Нийгмийн

“Гангар Инвест” ХХК-ийн барилгыг эсэргүүцсэн иргэд жагсаж байна

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн маргаанаас үүдэж хэсэг иргэд “Гангар Инвест” ХХК-ийн барих гэж буй төслийг эсэргүүцэж өнөөдөр /2020.04.30/ эсэргүүцэл зарлаж байна. Тухайн жагсаалын тухай манай редакцид утсаар мэдээлэл өгсөн иргэн хэлэхдээ: “68-р сургуулийн урд талд Гангар Инвест” ХХК нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, түргэн болон галын машиныг хүртэл оруулахгүй байна. Үүнийг эсэргүүцэж иргэд жагсаж байна” хэмээсэн юм.

Бид энэ тухай “Гангар Инвест” ХХК-ийн менежер Л.Бат-Амгалантай холбогдож үүсээд буй нөхцөл байдлын тухай тодруулахад:

“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн зураг төслийн хүрээнд уг байршлын баруун талын замыг түр хаасан. Учир нь хоёр иргэн энэхүү дахин төлөвлөлтийг эсэргүүцэж, газраа нэг байр бус нэлээд олон байраар солих хүсэлт тавиад байна. Зам хааж, иргэдийн хөдөлгөөнийг хорьсон зүйл бол байхгүй. Иргэд болон тээврийн хэрэгсэл зүүн талын замаар явах бүрэн боломжтой байгаа” хэмээх тайлбарыг өглөө.

Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах болоод гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслүүд дээр анхаарч ажиллаж буй. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 20-ныг хүртэл төсөл хэрэгжүүлэгч нэгжийг сонгон шалгаруулалтыг зарласан билээ. Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 2, Чингэлтэй дүүрэгт 2 гээд нийт 13 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт явагдах аж. Үүний хүрээнд “Гангар Инвест” ХХК нь Баянзүрх дүүрэг, Улаанхуарангийн VIII хороо 68-р сургуулийн урд талын замд “Шинэ Амгалан” төслийг эхлүүлээд байгаа аж.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button