НИЙГЭМ

Хуурамч шатахууны улмаас монголчууд жилд 50-60 тэрбум төгрөгөөр хохирч байна

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд хуурамч түлшний улмаас үүсэж буй хор хохирлын талаар хэвлэлд хандсан юм.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр “Манай холбоо 2018 оноос хойш хуурамч шатахуун буюу химийн бодисоор автомашин явж байгаа талаар олон нийтэд мэдээлсээр байгаа.

Холбогдох газрууд нь арга хэмжээ авдаггүй тул 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан. Үр дүнд тухайн оны арванхоёрдугаар сарын 10-нд 201 тоот захирамжийн дагуу холбогдох төрийн байгууллагуудад шатахууны асуудлаар ажлын хэсэг байгуулж шалгахаар болсон. Гэтэл бүтэн жилийн хугацаа өнгөрөхөд шалгалтын үр дүнгийн талаар манай сэлэм эргүүлдэг Ерөнхий сайдын амнаас гарсангүй. Энэ асуудалд Засгийн газраас арга хэмжээ авч чадахгүй нь ийнхүү тодорхой болсон тул бид тэмцлийн арга хэмжээ зохион байгуулах болно” гэлээ. 

Мөн “Керосин гэх бодисын манай улсын жилийн хэрэглээ 3 мянган тонн. Гэтэл 2012 оноос хойших хугацаанд Монгол Улсын хилээр 1 сая 200 мянган тонн керосин орж иржээ. Үүгээр дизелийн түлш хийж, зах зээлд нийлүүлж байгаа.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тооцоо судалгаагаар Монголд таван машин тутмын нэг нь нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу хуурамч шатахуунаар явж байгаа. Үүний уршгаар жилд 50-60 тэрбум төгрөгийн бодит хохирол учирч байгаа” гэв.

Хурлын үеэр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон хуурамч шатахууны асуудлаар Сангийн яаманд хандахаар болжээ. Учир нь хуурамч шатахууныг цэгцлэх ганц арга нь нефтийн нэмэлт бодисуудад онцгой албан татвар тогтоох хэмээн тэд үзсэн гэнэ.

Н.ГАН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
Back to top button