Фото: Орц

Хотын төвийн орон сууцнууд гаднаасаа өнгө засаж, тохилог мэт харагдавч дурын орцны үүдээр шагайхад л ихэнх нь хуучирч, хөгц мөөгөнцөр сэн хийнэ. Үүднээсээ бахим төмөр хаалга, кодтой. Гэхдээ харанхуй, чийг даасан энэ орцнуудаас аюулгүй байдал, тав тух мэдрэх боломжгүй.
Элэгдэлд орж, насжилт нь хэтэрсэн орц хонгилын шат, хаалга, цонх гээд юухан нь ч “орон гэр” гэх дулаан дотно мэдрэмж рүү хөтлөхгүй нь харамсалтай. Бүр хотын түүхэн дурсгалт, анхдагч орон сууцууды нэг нэг гэх бараа ч алга.
Бүрэнхийд гарахаас, гарсан бол орохоос жийрхэм хуучны орон сууцнуудын орц жил ирэх тусам л доройтсоор…Бидний хэлж заншсан “40, 50 мянгат”-ын орчимд хуучин байрнуудын булан тохой бүр мууджээ. Хямдхан будаг, нэг удаагийн өнгөлгөө, эв хавгүй цементен шат зэргээс харвал анх баригдсан хийцлэлээс нь өөрөөр буюу хямд төсрөөр засаж янзлах нэрийдлээр богино настай засварууд нь жил ирэх бүр улам зүсгүй болгосон нь илт.
Улаанбаатар хотод Зөвлөлтийнхөн Москва хотын Гипрогор институтээс одоогийн нэгдүгээр 40 мянгатын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг зохиож барьсны нэг нь юм.
1958 оны наймдугаар сарын 29-нд 1093 айл амьдрах орон сууц болон сургууль, хүүхдийн цэцэрлэг, ясли, дэлгүүр, гуанз зэрэг соёл үйлчилгээний хэд хэдэн барилгыг барьж ашиглалтад оруулж байжээ. Нэрийн тухайд нийт орон сууцны хорооллын хэмжээ бөгөөд анхны төлөвлөгөөт нэршил нь ийм тул орон суугчид ч ийн дуудаж хэвшжээ.
Харин 50 мянгатын хорооллыг Оросын архитектур хийцлэлээр Хятад улсын хөрөнгө оруулалтаар барьж байсан аж. Үндсэндээ 40,50 мянган метр кв орон сууцны иж бүрэн жишиг хороолол барьсан нь энэ.
Гэвч сүүлийн 20 гаруй жилд анхны архитекторын хийцлэл нь алдагдаж, гадна талаасаа ч нарийн жижиг деталь элементүүдийг нь үгүй болгосон. Улмаар жирийн л шавар байр болж хоцроод зогсохгүй нэг давхрууд нь үйлчилгээний газруудаар дүүрчээ. Уг нь архитекторын анхны үзэмжээр нь сэргээж чадвал хотын А бүсийн хамгийн сонирхолтой хийцлэл бүхий орон сууцуудын нэг.
Өдгөө улам өнгө зүсээ алдаж, хотын голлох барилга гэх бэлгэдэлт шинжээ алдаж, доройтсоор…
Гэрэл зургийг: О.Улсболд
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ













































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5, 6- н баллын газар хөдлөлтөнд хүн амьдрах аргагүй болно гэсэн дүгнэлттэй болсон маш аюултай байрууд, учир нь уг барилгуудын хэврэг хийцлэлүүдийг оршин суугчид их хэмжээгээр эвдэж өөрчилсөн байдаг!!! Ихэнх нь модон хийцлэлтэй!!!
Тийм шүү. Хотын төвийн байрууд одоо бол зүгээр л нэг шавар байшингууд болсон.