Эндээс хамгийн ойрхон суурин хаана вэ?

-Шинэжинст сум 180 км-ын зайтай.

-Хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ яаж татдаг вэ?

-Одоо хүн бүр унаатай болсон хойно өөрсдөө явна. Голцуу цөөхүүл тул болгочихдог. Гурил будаанд л явна даа. Дээр үед төвөгтэй байсан.

-Цалин хэдэн төгрөг вэ?

-2024 он гарснаар нэмэгдэж, 2 сая гаруй төгрөг авч байна.

-Хүүхдүүд нь?

-Хүү, охинтой. Охин Шинэжинст суманд багшилдаг. Хүү хотод ХААН банканд эдийн засагчаар ажилладаг. Хань маань бурхан болсон.

-Олон хүн амьдралаа бодоод эндээс нүүжээ. Таны тасралтгүй 36 жил үнэнч үлдсэн шалтгаан юу юм бэ?

-Би ногоо тарих дуртай. Ногоондоо хайртай. Цаг уурчийн мэргэжилдээ ч хайртай. Тэтгэвэрт гарсан ч эндээс явахгүй. Намайг анх ирэхэд байсан эхнэр нөхөр хоёр 60 гаруй настай. Би түүний дараагийн үеийн хүнд тооцогдоод л байж байна.

-Эхийн голыг ямар болж хөгжөөсэй гэж та боддог вэ?

-Энэ суурингаа сайхан хөгжөөсэй, жимсний модны төгөлтэй болоосой л гэж боддог. Жимсний мод их тарихыг хүсдэг, дэмжээд өгөх хүн байхгүй юм даа.

-Хүний мөрөөсөл болох уу?

-Болно л доо. Гэхдээ найз нөхөд ирнэ, тэдний хүүхдүүд ирж ногоо тарих ажилд туслалцаад гайгүй ээ.

Х.Алтанцэцэг энэ жил 2.4 тонн улаан лооль, 150 кг төмс, 800 кг гуа хураан авч, 7 сая төгрөгийн орлого олжээ.

Социализмын үед шинжлэх ухааны үндэслэлтэй тооцож, цаг уурын онцлог бүрэн тохирсон энэ газар улсын хэмжээнд хэрэглэх жимс, ногооны үрийг үржүүлж байж. Энэ хүнсний аюулгүй байдалд өндөр нөлөөтэй үйл ажиллагаа. Одоо үрийн алба татан буугдаж, монголчууд ихэвчлэн гадаадаас татсан үрээр газар тариалан эрхэлж байна.

Харин тэр үеэс үлдсэн нь улаан лооль, өргөст хэмх, гуа зэргийн үр. Жинхэнэ монгол сортын үр гэсэн үг. Тийм ч учраас Эхийн голын жимс, ногоо маш онцгой, сайхан амттай.

Жижиг "тэрэг" унаад суурингийнхаа нэг захаас нөгөө зах руу явж, ногоо тарьж, цаг уурчийн ажлаа ч хийдэг Х.Алтанцэцэг дасаж дадсан янзаар хоромхон зуур 2 кг улаан лооль бидэнд түүж өглөө.

Удахгүй тэтгэвэртээ гарах ч амьдралынхаа 36 жилийг үнэнч зориулсан Эхийн голоос тэр холдохгүй, үлдэнэ гэлээ.


Их говийг хайрлан хамгаалах чиглэлээрх өмнөх контент:

Гэрэл зургийг О.Улсболд. Байршил: Говийн их дархан цаазат газрын А хэсэг.

Говийн их дархан цаазат А бүсийн дарга Ч.Баярбат: Анх "Та нарыг харна аа" гэдэг байсан. Ямартай ч бид хамгаалж чадаж байна ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

Гэрэл зургийг О.Улсболд. Байршил: Шар хулстайн баянбүрд, Говийн их дархан цаазат газрын А хэсэг.

Их говийн хамгаалагчид: Унаа, шатахуун, ус. Байгаль хамгаалагч энэ гуравт хайртай болдог контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Basca Feiza
Basca Feiza
10 сар 25, 2024 13:24

сайн байцгаана уу. ХӨӨРХӨН ЮМБЭ.

Зочин
Зочин
10 сар 25, 2024 19:34

Үүнээс өөрөөр яаж жаргах вэ.Диваажинд байгаа болтой

Зочин
Зочин
10 сар 26, 2024 13:37

муу үхэж д�##�д орсон ардчиллын гай эхийн голд хүртэл очиж хүн эмнэлгийнх нь барилгыг хувьчл�##�нэрээр устгасан байна ш дээ хүзүүгүй хятад хулгайчийг олж �##�аад үнсийг нь эхийн голд цац. Бузар бүхэн арилна.

Зочин
Зочин
10 сар 26, 2024 13:47

2011 онд ардчиллын муу үхэж д�##�д орсон хулгайчууд хүчээр хөөж явуулаад эзгүйдүүлж хятадуудыг оруулж ирэх гэж байсан. Ард түмнээрээ эрслэн босож ардчиллын үхээрүүдийг �##�ах хэрэгтэй.

Улаанбаатар
Улаанбаатар
10 сар 26, 2024 14:15

Хилийн бүс дагуу баахан дархан цаазат газар гэж хоосон байлгах бол буруу даа. Монгол орны хил дагуу том хотууд сүндэрлүүлэх хэрэгтэй. Ялангуяа дорнод Дорноговь Өмнөговь аймгуудын өмнөд бүсүүдээр

Suhai
Suhai
10 сар 27, 2024 17:56

2015 ond ochij bsan saihan zantai humuus bdag.Neereel end terbum modnii hureend jimsnii mod tariwal urahguin zowlonguidee

Баатар
Баатар
10 сар 29, 2024 20:50

Маш сонирхолтой ярилцлага болжээ. Баярл�##�аа. Энэ газар очиж үзмээр санагдчихлаа.

Холбоотой мэдээ

Back to top button