НИЙГЭМЭРҮҮЛ МЭНДЯрилцлага

ҮЛГЭР ЖИШЭЭ СӨХ: Хогоо ангилж, хаяж хэвшсэн “Хийморь” хотхоныхон

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах 350 өрхийн 1200 гаруй оршин суугчидтай “Хийморь” хотхон нь дөрвөн блоктой бөгөөд эхний байр 2009 онд, дараагийн байр 2014 онд ашиглалтад орж байжээ. Бид оршин суугчдынх нь хүсэлтээр тус хотхоны СӨХ-ны захирал  Г.Аззаяатай цахимаар холбогдож ярилцсан юм.

Түүний хувьд 2015 онд байрныхаа СӨХ-ын захирлаар томилогдож, өнөөдрийг хүртэл амжилттай, басхүү бусад байрны СӨХ, оршин суугчдыг  үлгэрлэн идэвх санаачлагатай ажиллаж байна. Өдгөө хотхоны оршин суугчдын 80 гаруй хувь нь СӨХ-ынхөө дэмжлэгтэйгээр хогоо тогтмол ангилж  хаядаг болсон бөгөөд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эдгээр өдрүүдэд цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалтыг сайжруулан, уртасгасан цагаар бүрэлдэхүүнээрээ хөдөлмөрлөж байна.

-ТӨРӨӨД 5 САР БОЛСНЫ ДАРАА СӨХ-НЫ ЗАХИРЛААР ТОМИЛОГДОН АЖИЛЛАЖ БАЙЛАА-

-Сайн байна уу. Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч ярилцаж буйд баярлалаа. Яриагаа эхлэхийн өмнө та бидэнд өөрийгөө танилцуулаач?

-Намайг Галбадрахын Аззаяа гэдэг. Миний хувьд бага насны олон хүүхэдтэй хотхоныхоо оршин суугчдын нэг, нөгөөтэйгүүр хотхоныхоо СӨХ-ны захирлын албыг хашдаг.

-Хэзээнээс эхлэн СӨХ-ны захирал болов. Хажуугаар нь өөр ажил, бизнес эрхэлдэг үү?

-Өөр ажил эрхэлдэггүй ээ. Хүүхдүүдээ өсгөхийн сацуу 2015 оны зургаадугаар сараас хойш "Хийморь” хотхоны СӨХ-ны захирлаар ажиллаж байна. Анхандаа түр зуур л энэ албыг орлохоор томилогдож байсан юм. Яагаад вэ гэхээр уг барилгыг барьсан компани нь СӨХ-г хариуцаж ажиллуулах хугацаанд өрөнд баригдаж, ажлаа орхиж явснаас байрны засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хаягдаж, оршин суугчдад хүндрэлтэй болсон. Ингээд тухайн үед оршин суугчид ярилцаад “Дотроосоо түр нэг хүн ажиллуулъя. Дараа нь өөр хүн олъё” гээд намайг түр ажиллуулах болсноор ажилдаа орж байлаа. Би тухайн үед төрөөд удаагүй, хүүхэд маань 5 сар орчимтой байсан. Одоо ч нялх хүүхэдтэй учир хүүхдүүдээ асрахын хажуугаар ажлаа амжуулдаг юм.

-Барилга барьсан компани нь өрөнд ороод, ажлаа хаяад явсан гэлээ. Анх СӨХ-өө хүлээж авахад ямар асуудалтай байсан бэ?

-Барилгын компани СӨХ-өө авч явах хугацаандаа хаяж явснаас хотхон 14 хоног орчим эзгүйрч, орон сууц хогондоо баригдаад эхэлсэн. Ингээд эрхгүй гаднаас хүн авчирч СӨХ-ны даргаар томилсон юм. Тухайн хүн хоёр жил гаруй хугацаанд СӨХ-г удирдах хугацаанд байр орон сууцны засвар, цэвэрлэгээг сайн хийдэггүй байсан. Дээр нь байрны сантехник, шугам нь цоорч хүнд байдалд орсон. Мөн СӨХ өөрөө 33 сая төгрөгийн өрөнд орчихсон байсан л даа. Ингээд оршин суугчид ярилцаад, миний хувьд ч гэсэн өөрийн амьдарч буй байраа сайхан болгоё гэж бодоод ажиллаж эхэлсэн.

-СӨХ-д ажиллая гэхэд нь гэр бүлийн хүн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай хүн хууль, эрх зүйч мэргэжилтэй хүн л дээ. Анх СӨХ-д ажиллая гэхэд дургүйцэж байсан. Ингээд ажлаа аваад 14 хоног орчим болсны дараа нэг өдөр нөхөр маань автобусны буудлаас гэр рүүгээ алхаж явахдаа байрны гадаах орчин, орц, шат цэвэрхэн болсныг анзаараад “Цэвэрхэн орц, байранд амьдрах чинь их тухтай сайхан байдаг юм байна. Хэрвээ чи минь хүсэж байгаа бол хийгээд үз дээ” гэж хэлж байлаа. Одоо бол миний ажлыг дэмжиж их урам өгдөг болсон шүү.

-ЗАРЫН ДАГУУ ИРЖ УУЛЗАЖ БУЙ ИРГЭДИЙН ИХЭНХ НЬ АРХИНЫ ХАМААРАЛТАЙ, АЖЛЫН ЧАДАМЖ МУУ БАЙДАГ НЬ ХАРАМСАЛ ТӨРҮҮЛДЭГ-

-СӨХ-ны бүрэлдэхүүнд хэчнээн хүн ажилладаг вэ?

-Өмнө нь 10 гаруй ажилтантай байсан. Харин одоо бол надтай нийлээд гэрээтэй 8 ажилтан ажилладаг.

-Ажилчдын дундаж цалин хэд вэ?

-Үйлчлэгчид 650.000 төгрөг, Харуулын нэг гараа нь 45.000 төгрөг гээд 24/48 хувиараар ажилладаг. Ажилчид бүгд НДШ-т хамрагддаг.

-Ажиллах цагийн хувиар нь ямар байдаг вэ?

-Харуулууд 24 амраад 48 цаг ажиллана. Харин гэрээт лифтчингийн хувьд зөвхөн асуудал доголдол гарсан үед л дуудлагаар ирж ажиллах хувиартай. Үйлчлэгчдийн хувьд орон нутгийн харъяатай иргэд байрлаж ажиллаж байгаа.

-Байрны жижүүр, үйлчлэгчид удаан тогтдоггүй гэдэг. Танай байрны хувьд ажилчид хэр тогтвор суурьшилтай ажилладаг вэ?

-Яах вэ гайгүй сайн ажилчдаа мэдээж тогтоогоод аль болох л удаан хамтарч ажиллахыг хүсдэг. Манайд 3 жил гаруй ажилласан ажилчид байсан. Сайн ажилчид хувийн шалтгааны улмаас гарахад дараагийн ажилчныг олоход хүндрэлтэй. Зургаан сар орчим шаардах нь ч бий.

Зарын дагуу ирж уулзаж буй иргэдийн ихэнх нь архины хамааралтай, ажлын чадамж муу байдаг нь харамсал төрүүлдэг. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу хамаарахгүй архинд нэрвэгдсэн байгаа нь ажиглагдсан. Сарын эхний цалингаа авсан өдрөө архи уугаад хэд хоног алга болох жишээтэй. Тийм хүмүүстэй ажиллахад бэрх. Мэдээж дандаа муу хүн таарна гэж юу байх вэ. Сайхан, хөдөлмөрч хүмүүс ч мөн ирдэг.

-Тэгэхээр СӨХ-ны үйл ажиллагааг хариуцаад явахад хүний нөөцийн асуудал тулгамддаг байх нь?

-Тийм шүү. Ерөөсөө л хамгийн том асуудал нь хүний нөөц юм. Хүнийг гадаад үзэмжээр хараад дүгнэх боломжгүй. Цаашлаад сайн хүмүүс нь үйлчлэгчээр тогтвортой ажиллахыг хүсэхгүй. Тэрийг нь буруутгах аргагүй. Мэдээж илүү сайхан, өндөр цалинтай ажил гараад ирвэл тэндээ л ажиллахыг хүснэ шүү дээ. Дан ганц манай СӨХ ч бус бусад нь ч гэсэн ижил бэрхшээлтэй байдаг байх. Гэхдээ манайх бас харьцангуй өөр л дөө. Ажилчдын НДШ-ийг тогтмол тушааж, цалингаа яг хугацаанд нь тавьдаг. Ажил үүргийн хувиар нь ч тодорхой. Үр ашиггүй 8 цаг ажиллах бус ашигтай 4-5 цаг ажиллахыг илүүд үздэг. Тиймээс дэмий цаг нөгцөөх бус цаг хугацаатай уралдаж, үр ашигтай ажиллаад бусад цагтаа амарч байхыг зөвлөдөг.

-ОРШИН СУУГЧИД ХОГОО ЗҮГЭЭР ГАРГААД ХАЯХ БУС, БҮГД ЯЛГАЖ ХАЯДАГ-

-СӨХ нь сайн ажилладаг байрны хувьд оршин суугчид нь ч дагаад томоожсон харагддаг л даа. Орцондоо хогоо хаяхгүй, тамхи татахгүй гэх мэт...

-Манай байрны оршин суугчид хамаагүй дэгтэй шүү. Хаа хамаагүй орц, шатанд хогоо хаядаггүй. Зүгээр хаях нь бүү хэл оршин суугчид бүгд хогоо ялгаж хаядаг. Дахивар хогийг тусад нь ялгадаг гэх үү дээ. Цаасан хайрцаг, сүүний сав, цаас, мөн шил лааз, хуванцрыг ангилж хаядаг. Ингээд дахин ашиглагдахгүй хогоо машинд ачуулж, дахивар хогоо дахин боловсруулах цэгт тушаадаг. Хэрэв нэг л оршин суугч хогоо ангилаагүй хаясан бол манаач нь тэр дор нь очоод ангилаагүй хог руу нэгтгэдэг. Эс бөгөөс бусад оршин суугчид хогоо дагаж хаях үр дагавартай.

-Оршин суугчдын хэд орчим хувь нь хогоо ангилж хаядаг вэ?

-За ер нь 80 гаруй хувь нь ангилдаг шүү. Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай. Учир нь оршин суугчид хамтын ажиллагаа сайтай, маш идэвхтэй ажилладаг. Орчин тойрныхоо зүйлсийг нийтийн өмч бус миний амьдардаг газар гээд хараад эхэлсэн цагт л байр нь цэвэрхэн, оршин суугчид нь эвтэй амьдарч эхэлдэг гэж боддог. Миний хувьд ч гэсэн “Хогоо ангилж хаях”-ыг маш их дэмждэг. Тиймээс “Хоггүй Улаанбаатар”, “Хогоо ангилан хаяъя” зэрэг аян, уриалгад нэгдэж, сайн дураараа сургалт семиналт сууж, түүнийгээ оршин суугчиддаа уриалаад хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна.

-Өрх бүртэйгээ уялдаа холбоотой ажилладаг уу. Байнгын оршин суугчид болон түрээсийн айлуудаа ялгаж мэдэх үү үү?

-Мэдэлгүй яах вэ. Манайх оршин суугчдын группдээ бүхий л асуудлаа хамтдаа хэлэлцдэг. Мөн өрх бүрээс тогтмол судалгаа авдаг. Хотхоны 15 хувь орчим нь түрээсийн айлууд эзэлдэг. Мэдээж тэглээ гээд буруутгах аргагүй. Тэдний ихэнх нь л байр сууцаа томруулах явцад түр байрлаж буй гэр бүлүүд байдаг.

-Цар тахалтай холбоотойгоор иргэд СӨХ-ийн төлбөрөө төлөх чадамж буурсан уу?

-Манай хотхоны хувьд цар тахлын хямрал одоогоор мэдрэгдээгүй байна. Оршин суугчдын 80-85 хувь нь төлбөрөө тогтмол хугацаанд нь төлдөг.10-15 хувь нь хугацаа хоцорсон ч төлдөг. Үлдсэн 5 орчим хувь нь асуудалтай ч, нэхүүлээд ч болов өгдөг. СӨХ-ны ажлыг ойлгодог учир төдий хэрээр дэмжиж, хамтарч ажилладагт нь оршин суугчдадаа баярладаг.

-Ихэнх иргэд харахдаа СӨХ-г оршин суугчдын мөнгийг дээгүүрээ идээд уучихдаг гэж хараад байдаг шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. СӨХ-ны төлбөрөө цаг тухайд нь тушааж л байгаа бол эргээд төлбөрийн задаргаа, тайланг нэхэх нь байх ёстой л асуудал. Нэг иргэний мөнгө бус олон иргэний мөнгө учир хийсэн ажлаа бодитоор тайлагнаад, ил тод байлгахыг хүсдэг. Мэдээж СӨХ-д оршин суугчдаас ирэх хүсэлт тасардаггүй. Тэр бүхнийг шат дараатайгаар боломжоороо шийдээд явахыг хичээдэг л дээ. Олон оршин суугчдын асуудлыг СӨХ-ны цөөхөн ажилчид боломжоороо аль болох шуурхай хийгээд явахыг л хичээдэг юм. Ингээд дэлгэрэнгүй тайлангаа улирал тутам оршин суугчдад тайлагнаад явдаг.

-СӨХ-НЫ АЖИЛ ЦАГ НАРГҮЙ Ч, ИРГЭДЭД ТӨДИЙЛӨН ҮНЭЛЭГДДЭГГҮЙ-

-Цар тахалтай холбоотойгоор ажилчдын цагийн хувиар, үүрэгт өөрчлөлт орсон уу.

-Жирийн өдрүүдээсээ илүү ачаалалтай ажиллаж байгаа. Ариутгал, халдваргүйжүүлэлт, орчны цэвэрлэгээнд голчлон анхаарч ажиллаж байна. Нэг байранд өдөрт 2-3 удаа бүх айлын хаалганы бариул, үүдний гишгүүрийг ариутгаж, шал болон агаарт тоосонцор үүсгэх замаар ариутгал хийж байгаа. Мөн шатны бариул, лифтний цэвэрлэгээнд анхаарч байна. Бидний ажил цар наргүй ч, иргэдэд төдийлөн үнэлэгддэггүй ажлын нэг л дээ. Аль болох халдвар хамгааллын дэглэмийг нягт мөрдөж, аль байдгаараа л хичээж ажиллаж байна даа.

-СӨХ-ны ажилчдаа хувцас, хамгаалах хэрэгслээр хангасан уу?

-Ажилчид дээгүүрээ ажлын хувцсаар жигдэрсэн. Мөн бээлий, амны хаалтаар хангаж байгаа. Илүү цагаар ажиллах шаардлагатай үед хоолны мөнгийг нь ч болов нэмэлтээр өгөхийг хичээж байна. Мэдээж хүний хөдөлмөрийг аль болох үнэлээд л ажиллуулахыг хичээнэ. Бүр айхтар битүү хувцас хэрэглэлээр бол хангаагүй.

-Өнгөрөгч 5 жилийн хугацаанд СӨХ-ны захирлаар томилогдоод хийсэн ажлуудаасаа хуваалцаач?

-Нэг бүрчлэн дурдвал дуусахгүй болов уу. Хамгийн эхэнд дөрвөн байрны бүхий л ил, далд шугам хоолойг сольсон. Мөн хүүхдийн тоглоомын талбайг тохижуулж, жижиг сажиг засваруудыг хийсэн. Хамгийн чухал нь оршин суугчдыг хогоо ангилан хаях зуршил бий болгосондоо баяртай байдаг. Мөн дээр дурдсан 33 сая төгрөгийн өрийг хуримтлалаараа дарж дуусгасан.

-Цаашид хийхээр төлөвлөж буй ажлаасаа хуваалцаач?

-Байлгүй яах вэ. СӨХ-ны ажил дуусдаггүй шүү. Засвар үйлчилгээгээс эхлүүлээд хүүхдийн тоглоомын талбайгаа засаж дуусгах, мөн хог ангилалтаа илүү боловсронгуй болгохыг зорино. Мөн барилгаас хөрсний ус гарч буй асуудлыг шийдэх зэргээр шийдэх асуудлууд их байгаа.

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-11 08:38

Сумьяабазар аа энэ СӨХ-ийн даргын хийж байгаа ажлаас сур�##�цаарай.

Zochin
Zochin
2020-12-11 20:17

Sain ajilladag SOH baihad mungunii toloo ulairan shunahai setgeltei tailangaa il tavidaggui mungu idej ur huuheddee bair avch ugch bayjsan SOH baisaar baina. Ymarch hyanalt baihgui ted bayjsaar baidag ni nuuts bish.

eej
eej
2020-12-14 15:27

mundag huuuhen bn.nuguu ail burdee 200.0-400.0g taraasan SUHiin dargatai turshlagaa solilcoj ajilbal bur ok bn

зочин
зочин
2020-12-14 19:34

энэ сэтхүйг оронсууцныханд хэвшүүлцгээе солонгосд цэцэг түүдэг бсан гаруудаар сөхийн захир�##� тавь тэд 500% чадна

Холбоотой мэдээ

Back to top button