Нийгмийн

“Хүннү Апартмент”-ын барилгын талбайд ХҮНИЙ АМЬ ЭРСЭДСЭНИЙГ НУУЖЭЭ

ГЭМТСЭН ИРГЭДИЙН НЭГ НЬ ЭМНЭЛЭГТ ОЧООД НАС БАРЖЭЭ

Энэ сарын 21-ны өдөр Хан-Уул дүүргийн IV хорооны Нүхтийн аманд байрлах “Өү Юу Жи Си Си Си” ХХК-ийн барьж буй барилгын дээврээс модон хэв хашмал (панер) салхинд хийсэж, доор нь явж байсан Ш.М (54 настай эрэгтэй)-ын толгойн тус газарт нь цохьжээ. Улмаар тухайн иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Түүнчлэн 38 настай, эрэгтэй А.Н-ын нуруун тус газарт нь цохиж бэртээжээ. Гэмтсэн хоёр иргэнийг ГССҮТ-д яаралтай хүргэсэн ч 54 настай эрэгтэй Ш.М толгойдоо хүнд бэртэл авсан тул эмчилгээ хийлгэх явцад нас барсан байна.

Бид уг мэдээллийн дагуу Нүхтийн амыг зорив. Барилгын талбай эл хуль. Хүчтэй салхинд барилгын хөөсөнцөр хийсч, энд тэнд хөглөрнө. Тэнд очоод ойр орчмын барилгын ажилчдаас сурагласаар осол гарсан гэх барилгын талбайг олсон юм. Иргэний мэдээллийг нягтлах үүднээс уг барилгын талбайн хашаан дээрх зураг бүхий лавлах дугаараас “Өү Юу Жи Си Си Си” ХХК мөн эсэхийг лавлаж асуухад, бидэнд мөн хэмээх хариултыг өгөв.

Тус барилга нь Хан-Уул дүүргийн IV хороо, Нүхтийн амны зам дагуу байрлах “Хүннү Апартмент”-ын барилгын талбай.

Бид “Хүннү Апартмент”-ын барилгын талбайн хоёр ажилтнаас осол гарсан эсэх тухай асуухад “Би мэдэхгүй, энэ газарт өнөөдөр л ажиллаж байна” хэмээн асуултаас илэрхий зайлсхийж байв.

Харин хажуугийн барилгад ажиллах 40 орчим насны эрэгтэйгээс осол гарсан эсэхийг лавлахад, “Хэд хоногийн өмнө энэ барилгын дээврээс (Хүннү Апартмент заав) панер унаж хүн гэмтсэн сураг байсан. Тэгээд түргэний машин, цагдаа нар ирчихсэн байсан. Юу болсон, нарийн учрыг нь сайн мэдэхгүй. Бодвол осол гарсан байх” гэв.

Иймд бид “Нийслэлийн түргэн тусламжийн төв” болон ГССҮТ рүү утасдаж хохирогчдын биеийн байдлын тухай тодруулахад, “өвчтөний биеийн байдлын тухай мэдээллийг задруулах боломжгүй” гэв. Мөн цагдаагийн байгууллагаас эл хэрэг гарсан нь үнэн эсэх болон бусад зүйлсийг тодруулахад, “Тус хэрэг бүртгэгдсэн нь үнэн. Гэхдээ шалгагдаж буй хэргийн тухай мэдээлэл өгөх боломжгүй” хэмээх тайлбарыг өгөв.

Д.ГАНБОЛД КОМПАНИЙНХАА БАРИЛГЫН ТАЛБАЙД ГАРСАН ОСЛЫГ НУУЖ, СЭТГҮҮЛЧИЙГ СҮРДҮҮЛЭВ

Энэ талаар бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Хүннү Апартмент” барилгыг захиалан бариулж буй гэх “Өү Юу Жи Си Си Си” ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Ганболдоос тухайн барилгын талбайд осол гарсан эсэх, нөхцөл байдлыг тодруулахыг зорьсон юм.

Ингээд түүнтэй утсаар холбогдоход, “Манайх шинэ компани. Ямар ч осол гараагүй. Манай барилгын талбайд өөр олон компани бий. Би барилгынхаа ажилчидтай уялдаатай ажилладаг. Надад тийм мэдээлэл ирээгүй. Хэрэв компанийн нэр хүндэд халдах зорилгоор иймэрхүү зүйл асууж байгаа бол би зүгээр суухгүй шүү. Би том артай, нөлөөтэй хүн. Чи ямар хүнээр оролдож байгаагаа мэдэхгүй байна” хэмээх заналхийлсэн хариултыг өгсөн юм.

Эхлээд залгахад ослыг эрс үгүйсгэж байсан бол, дараа нь ахин холбогдоход, хүмүүсээ цуглуулж яаралтай хуралдах гэж байна. Осол гарсан эсэхийг дахин сайн нягтална хэмээх хариултыг өгсөн юм.

ӨҮ ЮУ ЖИ СИ СИ СИ КОМПАНИ ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАНЫ ТӨРСӨН АХ С.ГАНБАТЫН НЭР ДЭЭР БАЙЖ БАЙГААД ШИЛЖЖЭЭ

“Өү Юу Жи Си Си Си” ХХК нь өнгөрсөн жил хотын дарга С.Амарсайханы төрсөн ах С.Ганбатын нэр дээр байсан компани аж. Харин өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Б.Батмагнай гэдэг хүний нэр дээр шилжиж, энэ оны гуравдугаар сарын 3-нд гүйцэтгэх захирлаар Д.Ганболдыг томилжээ. Тус компани хотын дарга С.Амарсайханы төрсөн ах С.Ганбатын нэр дээр байх үед, тэрээр Зайсан, Богд уул орчмын ДОЛООН байршил дахь нийт 15.02 га газрыг “Собт трейд”, “Юко”, “Өү Юу Жи Си Си Си ” ХХК-иараа дамжуулан эзэмшиж байгаа тухай бид өмнө мэдээлж байсан.

“Өү Юу Жи Си Си Си” компани хотын дарга С.Амарсайханы төрсөн ах С.Ганбатын нэр дээр байсан баримт
“Өү Юу Жи Си Си Си” ХХК өнгөрөгч оны 12-р сард Б.Батмагнайгийн нэр дээр шилжиж, энэ оны гуравдугаар сарын 3-нд гүйцэтгэх захирлаар Д.Ганболдыг томилжээ

ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН ЭЛ ХЭРЭГТ ХЭРЭГ БҮРТГЭЛИЙН ХЭРЭГ НЭЭЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дүрэмдээ барилгын ямар ч ажил явагдаж байгаа үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тор татах, иргэдийн хөдөлгөөн хязгаарлах зэргээр арга хэмжээг авах ёстой. Гэвч энэ мэт хариуцлагаас бултаж хэргийг нуун дарагдуулахыг хичээх компаниудын булхайгаар хэчнээн хүний эрдэнэт амь хохирсныг таашгүй. Ялангуяа “Өү Юу Жи Си Си Си” компанийн барьж буй “Хүннү апартмент” хотхоны барилгын талбайд эрдэнэт хүний амь хохирсон атал удирдлагууд нь хэргийг санаатайгаар нуун дарагдуулж, барилгын ажил өнөөг хүртэл хэвийн үргэлжилсээр буй нь хачирхалтай.

Тухайн хэргийг өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгагдаж байна. Мөн барилга байгууламжийг барих үеийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй гэх шалтгаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

  1. АМАРСАЙХАН БОЛ ЯГ ЧИН ҮНЭНЧЭЭР ЭХ ОРОНЧООР АЖИЛЛАДАГ ХҮН БИШ, УЧИР НЬ МӨНГӨНИЙ ХОЙНООС УЛАЙРАГЧ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ХҮН ИХ ЮМ АЛБАН ТУШААЛАА ХЭТРОҮҮЛЭН АШИГЛАЖ ИДСЭН ЛУЙВАРЧИН БАЙГАА ЮМ ДАА. ТАЛБАЙН ЦЭЦЭРЛЭГ ХҮРЭЭЛЭНГ ОХАРЦГААГААРАЙ, ЭНЭ НОВШНУУДЫ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button