СЕХ: Монгол Улс найм дахь удаагийн парламентын сонгуулиа амжилттай зохион байгууллаа

Өнөөдөр /2020.06.24/ 07.00 цагт эхэлсэн УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 22.00 цагт дуусаж, хэсгийн хороодын санал урьдчилсан байдлаар нэгтгэгдлээ.
Үүний дараа СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сэтгүүлчдэд хандан дараах мэдээллийг хийлээ:
“Монгол Улс найм дахь удаагийн парламентын сонгуулиа амжилттай зохион байгууллаа. Энэ жил бороо хур элбэгтэй, цаг уурын хүндрэл бэрхшээл элбэгтэй сонгууль тохиолоо.
Иймд орон нутаг дахь зарим хэсгийн хороод үер, аянгад автсан. Тэдний саналыг авахын тулд ОБЕГ-аас чамгүй туслалцаа үзүүлж буйг үүнд онцлох хэрэгтэй. Зарим хэсгийн хороодын саналыг 100 гаруй км зам явж, гол ус гаталж байж бидэнд хүргэх шаардлагатай болж байна.
-1000 ОРЧИМ ХЭСГИЙН ХОРООД ДЭЭР ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙНЭ-
Одоогоор нийт 29 тойргоос 15 тойргийнх нь мэдээ 100 хувь нэгтгэгдэж дууссан. Харин үлдсэн 14-ийнх нь хувьд дээр дурдсан шалтгаанаар, зарим хэсгийн хороодынх нь санал хүлээгдэж байна.
Одоо хяналтын тооллого хийгдэх хэсгийн хороодыг сонгож, тооллого хийх ажил руугаа ороод байна. Ер 1000 орчим хэсгийн хороод дээр хяналтын тооллого хийхээр байна. Энэ бол саналын хуудсуудыг хар машинаас гаргаж, гараар тоолон тулгадаг тооллого тул удна. Маргааш өглөө гэхэд эцсийн дүн мэдээг гаргаж танилцуулна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.