Украин шинэчилсэн энхийн төлөвлөгөөг өнөөдөр АНУ-д танилцуулна
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский даваа гарагт /2025.12.08/ Лондонд айлчилж Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Фридрих Мерцтэй уулзлаа. Тус уулзалтаар энхийн төлөвлөгөөг шинэчилж 20 зүйлтэй болгосон байна. Тэрхүү шинэчилсэн төлөвлөгөөг өнөөдөр /2025.12.09/ АНУ-д танилцуулна гэж Зеленский хэлжээ.
Дайн дөрөв дэх жилдээ удахгүй орох гэж буй энэ мөчид Цагаан ордон энхийн тохиролцоонд хурдан хүрэхийн тулд Киевт үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэх болсон. Даваа гарагийн хэлэлцээгээр Европын удирдагчид Москвад ээлтэй гэгдэх нөхцөлүүдийг тэнцвэржүүлэх зорилготой байсан юм. Төлөвлөгөөний гол асуудал нь газар нутгийн эзэмшлийн тухай болсон. Москва Украины Донбасс бүсийг авах хүсэлтэй байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэхдээ Донбассаас украинчууд ухарна үгүй бол цэргийн хүчээр хяналтаа авна хэмээсэн.
Зеленский өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэж байснаараа Украин газар нутгаа өгөх боломжгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлжээ. Тэр “Америкчууд одоо хэлэлцээнээс буулт олох эрмэлзэлтэй байгаа. Мэдээжийн хэрэг газар нутагтай холбоотой нарийн төвөгтэй асуудлууд бий. Тэр асуудал дээр зөвшилцөлд хараахан хүрээгүй” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.