НИЙГЭМ

Германы компани пассив орон сууцны стандартыг Монголд нэвтрүүлнэ

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Ронген Архитектор компанитай “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах 9 байршилд барих “Орлогод нийцсэн орон сууцны төсөл”-ийн ажилд дэмжлэг үзүүлэх, Монгол улсад пассив орон сууцны стандартыг нэвтрүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Пассив орон сууцны халаалтын систем нь нарны илчийг ашиглахаас гадна тухай байшинд хэрэглэгдэж байгаа гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон дотор нь ажиллаж, амьдарч байгаа хүний биеэс ялгарч байгаа дулааныг барьж авч ашигладгаараа онцлогтой юм. Ингэж сэргээгдэх эрчим хүч болон байшинг ашиглах явцад үүсч байгаа дулааныг алдалгүй барьж ашигласнаараа эдийн засгийн асар хэмнэлттэй төдийгүй уламжлалт технологитой байшинтай харьцуулбал агаарт бохирдол цацдаггүй, байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй, цаг уурын өөрчлөлтийг бууруулах зэрэг маш олон эерэг нөлөөтэй гэдгийг эрдэмтэд онцолж байна.

Тус стандартыг БНХАУ, Зүүн Европын улс орнууд барилгын салбартаа амжилттай нэвтрүүлээд байгаа юм.

Уур амьсгалын хувьд ижил төстэй Оросын холбооны улс барилгын салбартаа тус стандартыг нэвтрүүлснээр нэг квадрат метр талбайд 1 жилд 800 квт цахилгаан зарцуулж байгаа нь уламжлалт барилгын технологитой харьцуулахад 53 дахин бага хэрэглээ юм.

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Германы Ронген Архитектор компанитай ПАССИВ барилгын технологи стандартыг Монгол улсад нэвтрүүлэхэд хэр тохиромжтой талаар судалгааны ажлыг зохион байгуулахад уур амьсгалын хувьд нэн тохиромжтой гэж үзсэн байна.

Санамж бичгийн хүрээнд Ронген Архитектор компани нь “Орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийн техникийн шийдэл гаргах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлж “НОСК” ХК-иас санал болгосон байршилд орон сууц болон дагалдах барилга байгууламжуудад шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг ХБНГУ-ын хөрөнгөөр барих асуудлыг шийдвэрлэх, зураг төсөл боловсруулахаас түлхүүр хүлээлгэн өгөх зарчмаар пассив хаусны стандартаар барьж гүйцэтгэх юм.

Эх сурвалж: НЗДТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button