УЛС ТӨР

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй гишүүд АНДОП-ын чуулганд оролцож байна

Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулган Австрали Улсын нийслэл Канберра хотноо болж байна.

Чуулганд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нарын гишүүд оролцож байгаа юм.

Чуулган тус бүс нутгийн “Парламент хоорондын 2020 он болон цаашдын түншлэл” ерөнхий сэдвийн дор болж байгаа бөгөөд гишүүн ба ажиглагч 29 орноос албан ёсны 150 шахам төлөөлөгч, албаны 180 гаруй хүн оролцож байна.

Монгол Улсын Их Хурлын дарга болон гишүүд Улс төр, аюулгүй байдлын асуудал, Эдийн засаг, худалдааны асуудал, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа гэсэн 3 үндсэн хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийллээ.

Эдгээр үндсэн хэлэлцүүлгээр “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилтод парламентын үүргийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх болон боловсрол, инноваци, технологийн салбарт хүйсийн тэгш байдлыг хангах, худалдаа, эдийн засгийн хөгжлийн байгууллагуудыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг парламентуудын хамтын ажиллагааг сайжруулах, бүс нутгийн соёлын олон янз байдал, аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэж байна.

Чуулганы төгсгөлд Тогтоол болон Хамтарсан тунхаглал баталж, гишүүн орнууд гарын үсэг зурах юм. Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид чуулганы хэлэлцүүлэг, Гүйцэтгэх хороо, Ажлын хэсгүүдийн хуралдаанд оролцохын зэрэгцээ хоёр талын хэд хэдэн уулзалт хийнэ. Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэгт үг хэлнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button