Автомашины сольсон тос хаачдаг вэ?

Урин дулааны цагтай зэрэгцэн гарт баригдаж нүдэнд харагдахгүй ч утаатай эн зэрэгцэх хор хөнөөл бүхий хөрсний бохирдол биднийг бүрхсээр. Улаанбаатар хотын хөрс химийн хортой бодисоор бохирлогдсон. Үүнд хамгийн ихээр нөлөөлөх хүчин зүйлд утаа, авто үйлчилгээний газруудын хаягдал, саарал ус, гэр хорооллын орчмын хөрс органик бохирдол буюу ахуйн хог, нүхэн жорлон, угаадас, ялгадас гэх мэт хүчин зүйлс бий.
-ХӨРСНИЙ БОХИРДЛЫН ХАМГИЙН ТОМ ХҮЧИН ЗҮЙЛИЙН НЭГ НЬ АВТОМАШИНЫ ТОС МАСЛО-
Үүнээс нэг жишээг авч үзье. Бид жилдээ нэгээс хоёр удаа автомашиныхаа тосыг сольдог. Харин уг хаягдал тос хаана устгалд ордог тодорхойгүй. Ямартай ч Улаанбаатар хотод устгадаг нь үнэн бөгөөд боловсруулдаг газар байхгүй учраас ойр хавийнхаа хөрсөнд шингээж байгаа. Иймээс автомашины тос масло хөрсөнд үзүүлж буй бохирдлыг тооцож үзье.

Монгол Улс 2018 онд 940,327 тээврийн хэрэгсэлтэй байсан бөгөөд үүний 847,414 нь автомашин байна. Нийт автомашины 496,720 нь буюу 59 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Ингээд үзэхээр бид жилд машиныхаа тос маслыг жилдээ хоёр удаа сольдог. Нэг машинаас хамгийн багадаа 3-5 л тос гарна. Тэгвэл нэг автомашинаас жилдээ хоёр удаа багаар бодоход дөрвөн литр бохирдсон тос гарах нь.
Сайнаар бодоход хаягдал тосыг цуглуулж байгаад аль нэг хог хаягдлын цэгт асгадаг байж болох юм. Манай улсад тосыг дахин боловсруулдаг үйлдвэр байдаггүй учир хөрснөөс өөр сонголт үлдсэнгүй. Ер нь энэ асуудалд хяналт ч, стандарт ч байхгүй.
-СААРАЛ УС БУЮУ БОХИРДСОН УСАНД АГУУЛАГДАХ ХИМИЙН БОДИСООР БИД АМЬСГАЛДАГ-
Дээрээс нь арьс ширний үйлдвэрүүд цэвэрлэгээндээ химийн бодис ашигладаг. Орон сууцны хорооллоос гарч буй саарал ус химийн бодисоор дүүрэн байдаг. Эдгээр бохир цэвэрлэх байгууламж дээр очиж ялгагдан эргээд бидний ундны ус руу ордог. Мөн бид бүгд хөрсөөр тэжээгдэж, амьсгалдаг.
Бидний өдөр бүр хэрэглэдэг мах, сүү, ногоо бүгд л хөрсний хамааралтай. Мөн хаврын улиралд түлээ нүүрс борлуулах цэгүүдэд хагалсан нүүрсний бохирдол хөрсөнд шингэж бас нэгэн бохирдлыг үүсгэж байгаа юм. Иймээс бид энэ талаар эргэн сурвалжлах болно.
Ж.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.