УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм #1: С.Мөнхсүх амаа “цоожтой” байлгаж, луугарууд цухас ярьж, шинжээчдийн мэдээлэл нүд нээв

"Оюу Толгой"-г тойрсон улс төрийн нюансууд чухам эл сонсголоор ил болно гэх хүлээлт өндөр. Иймд эхний өдрийн сонсголыг тоймлон хүргэж байна. Өчигдөр /2025.12.08/ "Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн асуудлыг хэлэлцэв.

-С.Мөнхсүхийн цоожтой ам, "Оюутолгой"-н нууцын тамгатай цааснууд-

Юун түрүүнд нэг дүрийг онцлоё.

Тун саяхан "Рио Тинто" талын дэмжлэгтэйгээр "Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар С.Мөнхсүх томилогдсон. Эл албанд “Рио Тинто” гадаад хүн томилж ирсэн тул С.Мөнхсүх анхны монгол томилгоо. Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтой уулзахаас өмнө монгол иргэнийг томилох, манай улсын ашиг сонирхлыг төлөөлөхүйц байх саналыг тавьсан гэдэг. Чингээд удалгүй эл томилгоо хийгдсэн. Монголын талаас томилуулсан гэж тархи угаасан, бас угаагдсан. Учир нь ТУЗ-д байдаг мөртөө монголын талд огт санал өгдөггүй, "Рио Тинто" талыг бүрэн төлөөлдөг хүн юм, С.Мөнхсүх. Оюу толгойгоос төрсөн тэрбумтнууд бүлэгт багтан бичигдэж байв. С.Мөнхсүх нь “Рио тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болдын сайн найз. Амьдралын замнал, намтар нь ижилхэн болтлоо хамтарсан. АНУ-д амьдарсан, “Ньюком групп” ХХК зэрэгцэн ажилласан. Нэг нь “Оюу толгой” ХХК, нөгөө нь “Рио Тинто"-д орсон. Сүүлд хоёулаа “Рио Тинто”-д мөр зэрэгцэх болсон.

С.Мөнхсүх ажлаа хараахан хүлээж аваагүй ч, нээлттэй сонсголд ирэв. Анхны гэрээ зурагдсан цагаас өнөөдрийг хүртэлх арвин мэдээлэлтэй байх боломжтой дүр мөнөөсөө мөн. Гэхдээ ам нээж, олигтой хариулт өгсөнгүй. Асуултуудыг ойлгохгүй байна, тэмдэглэж аваагүй тул мартагдчихлаа, хариулах гэхээр хугацаа хэт богино байна гэв. Өөрөөсөө займчуулсаар хариулт өгөх цагаа дуусгасаар суув. Ерөөс боловсон заль гаргасаар нэг өдрийн ард гарсан юм. Асар бэртэгчин нэгэн гэдгээ тод томруунаар харууллаа.

Тэгэхээр С.Мөнхсүх нь цаашид үнэхээр Монголын эрх ашгийг алдагдуулалгүй хангана. Засгийн газрын тавьж буй нөхцлийг тэнцвэртэй авч явна гэдэг юу л бол.

Дээр нь нэмээд хянан шалгах хороо нийт 92 мянган хуудас материал цуглуулсан ч, Оюу толгой ХХК 54%-д нь нууцын тамга даржээ. Сонсгол даргалагч О.Батнайрамдал, "Захидалд хүртэл дарах шаардлага байсан уу" гэж халагласан. Шинжээч “зарим материал нууцын тамгатай учир энд дурдах боломжгүй” гэж хэлээд алгасаж байв.

С.Мөнхсүхийн цоожтой ам, "Оюутолгой"-н нууцын тамгатай цааснуудаас болж монголчууд олигтой мэдээлэл олж дуулсангүй.

-Луугарууд цухас ярив-

Энэ хэсгийг луугарууд гэж нэрлэе. Луугаруудаас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, Эрдэс баялгийн сайд асан Д.Зоригт, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гэхчлэн хүмүүс ирэв.

Д.Зоригт бол Оюутолгойн гэрээ зурагдах үед Эрдэс баялгийн сайдаар ажиллаж байсан. Гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа хэл чимээгүй алга болсон. Сонин бас ам нээх ёстой дүрүүдийн нэг. Гэхдээ өөрт оногдсон минутаа аргалж залгисаар байв. Ерөнхийдөө С.Мөнхсүхтэй ижил тактик барив. Нөгөө талаар тэр улстөрд эргэж ирээд монголын амьдралаас ямар хол тасарчихснаа харууллаа. "2008 онд Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ ярьж байхад Монголын нэг өрхийн орлого 326$ байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсны дараа буюу 4 жилийн дотор 627$ болсон. Зөвхөн хөрөнгө оруулалт орж ирээд, татвар төлөлт төсөвт орж ирээгүй байсан гэсэн үг. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас төсвийн орлого өмнө 2 их наяд л байсан бол өнөөдөр 30 их наяд болжээ" хэмээсэн билээ.

Ч.Хүрэлбаатар, Тухайн үеийн Сангийн яамны ТНБД байсны хувиар ам нээв. 2007 онд зүйл, заалтууд монголд ашигтай, дэлхийн эдийн засаг ч сайн, зэсийн үнэ өндөр байх үес сайн гэрээ орж ирсэн. Сөрөг хүчин эсэргүүцэж, УИХ дээр унагаасан хэмээн ярив. Нэрлэж чадна. Үүнээс хойш хоёр жилийн дараа 2009 онд муу гэрээ хийгдсэн гэдгийг онцоллоо.

Н.Энхбаяр, М.Энхболд даргын үед танилцуулсан гэрээг харьцангуй сайн гэрээ байна гэж байсан. Иймээс тухайн гэрээг илүү сайжруулах зөвлөмж өгсөн. Харин С.Баяр сайд илүү улайрсан байдалтай гэрээг танилцуулж байсан. 

Ч.Хүрэлбаатар, Н.Энхбаяр нарын ярианаас “М.Энхболдыг Ерөнхий сайд байх 2007 оны үес сайн гэрээ хэлцэл орж ирж, бут цохигдсон. 2009 онд муу гэрээ хийгдсэн” гэдэг нюанс тодорч байна.

С.Баярцогт, Сангийн сайдын хувиар олон зүйлийн гогцооны эзэн. Гэхдээ одоо цаг үе дээр "Оросын нэг компани "Рио Тинто"-г шүүхэд өгч, "Оюу толгой"д эзэмшдэг хувийг нь авах санал тавьсан” гэх агуулга хэллээ. 2009 онд гэрээг байгуулж, 2011 онд сайжруулсан. 2015 онд Дубайн гэрээгээр муужруулсан. 2019 онд сайжруулсан гэж товчхон дүгнэв.

Д.Дэмбэрэл, УИХ-ын дарга асан "Тухайн үед Онтрэгийн тухайд 300 саяас дээш хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-д танилцуулагдах ёстой байсан ч бид мэдээгүй. Энэ хаагуур ямар хулгай явсаныг би гайхаад байгаа. "Рио Тинто"-ийн үе үеийн захирлууд гоё юм ярьж гэрээ байгуулчхаад, цаанаа өөрсдийн орлогоо бүрдүүлж авдаг юм шиг байна” гэсэн.

Ц.Нямдорж, “Яг гэрээ байгуулагдах үед Онртэ-гийн асуудал яригдаагүй” гэдгийг хэлэв.

-Шинжээчийн мэдээлэл дэх "Онтрэ"-гийн тухай НОЦТОЙ тоонууд-

Шинжээчийн гаргаж тавьсан, тоон мэдээллүүд сайн байлаа. Дүгнэлтүүдээр монголчуудын эрх ашиг хөндөгдөж буй талаарх нэлээд асуудлууд ил болов.

1.2010-2024 оны хооронд "Оюутолгой"-гоос 16 жилийн хугацаанд $16.3 тэрбумын орлого олж, $3.2 тэрбумын АМНАТ, татвар төлсөн. Энэ нь "Эрдэнэт үйлдвэрийн сүүлийн зургаан жилийн төлбөртэй адилхан.

2. Нийт валютын нөөцийн 41 хувийг, нийт экспортын 17 хувийг бүрдүүлдэг ч, нийт гадаад өрийн 50 хувийг дангаараа эзэлж байна.

3. "Рио тинто"-д жилд 4.3 их наяд, өдөрт 10 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлж байна.

4. "Оюутолгой" ордыг 80 жил ашиглахаас 35-д нь "Онтрэ" ХХК-ийн талбайгаас олборлоно.

5. "Онтрэ" тусгай зөвшөөрлийн төлбөрөө 2003-2009 онд "Зата" гэх компаниар төлүүлсөн. Энэ нь 608.5 мянган ам.доллар.

6. 2002-2025 оны хооронд 912 сая төгрөгийн татвар төлсөн. Үүний 697 сая төгрөг нь нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан дүн. Буюу татвараа хугацаанд нь төлдөггүй.

7. Онтрэ ХХК-д 2004, 2008, 2013, 2016 онуудад татварын хяналт шалгалт хийгдсэн. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл есөн жилийн хугацаанд ямар ч хяналт шалгалт хийгдээгүй.

8.Ц.Мянганбаяр лиценз эзэмшиж байгаад "Онтрэ" ХХК-д 10.5 сая ам.доллароор зарсан. Улсад ямар нэгэн татвар төлсөн баримт огт байхгүй. Өнөөдөр санахгүй байгаа. Гэхдээ "Гадаадын хөрөнгийн биржид баялгаа гаргасан нь монголчуудын алдаа" хэмээн яриад зогсож байна.

9. Хуульд сорчлон олборлохыг хориглосон байдаг. Гэвч "Оюутолгой-гоос сорчилж олборлож, ард түмэнд дийлэнх биш талын тал нь ирнэ гэж дүгнэж байна

10. 2009 онд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг ТЭЗҮ боловсруулж хэлэлцэж батлагдаагүй байхад хийсэн,

Нууцын дардастай олон баримтууд дундаас ийм чухал асуудлууд дөнгөж өндийж байна уу.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Энэхүү сонсголыг ажлын хэсэгт УИХ-д анх удаа сонгогдсон залуу гишүүд зохион байгуулж байгаагаараа онцлогтой. О.Батнайрамдал гишүүнийг "чансаагаа харууллаа" гэх. Гэхдээ төрийн ордон хавийн цүнх баригчдын үнэлгээ. Нэг гишүүний чансаа яах вэ, иргэдийн мэдэх эрх хангагдаж байвал яамай. Ө.Шижир, Б.Жаргалан нарын асуулт чанга байв. МАН-аас Э.Болормаагийнх. Харин МАН-ын бусад залуу гишүүд "ууртай" царайлахаас цааш нэмэр болсонгүй.

Нөгөө талаар "Онтрэ"-гийн талбайд дахь баялгийн төлөө Онтрэ, Оюутолгой, монголын төр гурав "үзэлцэж" байна. Онтрэ, Оюутолгойн талбай яг ижилхэн баялагтай, нэгийг нь нөгөөгөөс салгаж болшгүй талбайтай гэж ширжээчид хэлсэн. Онтрэ ХХК-ийн эзэмшлийн "Жавхлант", "Шивээ Толгой" ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөц тогтоох, үнэлгээ хийх болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлуудыг хэлэлцэх том ажил Засгийн газарт үлдэнэ.

“Оюутолгой” төслийг буруутгах учиргүй. Монголд гуравдагчийн хөрөнгө оруулалт асар чухал. Гэхдээ ХОГ-нээс давсан эрх эдлэх ёсгүй гэдэг асуудлыг л хөндөх учиртай. Нэн түрүүнд 27 хувьтай байгаа өгөөжийг 53 хувьд хүргэнэ гэдэг амлалтыг Г.Занданшатарын Засгийн газар өгчхөөд сууж байгаа. 2026 онд "Оюу Толгой"-н зээлийн хүүг бууруулах хүлээлт бий. Цаашлаад борлуулалтын орлогоо монголын банкаар авах, лабораторио байгуулах гэхчлэн тохирох асуудал илэн далангүй яригдаж, шийдэгдээсэй.


Эхний өдрийн нээлттэй сонсголын нэгдсэн мэдээллийг дараах линкээр уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эгэл
Эгэл

Батнайрамдал Эрдэс Баялгийн Яамны дэд сайд байсан хүн,асуудлын голыг мэдэж байгаа.Маш сайн байна,ард түмний мэдэх эрхийг хангаж байна.Монгол улс хуультай,журамтай улс гэдгийг харуулсанд талархаж байна,илүү чанга зарчимч байгаарай,дүйвүүлж өнгөрөөх,бүдэгрүүлэх,мэдэн будилах,мушгин гуйвуулах ,алдаагаа хайцаалах гэсэн Дүлзэнгүүдийг ард түмэн харж байна аа. Амжилт,залуу гишүүд ээ

Змапочин
Змапочин

Хаагаад ах нартай хамтарсан дээр

Зочин
Зочин

Угаасаа энэ сонсголоор монголын талын хувь хэмжээ нэмэгдэж, ноогдол ашиг авах энэ тэр юман дээр ахиц дэвшил юуч гарахгүй! Анхнаасаа гэрээ хийхдээ маш гутамшигтай хулхидуулсан гэрээ хийгдсэн юм чинь тэр чигээрээ л дуусна! Монголын талын гэрээнд оролцсон хэдхэн хүн л долларын саятнууд болоод ард түмэн улны ядуу хэвээрээ л байх болно!

Нараа
Нараа

Хэ одоо хүртэл өөрийн гэсэн лаборатори гүй юм уу
Хаагаач яахлаараа ажлуулдаг юм бэ

Зочин
Зочин

О. Батнайрамдал дэндүү хэрүүл хийгээд бнаа ! Өс сана сан хүүхэд шиг л аашлаад, хүн амьтанруу дайрч давш лаад л байхымаа, соёлгүй болчимгүй залуу бна !!!

Холбоотой мэдээ

Back to top button