УБТЗ-ын 1400 гаруй вагон эрчим хүчний нүүрсний тээвэрт явж байна

Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус нийгэмлэг нь дулааны цахилгаан станцуудын нүүрс болон сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн тээвэрлэлтийг хариуцан шуурхай тээвэрлэх ажлыг зохион байгуулдаг.
Энэ өвөл дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээвэрлэлтэд УБТЗ-ын 1400 гаруй вагон оролцож байгаа бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын дулааны цахилгаан станцуудын энэ өвлийн нүүрсний нөөцийг тогтоосон хэмжээнд нь хүргэхийн төлөө хоногийн 24 цагийн турш ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд өвлийн ид ачааллын үед 14-36 хоногийн нүүрсний нөөцтэй болоод байна. Мөн өнөөдрийн байдлаар нийт 49 галт тэрэг буюу 1182 вагон, 80464.2 тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлингийг тээвэрлэж Баян өртөөний буулгалтын фронтод хүргээд байна.
Энэ жил төвийн дулааны шугамд холбогдоогүй айл өрхүүдийг дулаанаар хангаж агаарын бохирдлыг бууруулахын тулд БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авахаар болсонтой холбоотойгоор хагас коксжсон хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлэх ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН хариуцан гүйцэтгэж байна.
2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 58 галт тэрэг буюу 2801 вагон, 132,3 мянган тонн хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлээд байна. Нийт 306.0 мянган тонн коксжсон хөх нүүрс хүлээн авч тээвэрлэхээс 173,6 мянган тонн үлдэгдэл хүлээгдэж байна.
А.ТЭНҮҮН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.