Иран Улс 54 мянган хоригдлыг суллахаар болжээ

“COVID-19” халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор Ираны Засгийн газраас 54 мянга гаруй хоригдлыг шоронгоос түр хугацаанд суллахаар болжээ.
Шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Голамхоссейн Эсмаилийн мэдээлснээр “Олон хүнийг нэг дор хорих нь халдварт өвчин тараах эрсдэлтэй юм. Шинжилгээгээр “COVID-19” халдвар аваагүй нь тогтоогдсон хоригдлууд батлан даалтад суллагдах боломжтой аж. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс таваас дээш жилийн хорих ял эдэлж буй хоригдлуудыг суллахгүй” гэжээ.
Үүний дагуу Иранд хорих ял эдэлж буй Их Британийн харьяат Назанин Загхари-Ратклифф суллагдаж магадгүй аж. Гэхдээ нөхрийнх нь мэдэгдсэнээр тэрээр Ираны Эвин шоронд хоригдож байхдаа “COVID-19” халдвар авсан байх магадлалтай ч шинжилгээ өгөхөөс татгалзсан байна. Тэрбээр 2016 онд тагнуулын хэргээр таван жилийн хорих ял авчээ.
ЭХ СУРВАЛЖ: bbc.com