Нийгэм ярилцлага

16 настай ээж: Хүүхдээ төрүүлсэндээ баярладаг, авхуулсан бол ирээдүйд тийм хэмжээний эрсдэл хүлээж магадгүй

Өсвөр насандаа ээж болсон, хүүхэд төрүүлсэн охид олон. Статистик тоон мэдээллүүд ч хэлдэг. Нийгмийн тодорхой асуудал болоод удаж байна. Эдгээр охидын ихэнх нь хүчирхийлэлд өртөж, эцэг эхээсээ нууж, хэнд хаана, ямар байдлаар хандахаа мэддэггүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд тодотгодог. Үүнээс шалтгаалж хугацаа алдах цаашлаад эрүүл мэнд, амь насаараа хохирох ч эрсдэлтэй тулдаг байна.

Нэг талаараа хүүхэд төрүүлэх нь хүний заяагдмал, халдашгүй эрх мөн боловч насны хувьд эрт байх нь хэтэрхий эрсдэлтэй гэж үздэг. Нийтлэг ойлголт ч ийм. Гэсэн ч өсвөр насны охидын жирэмслэлт жил бүр нэмэгдэж, төрөлт буурахгүй байгаа нь толгойн өвчин болсон. Өөрөөр хэлбэл энэ асуудалд ул суурьтай хандах цаг ирсэн гэдэг дохио улаан түвшинд хүрээд байна.

Нөгөө талд нэгэнт хүүхдээ төрүүлж, гэр бүл зохиосон цөөн тохиолдлыг үгүйсгэх аргагүй аж. Өөрөөр хэлбэл хувь хүн болоод түүний гэр бүлийн сонголтыг хүндэтгэх хэрэгцээ, шаардлага ч бий болдог байна. Туйлын зөв эсвэл туйлын буруу гээд тодорхойлчихвол аль нь ч хүний эрхийг хангахгүй болчихно шүү дээ.

Энэ сэдвийн хүрээнд 16 насандаа ээж болсон нэгэн эмэгтэйтэй ярилцлаа. Ээж нь хүүхдээ төрүүлэхийг зөвлөж, дэмжсэн тул энэхүү сонголтдоо бат зогсжээ. Түүний охин одоо зургаан сартай.

-Яагаад ч юм эхлээд ядарч байна уу гэж асуумаар байна?

-Дөнгөж төрсөн ээжүүд их ядарсан харагддаг байсан. Бас гэр нь хөглөрөөд, жаахан замбараагүй талдаа гэх юм уу. Тийм байхыг хараад би лав ээж болбол ийм байхгүй ээ гэж боддог байлаа. Гэтэл бодит байдал өөр юм билээ. Үнэхээр ядардаг юм байна. 

-Хүүхдээ анх тэвэрсэн мэдрэмжээ илэрхийлээч?

-Анх охиноо тэврэхэд биеэс их хүнд зүйл аваад тавьчихсан юм шиг санагдсан. Жирэмсэн болоогүй байхдаа ганцхан өөрийгөө л гэдэг байсан бол төрсний дараа хүүхдээ л гэдэг юм байна. Өмнө нь өмсдөг байсан хувцсаа өмсөх гэхээр эвгүй санагдах болсон. Би чинь ээж болчихсон шүү дээ гэдэг бодол л дотор эргэлдээд.

-Ээж болно гэдэг нэг талаараа хариуцлага шүү дээ. Тэр ч утгаараа гэртэй зүгээр суухгүй, онлайнаар захиалга авч, орлоготой байя гэж хичээж байгаа анзаарагдсан?

-Төрснийхөө дараа охиноо таван сартайгаас нь эхлээд лаа, саван, гэрийн декор, ванны бөмбөлөг, давс зэргийг хийсэн. Одоогоор онлайнаар бараа захиалга л авч байна. Захиалсан бараа нь 7-14 хоногт ирнэ гэхээр зарим хүмүүст хулхидах гэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байх. Захиалга харьцангуй бага л байна. 

-Лаа, саван зэргээ хийхээ больчихсон гэж ойлголоо. Дутагдаж байгаа зүйл байна уу. Эсвэл зав нь болохгүй байна уу?

-Зав бол байгаа. Бэлдцүүдээ авахын тулд мөнгө шаардагдаад, түрдээ боломжгүй л болчхоод байна. Тиймээс онлайн захиалгууд авч эхэлсэн юм. 

-Гар урлал бас хийдэг. Он гаргаад үргэлжлүүлж хийнэ гэсэн. Юу юу хийдэг вэ?

-Он гаргаад нэхмэлээр хүний нэр хийх гэж байгаа. Өөр олон зүйлийг хийж болдог л доо. 

-Гар урлал хийнэ, онлайнаар захиалга авна, лаа, саван бас хийдэг гэж байна. Энэ бүхэн мэдээж амьдралын төлөө шүү дээ. Хүн бүр л сайхан амьдаръя гэж хичээж, зүтгэдэг. Хүрье гэж зорьж, хичээж буй эхний цэг хаана вэ?

-Эхний ээлжид гар урлал хийсэн мөнгөө цуглуулж байгаад иж бүрэн гэрийн тавилгатай болъё гэж бодож байна. Бас энэ байгаа хашааны маань эзэн хашаагаа зарна гэсэн. Болж өгвөл энэ хашаагаа ч гэсэн авчихмаар байгаа. 

Би ер нь гуравхан зорилготой. Эхлээд тавилгаа авна. Тэгээд хашаагаа авна. Дараа нь энэ хашаандаа байшин барина. Харин мөрөөдөл бол өөр. Онлайн бизнесээ томруулаад хотод өөрийн гэсэн дэлгүүртэй болно гэж боддог. 

-Орон сууцанд амьдрах бодолгүй юм шиг байна. Танай энд агаар нь ч сайхан юм?

-Хот руугаа утаа ихтэй л дээ. Яах вэ, орон сууцанд амьдарна гэх бодол байдаг ч амьдралаа бага багаар босговол илүү амттай байх. Эхлээд гэрт амьдраад дараа нь байшинтай болоод тэгээд байранд амьдраад шат дараалалтай явбал гоё санагдаад байгаа. Амьдралын амтыг мэдрээд гэсэн үг. 

-Одоо амьдарч байгаа энэ гэр нь хэдэн ханатай вэ?

-Бага таван ханат, давхаргагүй гэр л дээ. Шөнөжин галлаад хонохгүй бол маш хүйтэн. Түлээ их ордог. Гал зогслоо л бол гэр илчээ хурдан алддаг. Нүүрс, түлээ үнэтэй ч болсон юм байна. Нэмээд охины хоол, тэжээл гээд зардлууд их. Ийм шалтгаануудаар зорьсон зүйлсдээ хүрэхэд жаахан хугацаа орох бололтой. 

-16 настай хэр нь хүүхэдтэй боллоо гэдэг ч юм уу шүүмжлэх хүмүүс цөөнгүй байгаа байх. Хүмүүс хувь хүний сонголт, шийдвэрийг хэр хүндэтгэдэг юм шиг байна?

-Анзаарвал ихэнх хүмүүс шүүмжлэх аястай байсан. Сүүлд оруулсан бичлэгийн сэтгэгдэл хэсэгт “залуу хүүхэд байж”, “миний насны хүн байна шүү дээ, аав нь одоо шоронд орчихсон уу” гэх жишээний. Тиймэрхүү сэтгэгдлүүд ирэх, түүнийг унших мэдээж хэцүү. 

-Гэтэл таны бодол мэдээж өөр байх. “Энэ миний өөрийн сонголт байсан. Алдаа байгаагүй. Ээж болсондоо баярладаг” гэж хэлж байсан?

-Хүүхэдтэй болж, төрж чадахгүй хүмүүс байдаг шүү дээ. Тийм зовлонтой хүмүүс байдаг гээд бодохоор өөртөө баярладаг. Хэрэв би хүүхдээ авхуулах сонголт хийсэн бол ирээдүйд тийм хэмжээний эрсдэл хүлээж магадгүй. Тийм болохоор хожим гутрахгүй, харамсахгүйн тулд хүүхдээ төрүүлсэн. Амьдрах хүсэлгүй болж ч мэднэ шүү дээ. 

-Хүүхэд нь одоо зургаан сартай юм байна. Энэ жаахан “амьтан”-тай өглөө хамт сэрнэ, орой хамт унтана. Бүх л цаг хугацаанд хамт байна шүү дээ. Харах бүрд төрдөг мэдрэмжээ хуваалцаач?

-Юм хийж байгаад ядраад ч юм уу, стресстсэн үедээ охин руугаа харахаар урдаас хараад инээгээд л байдаг. Тэрийг нь харахаар улам эрч хүч ороод, илүү хичээмээр санагддаг. 

-Гэр бүлийнхэн нь хөдөө амьдардаг юм байна. Анх жирэмсэн болсон гэдгээ хэлэхдээ айсан уу?

-Анх өөрөө хэлж чадаагүй ээ. Найз залуу маань ээжид хэлсэн. Тийм болохоор загнаж, уурлаж хүлээж аваагүй. Ойлгоод, чадна гэвэл миний охин чадна байх аа. Бас л хэцүү шүү дээ гэсэн. Тэгээд л ирээд хяналтдаа орсон доо. 

-Хотод төрсөн юм байна. Гэрийнхнээс нь хүн ирсэн үү?

-Ээж ирсэн л дээ. Би төрснийхөө дараа маш их цус алдсан. Босож чадахгүй, босох л юм бол ухаан алдаж унаад. Тэр үед ээж минь л хань болсон. Охиндоо мөөмөө хөхүүлж ч чадахгүй болохоор уйлаад хэцүү байсан шүү. Хажуу орны эгчийн мөөмийг хөхүүлээд л.

-Мэдээж энэ бүхэн таны өөрийн сонголт. Гэр бүлийнхэн нь бас зөвшөөрсөн байна. Гэхдээ нийгэмд буруутгах өнцөг давамгайлдаг шүү дээ. Жишээлбэл, цахим орчин дахь мэдээ, мэдээллүүдийг хараад ямар санагддаг вэ?

-Би чинь одоо насанд хүрээгүй, хүүхэдтэй хүн шүү дээ. Хүмүүс янз бүрээр л ханддаг. Зарим өсвөр насны охид "Би жирэмсэн юм аа, удахгүй төрнө. Зөвлөгөө авъя". Эсвэл "ээжээсээ нуусан, яах ёстой вэ" гээд чатаар холбогддог. Зарим тохиолдолд би ганцаараа биш юм байна ч гэж бодогддог л юм. 

-Таны бодлоор энэ дийлэнх хүмүүсийн хэлээд байгаа шиг гэм эсвэл буруутай зүйл мөн үү?

-Миний бодлоор лав буруутай зүйл биш ээ. 

-Өсвөр насны охид холбогддог гэлээ. Танихгүй ч юм уу хүнээс гаргалгаа, тусламж хүсдэг нь энэ нөхцөл байдалд айдас голлодогтой холбоотой байх. Нэмээд сэтгэл зүйн хувьд төдийлөн тогтвортой бус болдог шиг байгаа юм. Та энэ мэдрэмжүүдтэй хэр нүүр тулж байв?

-Үеийнхнээсээ жаахан ичсэн. Ханддаг хүмүүсийн ихэнх нь ээж, аавдаа хэлж чадахгүй байна аа гэдэг. Хатуу хүмүүс байдаг юм аа гэх жишээний. Өчигдөр бас нэг охин хандсан. "Ахдаа хүчирхийлүүлээд жирэмсэн болчихсон юм аа. Одоо зургаан сартай. Хүсээгүй хүнээсээ жирэмсэн болохоор яах ёстой юм бол, авхуулах хэрэгтэй юу" гэж асуусан. Би яадаг ч ээж, аавдаа хэлэх нь зөв л гэж зөвлөсөн. 

Өсвөр насандаа жирэмсэлсэн хүүхдүүд ээж, ааваасаа айж, хэлж чадахгүй удсанаас болоод улам л томруулаад байдаг санагдсан. Нэгэнт л жирэмсэн болсон бол эрт хэлээд, ярилцаад, эмчдээ үзүүлбэл эрсдэл бага үүрнэ шүү дээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайнуу? Энэ эохинтой холбоод өгөөрэй. Багахан ч гсн тус нэмэр болох гсн юм. Хүүхэдээ авхуулаагүйд баярлалаа чамд.
Өдөр өдрөөр амьдрал илүү гоё өнгө орноо. Хичээгээрэй????????????

Зочин
Зочин

Баяр хүргэе !

Холбоотой мэдээ

Back to top button