"Хэргийн бодит мэдээллийг интернэт ашиглан дурын газраас авах боломжтой”

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн мэдээллийг иргэдэд хүргэх e-justice.mn портал сайт нээгдлээ.
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2015 оны долоодугаар сарын 8- ны өдөр 23 дугаартай “Шүүх, хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн цахим нэгдсэн сүлжээ байгуулах тухай” тогтоол гарсан.
Тогтоолын хэрэгжилтийг хангахаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтнууд болон мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Дээрх байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд холбох харилцан мэдээлэл солилцох боломжийг бий болгож, мэдээллийн сан үүсгэх ажлыг “Цахим нэгтгэл" төслийн баг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл хамтран хийж гүйцэтгээд байна.
Энэхүү мэдээллийн санд Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, Улсын бүртгэлийн газрын иргэний мэдээллийн сан, Үндэсний дата төвийн системүүд холбогдон эрүүгийн хэргийн болон бусад мэдээллийг харилцан солилцож байна.
Мөн ажлын хэсэг болон төслийн багаас санаачлан иргэдэд зориулсан e-justice.mn сайтыг гаргаад байгаа юм. Улсын Ерөнхий прокурорын газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны мэргэжилтнүүд хуулийн байгууллагын мэдээллийн санд суурилан мөрдөх байгууллагад гомдол гаргасан иргэн гомдол шалгах явц шийдвэрлэлтийн мэдээллийг, гэмт хэргийн улмаас хохирсон иргэн болон гэмт хэрэгт холбогдсон иргэн өөрт хамааралтай хэргийн бодит мэдээллийг интернэт ашиглан дурын газраас авах боломжийг бүрдүүлсэн e-justice.mn системд 2017 онooc хойш эрүүгийн хэргийн мэдээллүүд багтсан байна.
Иргэд энэхүү системд хандахдаа төрийн үйлчилгээний танилт, нэвтрэлтийн “ДАН” нэгдсэн системээр дамжиж, өөрийн нэр дээр байгаа үүрэн телефоны утасны дугаараар нэг удаагийн нэвтрэх нууц үг хүлээн авч түүгээрээ холбогдох юм. Энэхүү системээр дамжуулаад иргэд өөрт хамааралтай хэргийн талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь авахаас гадна хуулийн байгууллагын ажил иргэдэд ил тод, нээлттэй болох ач холбогдолтой юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.