НИЙГЭМ

“БНСУ-д хоёр сар сургалтад суусан эмч охинд минь хагалгаа хийсэн”

“Тод Каннам” эмнэлэгт өнгөрөгч 2019 оны гуравдугаар сард өөх соруулах мэс засалд орсон 29 настай эмэгтэйн зүрх нь зогсож, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Зүрх нь зогссон даруйд яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад  мөн оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нас барсан байдаг.

Хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн өнөөдөр /2020.01.20/ хэвлэлийн хурал хийлээ.

“ОХИНОО БУРХАН БОЛСНООС ХОЙШ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ИТГЭЖ, ЕСӨН САР ХҮЛЭЭЛЭЭ”

Талийгаачийн аав Д.Гүндсамбуу “Охиноо алдаад бид есөн сар болж байна. Цагдаа шүүхийнхэнд итгээд өнөөг хүрлээ. Миний охин суурь өвчингүй, хийж бүтээх насандаа хорвоог орхилоо. Хуулийн байгууллага миний охины хэргийг үнэн зөвөөр шийдэж чадахгүй бол олон улсын байгууллагад хандана.  Шүүхийн хэлэлцүүлэг долоо хоногийн өмнө боллоо. Ямар зүйл ангиар ялласныг нь мэдэхгүй явсаар байгаад “Тод Каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг гэсэн хоёр хүнийг яллагдагчаар татсан. Хамгийн гол нь миний охинд хагалгаа хийсэн гэх эмч нь БНСУ-д ердөө 1-2 сар сургалтад суусан л хүн байгаа юм. Тэгсэн тэднийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзээд, 1-5 жил хорих ял оноож, зүйл ангийг нь хөнгөвчилж оруулж ирсэн. Мэс заслыг гудамжны хоёр хүн хийгээгүй. Эмнэлэг гэсэн үүднээс миний охин мэс засалд орсон гэж бодож байгаа. Миний охины амиа алдсан хэргийг төрийн өндөрлөгүүд болон эрүүл мэндийн сайд анхааралдаа авч үнэн зөвөөр нь шийдэж өгөөсэй” гэв. 

“ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛД БАЙХГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ЭМЧЭЭР ХИЙЛГЭСЭН ЗАХИРЛЫГ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАХ НЬ ЗӨВ”

Өмгөөлөгч Л.Баасанжав “Амь хохирогч хагалгаа хийлгэхдээ эмч Д.Тодномбатын чадварт итгэж очсон уу. Эмнэлэгт итгэж очсон уу.  Хэрвээ Д.Тодням эмнэлгийн захирал тусгай зөвшөөрөлгүй эмнэлэгт эмчдээ хагалгаа хийх зөвшөөрлийг өгч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн бол эрүүгийн хариуцлагад татагдах ёстой. Өөрөөр хэлбэл эмнэлгийн тусгай зөвшөөрөлд байхгүй үйлчилгээг эмчээр хийлгэсэн. Тэгэхээр энэ хэрэгт холбогдуулж эмнэлгийн захирлыг холбогдуулан шалгах нь зөв гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Шүүх хурал нэгдүгээр сарын 27-нд болно. Шүүх хурлын процесс явагдаж байгаа учир хэргийг нарийвчлан ярих боломжгүй” гэсэн мэдээллийг өгсөн юм.

“Тод каннам” эмнэлэг анх 2009 онд “Гахайн аж ахуй”, “Гадаад худалдаа”, хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх чиглэлтэйгээр байгуулагджээ. Хуулийн гэрчилгээн дээрх нэр нь “ТОДББ” ХХК бөгөөд үйл ажиллагааны чиглэлээ 2013 онд гэнэт өөрчилж 2013.12.27-ны өдөр “Гоо сайхны мэс заслын үйлчилгээ үзүүлэх” тусгай зөвшөөрлийг нийслэлийн эрүүл мэндийн газраас авсан аж. Тус эмнэлгийн эзэмшигч нь Даваасүрэнгийн Тодбилгүүн, Даваасүрэнгийн Тодням, Дашдэндэвийн Оюунцэцэг гэдэг гурван хүн байдаг. Харин гүйцэтгэх захирлаар нь Даваасүрэнгийн Тодням ажилладаг юм байна.

Түүнчлэн уг эмнэлгийн гоо сайхны мэс засалд ороод хохирсон гэх хүмүүс талийгчийн гэр бүлтэй холбогдоод байгаа аж. Одоогоор тухайн хүмүүсийн талаарх мэдээллийг өгөх боломжгүй байна гэсэн юм.

Б.ҮРЖИГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Алтай
Алтай
2020-01-20 13:56

Харамс�##�тай өөх соруулах уг хаг�##�гаа нь маш аюултай байж болох ш дэ. Ямар ч байсан эрүүлээр турах хэрэгтэй мөнгөөр бүгдийг шийдэхгүй ээ.

Ms B
Ms B
2020-01-20 17:10

Ger bvleereee ajildg ashig harsan l gazar bnadaa chaddag chaddagui hvmvvs niileed l goo saihan gsen ner door hvn hohiroogood

Холбоотой мэдээ

Back to top button